Улаанбаатар хотын 383 жилийн ойг тохиолдуулан “Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааныг нийслэлийн есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан.
Энэ хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн, бага ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг тус тус зохион байгуулж дууслаа.
Ийнхүү гар зургийн 185, эсээ бичлэгийн 102, илтгэлийн 43 бүтээл ирсэн юм. Тэгвэл өнөөдөр гар зургийн уралдаан болон эсээ бичлэгийн уралдаанд шилдгээр шалгарсан сурагчид шагналаа гардан авлаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө сурагчдад гардуулан өгөв.
"Жендэрийн эрх тэгш байдал” сэдэвт уралдааны шагналын эзэд
Гар зургийн уралдааны шилдгүүд:
- Нэгдүгээр байранд 18 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Д.Болормаа
- Хоёрдугаар байранд 75 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч А.Дөлгөөн
- Гуравдугаар байранд “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Номинжин
Эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд:
- Нэгдүгээр байранд 51 дүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч С.Нандин-Учрал
- Хоёрдугаар байранд 57 дугаар сургуулийн долоодугаар ангийн сурагч П.Энгүүн
- Гуравдугаар байранд “Шинэ Монгол” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Г.Хаш-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.