Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газрыг хоёр хэсэгт хуваан тохижуулахаар болжээ.
Тодруулбал, А хэсэг буюу 10.2 га газрыг "Рио Тинто" компани ногоон байгууламж хэлбэрээр тохижуулах бол В хэсэг буюу 6.9 га газрыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс паркийг өргөтгөх байдлаар тохижуулах юм байна.
Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар "Бид зарчмын хүрээнд арга замуудыг эрэлхийлж, Улаанбаатар хотын зүрх болсон Хүүхдийн паркийн 10.2 га газарт ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгох ажлыг эхлүүлэхээр хууль эрх зүйн тал дээр НИТХ-аар шийдвэр гаргуулсан.
Энэ хүрээнд өнөөдөр "Рио Тинто" компанийн удирдлагууд болон Хүүхдийн паркийн төлөөлөл, нийслэл хамтран гуравласан гэрээг хийж, "Рио Тинто" компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газарт олон улсын стандартад нийцсэн тохижилт хийхээр боллоо.
Миний төсөөллөөр тус газарт Нью-Йорк хотын Централ парк шиг тохижилт үйлчилгээ хийж, хүүхэд залуучууд, иргэд чөлөөтэй орж гардаг, амарч зугаалдаг нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна.
Хүүхдийн парк 1966 онд анх байгуулагдсан цагаасаа эхлээд иргэдийн зүрхэнд үлдсэн чухал газар" хэмээн онцлон хэлсэн юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох "Рио Тинто", “Оюутолгой” төсөл улаанбаатарчуудад дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр боллоо. Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд, мөн УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж байгаагийнхаа хувиар өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. “Оюутолгой”-г Монгол Улсад оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын толь гэж хэлж болно. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байж дараагийн томоохон төслүүд хөдлөх боломж бүрдэнэ" гэлээ.