2022 онд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Дугуй цагаан орчмын тохижилт 90 хувьтай үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 15-н гэхэд Дугуй цагаан орчмын тохижилт дуусна. Одоогоор уг ажлын явц 90 хувь, Туул голын эрэг дагуух тохижилт 80 хувьтай байна. Бага тэнгэр орчимд 3.8 га орчимд ногоон байгууламжийг түлхүү анхаарч ажиллаж байна. Богд уулын АСЕМ орчмын тохижилтын ажил хийгдэж байгаа. Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар ажиллаж байна. Богд хааны ордон музейн гадна талбайн тохижилтыг хийж байгаа. Дүүрэг тус бүрд ногоон байгууламж хийх чиглэлтэй ажиллаж байна. Улаанбаатар хотод байрлах самбарууд орц гарцыг хаасан хашаа хайс, гараашуудыг буулгалаа. Хотхон дундах ногоон байгууламжийг тохижуулах ажлыг хийж байна.
“Рио тинто” компани Хүүхдийн паркийн 10.2 га талбайд дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж байгуулах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Миний төсөөллөөр бол New York хотын Central park шиг тохижилт үйлчилгээг хийж, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бий болгохоор хотын удирдлагууд зорьсон. Энэ хүнд хэцүү цаг үед төрийн байгууллага хувийн хэвшлийн тусламжаар энэ бүтээн байгуулалтыг хийхээр боллоо. Хүүхдийн парк бол 1966 онд байгуулагдсанаасаа хойш хүн бүрийн сэтгэлд үлдсэн чухал газар. Хүүхдийн паркт олон давхар оффисын барилга барилгүй хамгаалж ирсэн хувийн хэвшилд баярлалаа” гэв.