Монголыг Азидаа ардчиллын загвар улс гэж хөөргөдөг. Энэ үүднээс харвал ардчиллын 30 жилийн түүхтэй улсын хувьд бид бусдадаа загвар болохоос гадна араасаа дагуулах хэмжээний хөгжил дэвшилтэй болчихсон байх ёстой. Гэтэл энэ олон жил өнгөрөхөд ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэхэд нэмэр болох олигтой хууль боловсорсонгүй, тушаал шийдвэр ч гарсангүй. АН-ын үед ч тэр, МАН-ын үед ч тэр нэг нь нөгөөгөөсөө дээрдсэнгүй явсаар Монгол дахь ардчиллын гэрэл өнөөдөр улам л бүүдийсээр байгааг бид харж байна. Өнөөдөр Монголын хүн амын 30 орчим хувь нэн ядуу, энэ хэмжээний хүн ам нэн ядуу ангилалд ороход бэлэн болчихсон талаар мэдээлж байгаа. Чинээлэг дундаж давхаргагүй, дийлэнх нь ядуу, багахан хэсэг нь баян гэсэн ангилалд багтах хэмжээнд бодитоор хүрвэл бид дахин ардчиллын талаар ярих ч хэрэггүй болно. Учир нь ард түмэн ажил орлого, өмч хөрөнгөтэй байж л эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг мэдэрч ойлгодог, түүнийхээ төлөө тэмцдэг. Харин ядууст бол алдах зүйл байдаггүй учраас тэд мөнгө өгсөн хүнийг л сонгодог.
Ардчиллын загвар улс гэгддэг Монголд ардчилал ийм байдалтай байхад 30 жил Н.Назарбаевын удирдлага дор коммунист дэглэмтэй байсан Казахстан улсын шинэ ерөнхийлөгч К.Токаев сүүлийн хоёр гурван жилийн дотор гайхалтай сайн өөрчлөлтүүдийг хийж байна. Гучин жилийн түүхтэй Монголын ардчилал гурван жилийн түүхтэй Казахстаны ардчиллаас хол хоцорч эхэллээ.
2019 онд Казахстаны ерөнхийлөгч болсон К.Токаев энэ богино хугацаанд нийгмийн амьдралын олон салбарыг хамарсан шинэчлэлийг эхлүүлж байна. Ажиглагчид түүнийг улс орноо зөв зүгт залж байна хэмээн үнэлсэн байх юм. К.Токаев энэ богино хугацаанд ямар ямар өөрчлөлт хийв гэдгийг анзаарч нэг харъя.
Токаевын шинэчлэлийн зорилго нь улс орондоо ардчиллыг бий болгох. Үүний тулд тэрбээр Казахстаны улс төрийн тогтолцоог өөрчлөх алхмуудыг хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан нь түүний шинэчлэлийнх нь хамгийн чухал алхам болж байна.
Тухайлбал:
-Супер ерөнхийлөгчийн засаглалын загвараас эрх мэдлээ шилжүүлэх замаар парламентын үүргийг бэхжүүлнэ.
-Тусгаар тогтносон Казахстан улсыг үндэслэгч хэмээх анхны ерөнхийлөгчийн статусын тухай заалтуудыг Үндсэн хуулиас хасах,
-Ерөнхийлөгчийн хамаатан, ойр дотны хүмүүс улс төрийн албан тушаал болон төрийн оролцоотой салбаруудад удирдах албан тушаал хаших эрхгүй гэсэн шинэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгчээ. Мөн цаазын ялыг халсан зэрэг маш том өөрчлөлтүүдийг зоригтой хийсэн байна. Токаевын хийж буй ардчилсан шинэчлэл нь Казахстанд хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийн хөгжлийг цоо шинэ түвшинд гаргах боломжийг олгох нь тодорхой юм.
Казахстанд өдгөө ийм өөрчлөлтүүд үргэлжилж байна. Иргэд нь хүссэн үедээ жагсаал цуглаан хийж, төр нь тэднийгээ хүндэтгэн сонсохыг хичээж эхэлжээ. Гэтэл Монголд юу болж байна вэ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуусыг баривчлан хорьж байна. Шүүхээр яллаж байна. Цахим орчинд ч үг хэлэхээсээ хүмүүс айж эхэлж. Учир нь хэн хурц дуугарч, хэн эрх баригчдыг шүүмжилж байна түүнд цагдаагийн зарлан дуудах ирж, илт болон илт бусаар зоригийг нь мохоох ямар нэгэн үйлдлийг тасралтгүй хийж байна.
Казахстанд ах дүү, амраг саднаараа сүлбэлдэн төрийн эрх барьж байсан тогтолцоог нураан, ингэж болохгүй хэмээн Үндсэн хуулиндаа суулгаж өгч байхад манай дарга нар зөвхөн ах дүү, танил талаа генерал болгон, хамаг л эрх мэдэл, албан тушаалыг өгч байх жишээтэй. Даргын хүүхэд, даргын эхнэр, нөхөр, ах дүү, ангийн хүүхдүүд л албан тушаалд очиж, энэ нь үе дамжин дархлагдах хандлагатай болоод хэвшиж тогтох нь.
Манай улстөрчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг л тусгахыг хичээдэг. Хар л даа, дөнгөж сая Үндсэн хуулиа өөрчлөөд “давхар дээл”-тэй болж санаа нь амраад сууж байгаа. Гэтэл улс орноо боддог, арай холыг хардаг удирдагч бол улс оронд нь дахин нэг дарангуйлагч гарч ирэхээс болгоомжилж, удирдаж байдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Ерөнхийлөгчийн засаглал, эрх мэдэл хэт нэг хүн дээр төвлөрөхөөр улс орноо хэрхэн уруудуулж болдгийг биеэрээ мэдэрсэн Казахстаны ард түмэн парламентаа бэхжүүлэхээр чармайж байна.
Гучин жилийн хугацаанд Монголд хэн ч Токаев шиг шийдвэр гаргаж чадсангүй. Хэн ч холыг харсан, дорвитой өөрчлөлт хийсэнгүй, хийхийг ч хичээсэнгүй. Улстөрчид улс орноо бодохоосоо илүүтэй зөвхөн амин хувиа хоохойлж өдий хүрчээ.
Азийн ардчиллын загвар хэмээн хөөрцөглөдөг, 30 жилийн түүхтэй Монголын ардчилал гуравхан жилийн дотор Казахстаны ард орчихсон байна.
Эх сурвалж: Өдрийн сонин