Хувцасыг угаахгүйгээр хэдэн удаа өмсөх нь мэргэжлийн зөвлөгөө гэхээсээ илүү тухайн ардын ёс жаяг, хувь хүний хүмүүжилд тулгуурласан мэт санагддаг.
TikTok хэрэглэгч Allison Delperdang нэгдүгээр сарын 10-ны өдөр ижил унтлагын хувцсыг олон удаа өмсдөг тухай бичлэгээ нийтэлснээр интернетэд ширүүн мэтгэлцээн өрнүүлжээ.
"Намайг бага байхад эцэг эх маань бидний унтлагын хувцсыг угаалгүй өмсгөчихдөг байсан... бохир биш байсан учраас олон шөнө дараалан өмсдөг байсан, би насанд хүрсэн ч энэ л дадал зуршлаараа байгаа" гэж тэр бичээд "Насанд хүрэгчдээс асуумаар байна. Би л ганцаараа нэг хувцасаа олон хоног өмсөөд байна уу эсвэл том болчихоор хүмүүс ингэхээ больчихдог юм уу?" гэжээ.
Хариулт нь унтлагын хувцас болон бусад хувцасны тухайд техникийн хувьд хөлсний түвшин, амьдралын хэв маяг гэх мэт хувийн шинж чанарууд хэдэн удаа эсвэл хэзээ угаахад нь нөлөөлөх боловч олон хүмүүсийн хувьд илүү хийсвэр хүчин зүйлүүд хувцсаа угаахад нөлөөлж болно гэж шинжээчид үзэж байна.
Хувцасны эрүүл ахуйн талаарх бидний итгэл үнэмшил нь ихэвчлэн "нийгэм, соёлын" байдаг гэж Нью-Йорк хотын Мемориал Слоан Кеттеринг хавдрын төвийн арьсны эмчийн туслах, Америкийн Арьс судлалын академийн гишүүн доктор Энтони Росси хэлэв.
Тэрээр "Хүмүүс өөрсдийгөө хэт их угааж, эрүүл ахуйг хэтрүүлэн сахих хандлагатай байдаг, учир нь ялангуяа Америкт бид энэ бүх зүйлийг байнга хийж чаддаг. Тансаг байдаг" гэв.
Лондоны Вестминстерийн их сургуулийн анагаахын микробиологийн ахлах багш Манал Мохаммед хэлэхдээ, Ижил хувцсаа, ялангуяа дараалсан өдрүүдэд дахин өмсөх нь "шийдвэрийн ядаргаа гарахаас зайлсхийлгэх тул өглөө бүр өнөөх л хувцсаа бариад авчих нь стресс багатай байдаг" гэжээ.
Хувцсаа хэзээ угаахаа мэдэхгүй байх нь хоёр талт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Хувцсаа хэт олон хонож угаах нь арьсны асуудал, халдварт өртөхөд хүргэдэг бөгөөд хэт олон удаа угаах нь таны хувцасыг гэмтээж болзошгүй юм. Сүүлийнх нь шаардлагагүй угаалга, нөөцийг үрэн таран хийхэд хүргэдэг.
Хувцасыг яг хэдэн удаа өмсөж болох талаар хатуу дүрэм байдаггүй ч дотуур хувцас, оймс, трико зэрэг өмсөх болгоныхоо дараа угааж байх ёстой хэд хэдэн төрлийн хувцас байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү зөвлөгөө нь толбо, хөлс, үнэртэй эсвэл харагдахуйц шороотой бусад хувцаснуудад ч хамаатай гэж Мохаммед хэлэв.
Эдгээр төрлийн хувцаснууд нь "биеийн бичил биет, (мөөгөнцөр) болон бактери зэрэг бидний биед амьдардаг маш олон байгалийн бактери агуулсан биеийн хэсгүүдтэй хамаатай гэсэн үг. Бид өдөр тутмын амьдралаасаа хөлөрч байна. Энэ нь чийгийг бий болгож, бактери хэт үржих орчинг бүрдүүлдэг" гэлээ.
Мөн тэрээр "Бактерийн хэт өсөлт нь халдвар, мөөгөнцөр болон бусад арьсны асуудалд хүргэдэг" гэж нэмж хэлэв.
Хөлсөөр ялгарах нянгаас гадна биеийн тамирын заал эсвэл спортын орчинд өмссөн хувцас нь алтлаг стафилококк зэрэг нянтай холбогдож, олон нийтийн болон эмнэлгийн орчинд түгээмэл халдвар үүсгэдэг. Эдгээр халдвар нь дотоод эд эс эсвэл цусны урсгал руу орвол ноцтой болно.
Зарим хүмүүс дасгалын хувцсаа агаарт эсвэл хатаагчаар хатаачихвал маргааш нь дахин өмсөхөд аюулгүй болчихно гэж боддог. Үнэндээ энэ хандлага нь байдлыг улам дордуулж байна гэж Росси хэлэв.
Тэрээр “Тэднийг ариутгахад хангалттай халуун л биш бол халуун нь бактерийг үржүүлнэ. Энэ тохиолдолд үнэхээр саван, усаар (танд хэрэгтэй), халуун усаар угаах явдал юм. Учир нь энэ нь шороо, тослогийг сулруулж, бактерийг арилгахад туслах болно" гэлээ.
Оймсыг угаахгүйгээр яагаад дахин өмсөж болохгүй вэ гэхээр "хөл, хөлийн хуруунд мөөгөнцөр ихэсч байна" гэж Нью-Йорк хот дахь Schweiger Арьс судлалын группын эмнэлгийн захирал, клиникийн багш, арьсны эмч Доктор Жереми Фентон хэлэв.
Тэрээр “Дулаан, чийглэг, харанхуйд буюу гутлын дотор мөөгөнцөр үржих хамгийн тохиромжтой орчин байдаг.. Ийм учраас та гутлаа сард ядаж нэг удаа угаах хэрэгтэй" гэж зөвлөв.
А.Долгор