Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих төслийн нэгжээс ажлын явц болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тайлангаас танилцууллаа.
Тус УЦС-ыг барихаар 28,000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Үүний 9,800 га талбайд нь нуур үүсгэх юм.
Төслийн нэгжийн танилцуулснаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Увс аймгийн Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад сумын нутагт байгуулахаар тооцсон байна.
Нөлөөллийн бүсэд
-
Өмнөговь сумын Улиаст баг 123 км2
-
Баяннуур сумын Цэцэгт баг 104.2 км2
-
Мянгад сумын Чацаргант баг 46.2 км2
-
Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутгаас 5.5 км2 талбай орж байна.
Дээрх газар нутагт амьдарч буй иргэд, ан амьтан, ургамалд ямар нөлөө үзүүлж буйг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зөвлөх үйлчилгээний багийн ахлагч Ц.Сосорбарамаас тодрууллаа.
-Эрдэнэбүрэнгийн УЦС бол том төсөл. Гэхдээ байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж иргэд эсэргүүцсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ. Жишээлбэл, мод, ургамлын тухайд?
-Энэ хэмжээний газрыг усанд оруулж, нөлөөлөлд өртүүлж буйг хараагүй тул өөрсдийн амьдарч буй орчныг бодох нь аргагүй.
Байгалийн компонентууд буюу хөрс шороо, хадлан, бэлчээрийн ургамал бүхий газар нөлөөлөлд өртөж байгаа. Энэ нь ойролцоогоор 884 га талбай. Уг талбайн ихэнх хэсэгт бургас болон бутлаг ургамал, цөөн хэсэгт модлог ургамал бий. Үүнийг ойн болон биологийн чиглэлийн мэргэжилтнүүд нөөцийг нь тогтоосон. Нэг га газарт ойролцоогоор 2,000 тарьц байдаг гэсэн харьцаагаараа тооцсон.
Хууль журамд зааны дагуу бүгдийг нь нөхөн сэргээнэ. Хэдэн жилийн хугацаанд, хаана тарих зэргээ тооцчихсон.
-Тэгвэл амьтдын амьдрах нөхцөлд сөрөг нөлөө учрах уу?
-Тухайн бүсэд 61 зүйлийн амьтан бүртгэгдсэн. Онцгой нөлөөлөл байхгүй. Учир нь уулаараа нутагладаг гол төлөв аргал, янгир, ирвэс зэрэг амьтан бий. Тэдэнд ямар ч нөлөөлөл байхгүй. Ус хүчтэй урсах хоолой нь туннель дундуур явж, доод хэсэгт нь барилга баригдана.
Нуур байгуулснаар намаг, нуга бүхий газрын амьтад, нүүдлийн шувууд улам олширно. Үзэсгэлэнтэй сайхан газар болж, амьтдад тааламжтай нөхцөл бүрдэх юм. Мөн уур амьсгал сайжирна.
-Гэхдээ нөлөөллийн талбайд өртөж буй иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр зааж өгсөн газар нь амьдрах ямар ч боломжгүй гэж байгаа. Иргэд амьдрах нөхцөлөө алдаж байгаадаа л хамгийн их бухимдаж байгаагаа илэрхийлж байна?
-Төсөл эсэргүүцэж байгаа хүмүүсийн ярьж буй зүйл. Нүүх газраа иргэд өөрсдөө сонгоно. Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэдэг хуулийн заалт бий. Сонгосон газрыг нь улсаас тохижуулж, сургууль, баг, цэцэрлэг, цахилгаан, гар утасны сүлжээ, худаг ус гээд бүгдийг нь төлөвлөсөн. Тэндээ ойрхон амьдарна гэвэл боломжит газруудыг нь зааж өгсөн. Өөр сум, хүсвэл өөр аймагт ч очиж амьдрахаар сонгож болно. Хүмүүс нь л хүлээж авахгүй байна. Бүх нөхцөлийг нь бүрдүүлчихсэн.
-Хэрвээ амьдарч байгаа газраа чөлөөлбөл хүссэн газартаа амьдрах боломж, зохион байгуулалтыг нь төр хариуцна гэж ойлгож болох уу?
-Тийм. Газрын тухай хуулийн 42.2, 42.3 дугаар заалтад нөхөн олговор олгох, газар солих зэргийг хэрхэн зохицуулах талаар заасан. Үүнд өмнөхөөс нь дордуулахгүй байх гэсэн байдаг. Хэрэв одоохондоо дордоод байвал хадлан, бэлчээрийнх нь ургамалтай тэнцүү хэмжээний өвс, хадланг өөр газраас татаж, хөнгөлөлттэй үнээр өгнө. Тэр хооронд бэлчээрийг нь сайжруулах төсөл хэрэгжинэ.
-Иргэдийн төлөөлөлтэй хэр их уулзаж, санал бодлыг сонссон бэ?
-Би Баяннуур сумын бүх айлаар орсон. Миний уулзсан айлууд хагас суурьшсан, алим жимс, ногоо тарьсан, том чулуун хашаатай гэх зэрэг айлууд бий. Тэдний нөхөн олговрын хэмжээ 100 сая дөхдөг. Гэтэл зарим айлынх нь 270 мянга болдог. Ийм байдал үүсэж байгаа учраас төрөөс үүнийг тэгшрүүлж, хүн бүрийн тоогоор 15.2 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийн 1,241 иргэн бий. Эдгээр иргэнд нэг удаагийн нөхөн олговроор 15.2 сая төгрөг олгох Засгийн газар шийдвэр 2022 оны дөрөвдүгээр сард гарсан билээ.