Тэнгис кинотеатрын хойд талд байрлах 3 дугаар байрны зүүн талын хүүхдийн тоглоомын талбайд барилга барьж буй асуудлаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмагнай мэдээлэл хийлээ.
Тэрээр "Хуулийн цоорхой ашиглаж хүүхдэд зориулсан газрыг дээрэмдэж байгаагаа зогсоо. Улаанбаатар хотод болдог нийтлэг нэг зүйл бол эрхээ хамгаалж чадаагүй хүүхдүүдийн тоглоомын талбайг дээрэмддэг. Ингэж ирээдүйг нь булаадаг.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо буюу Тэнгис кинотеатрын хойно орон сууцны хороолол дунд хүүхдийн тоглоомын талбай байсан. Анх орон сууцны барилга барихад доороо гарааш, дээрээ тоглоомын талбай хийнэ гэж төлөвлөсөн байна. Гэтэл одоо тус талбайд байшин барьсан.
Нийтийн эзэмшлийн талбай тоглоомын талбайг зориулалтын бусаар ашигласан дөрвөн тохиолдол 5 дугаар хороонд байна. Тэгэхээр Чингэлтэй дүүрэгт гээд үзэхээр хэдэн зуу, Улаанбаатарт хэдэн мянган газар болно. Энэ асуудлыг хотын удирдлагууд зогсоохгүй бол, ажлын хэсэг гарч арга хэмжээ авахгүй бол маргаашаас эхэлж асуудал болгож тавина.
Бид өнөөдөр бетон ойд амьдарч байна. Хүүхдийн эрхийг хамгаалахын тулд бид өөрсдөө тэмцэхгүй бол хэн ч оролцохгүй. Улаанбаатар хотын хаана ч бай иргэд зугаалдаг, хүүхдүүд тоглодог, байрныхаа гадаа машинаа тавьдаг талбайтай байх ёстой. Бүх хүн нийтийн эзэмшлийн газартай байх учиртай. Яагаад хүмүүс бидний газрыг дураараа авдаг байх ёстой юм бэ" гэв.
ЧД-ийн 5 дугаар хорооны оршин суугч "1985 оноос хойш байрны голд байдаг тоглоомын талбай дээрээ бид тоглож өссөн. Хөлбөмбөг ч тоглодог талбай байсан юм. Гарааш барьсан эзэнд тоглоомын талбайгаа үлдээе гэсэн ч нураасан" гэлээ.