Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаас нэгэн “онцгой” гэхээр шийдвэр гаргажээ. Импортын цементийн гаалийг татварыг он дуустал тэглэхээр болсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Үр дүнд нь зах зээл дээр тонн нь 500-600 мянган төгрөг байгаа цементийн үнийг 400 мянга болгож бууруулах боломжтой гэв.
Шалтгаан нь үндэсний дөрвөн компанийн нэг Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бүрэн зогссон учраас дотоодын зах зээл дээр цементийн хомсдол үүсээд байгаа юм байна. Ердөө зургаахан сарын өмнө “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг шоронд хийж байгаад төрд хурааж авсан нөгөө үйлдвэр. Зүйрлэвэл дөрвөн хөлтэй ширээний нэг хөлийг нь тайрсантай адил болжээ. Түүнийгээ импортын цементээр орлуулах арга ухаан сийлсэн байна.
Хөтөлийн цементийг төрд авсны дараа манай “толгой” шахуу (“олгой” гэсэн нь онох байх) сэтгүүлч нар “Төр өмчөө авчихаар ийм сайхан, цементийн үнэ бүр шалан дээр уначихсан байна шүү. Одоо импортын цементийг хорьчихвол яг мандлаа” гээд бичээд байсан даа. Тэр ч хаа байхав.
Засгийн газрын хуралдаан болохоос хоёр өдрийн өмнө буюу даваа гаригт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин" сэдвээр хэлэлцүүлэг захион байгуулсан байдаг юм. За тэгээд тэрэндээ зориулаад “Жапан тауны газрыг улстөрчид, хууль хяналтынхан нийлж дээрэмдсэн. Нэр усыг нь хэлэмгүй байна, хэрэг нь шалгагдаж байгаа. ТЕГ-ыг удирдаж байсан. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт яаж орж ирэх юм” гэх мэтээр энд тэндгүй байхан ярьжээ. Нэр усыг нь нуугаад байх ч шаардлага алга л даа, уг нь. Б.Хурц гэдэг хүний тухай ярьж байгааг ньхүн болгон л мэдэж байгаа. Сүүлийн 10 гаруй жил явж байгаа яриа, шинэ ч юм биш. Ядаж шалгаж байгаа нь овоо л доо.
Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Хувийн хэвшлийг,гаднын хөрөнгө оруулалтыг дээрэмддэг нь ганц хууль хяналтынхан, улстөрчид гэж үү? Төр өөрөө дээрэмдэж байгааг бас юу гэх вэ? Холоос хайх хэрэггүй, саяхны жишээ бий. Дөрвөн жилийн өмнө У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад одоогийн УИХ-ын дарга (тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан) тагнуул, цагдаагийнхныг дайчилж очоод “тусгай ажиллагаа” гэдэг юм явуулж Салхитын мөнгөний ордыг төрд авч байлаа. Уурхайн хамгаалалтад ажиллаж байсан залуусыг өчиж унагаад дээр нь гишгэсэн зураг хаа сайгүй тавигдсан даа.
Бүүр саяхны жишээ гэвэл өнгөрөгч гуравдугаар сард Хөтөлийн цементийн үйлдвэрийг “Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй” гэдэг шалтгаанаар Засгийн газар нь хуралдаад төрд хурааж авсан. Бас л шүүхийн шийдвэргүйгээр. Одоо тэр үйлдвэрийнхээ хаалгыг бариулчихаад “цементийн хомсдол боллоо, яанаа ийнээ” болоод явж байна. Төр нь иргэнийхээ өмчийг ямар ч эргэлзээгүйгээр, ичиж эмээлгүйгээр дээрэмдчихдэг ийм улс оронд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирнэ гэж байхгүй. Хууль зүйн сайдын толгойд яагаад энэ тухай бодогдсонгүй вэ?
Б.ЗАЯА