Ноёлох оргилоос гомдолтой годройтсон Х.Баттулга хонзогнохдоо хууль журам нулимж, бэртэгчин хүслээ хар муйхраар ил далд өрнүүлэв. АН-ын даргын сэнтийг булаах түүнд эн тэргүүний зорилго боллоо. Энэ луйвартаа тэр өөрийн гаршсан арга-тушаал төслөөр урхидаж рекетчидтэй зузаарав. Тушаал мөнгөнд нугасгүй амьтад түүнийг АН-ын дарга болгоод, ивээлд нь багтаж, хожих монжихоор тэмүүлэв. Х.Баттулгын дүрэмгүй дайралтад АН-ын удирдлага, гишүүд шившиг болтол хагарсан нь үзэл баримтлал, үнэт зүйлстээ итгэл үнэмшлээр бат цул нэгдээгүйг харууллаа. Ардчилал гэж хоосон мангарлагчид юугаа ч мэдэхгүй нэг бол Х.Баттулгын их хуралд мянгаараа, нөгөө бол С.Эрдэнийнхэд мянгаараа цугларна. Хоол зочид буудал гээд их хурлын төлөөлөгч тансаглана. Өөрийн үзлийг тэд мэдэх ч үгүй биз. Х.Баттулгын хурал дээр С.Эрдэнийг бут авна, С.Эрдэнийнх дээр Х.Баттулгыг зад авна. Аль ч намын гишүүд иймэрхүү болоо юу даа.
АН-ын даргын төлөөх тулгаралтын галын шугамд торгуулийн сумангийнхан өлсгөлөн зарлаж тэсгим жаварт хүйтэн цемент дээр хэд хоног муухай царайлж хэвтлээ. Ц.Туваан, Ж.Батсуурь, Н.Ганибал бие даагч Н.Алтанхуяг, босоо Гамбаа, Баянхонгорын А.Адьяасүрэн, баруун аймгийн Ш.Адьшаа, халхын зах зээлийн буянд сагатлаа баяжсан бөглүү хязгаарын дөрвөд жаал-О.Цогтгэрэл нар. Хачирталтай нь тэд юуны төлөө өлссөнөө зарлахдаа будилж, эх орныхоо төлөө өлссөн ч юм шиг, эрх мэдлийн төлөө өлссөн ч юм шиг эргэж буцаж, олон янз утга мохоо мэдэгдэл хиймчээ аядсанд ардчилагдаж яваа нийгэм тохуурхлаа гэж бухимдаж байв даа.
Даргын сэнтий дүрэм бусаар булаах гэж ичгүүртэй балиарсандаа тэд хань татаж нөгөө талаа гутааж олны анхааралд ижилсэхээр “АН-ын хагарал С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос үүдэлтэй” гэх шившлэгийг уншилга болгов. Ижилсүүлж дөнгөвөл хоёул буруутай харагдаж, хэрэлдэгч талууд гарааны зураанд зэрэгцэж жагсана гэж Х.Баттулгын тал тооцжээ. С.Эрдэнэ муу ч хүн бай, сайн ч хүн бай дүрмээрээ явъя гэж зүтгэснийг би хувьдаа зөв гэдэг. Хууль дүрмээрээ амьдарч суръя л даа. Эрхбиш албан ёсны баталгаатай, бүртгэл нь УДШ, УБГ-т хөндөгдөөгүй С.Эрдэнийн талтай, хууль бус Х.Баттулгын талыг хуарлуулж, хоёр тал хоёулаа буруутай гэж нийгмийг төөрүүлэх ов мэхээр зөв бурууг ялгахаас бүртгэлгүй нь бултав. Үнэнийг олох гэж зүтгэх буруутай талд мэдээж-ялагдал. 80 ихнаяд гэх мэт олон цочирдом хохирлоор хорлосон сэжигтэнд-бахархал болсон ардчилал маань О.Цогтгэрэлийн гэгч нам зулавтал самрууллаа. Х.Баттулга, Ж.Батсуурь хоёр намын даргын сунгаагаар бүх аймгаар морилон баярхаж, гэгээн дүрээ гишүүддээ үзүүлж хийморийг нь сэргээв.
Монголын хуулийг эрх мэдэл авилгын аагаар гишгэлж, орос олигархиудын сүрээр ялж оодорсон охор Батттулга АН-ын даргыг гарын үзүүрээр авч шидэх гэлээ. Түүний бардам авирыг зөвтгөхийн тулд хоёр дарга, хоёр тамганы алийг жинхэнэ гэх вэ гэж мэдэн будилсан явуулга мэдээллийн талбарт давамгайлсан. Харанхуй массыг дөрөөлсөн хуурамч хуйвалдаан ялдаг нь нууц биш. Мөнгөөр цэнэглэсэн Х.Баттулгын булхайны эсрэг тэмцэхэд намын дүрэмнээс өөр зэвсэг байсангүй. С.Эрдэнэ намынхаа дүрмээр шинэ даргаа сонгоно гэж гүрийснээс биш сонгуульд ялагдсан ч даргын суудлаа өгөхгүй гэж тэнэгтээгүй байх гэж би эерүүлдэг. Дүрмээ сахих байр суурин дээрээ бат зогссон чоныг ч би өмөөрнө. Х.Баттулгыг хормойдож “том юманд” хүрэх гэсэн цөөврүүд С.Эрдэнийг АН-ын даргаар улирах гэж шүлэнгэтлээ хэмээн улилдлаа. Түүнийг тэгж буртаглах угтаа Х.Баттулгын булайг замхруулах, үгүй ядаж С.Эрдэнэтэй тэнцүүлэх зорилго юм. Тэгээд хоёр хар хэрээний алийг хар гэх вэ гэснээр АН-ын сэнтий булаах гэсэн Х.Баттулгын хууль бус дайралт бүдгэрэх учиртай юмсанж. Харин С.Эрдэнэ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нь өөрөө ялагдахаас илүүтэй урвагч Х.Баттулга, хутгуур Н.Алтанхуяг хоёрын ерөнхийлөгч болох-цагаандаа гарсан улайрлыг хаах улстөр байсан байх. Сонгогч нарт итгэх аргагүй. Тэд ямар ч хулгайчийг сонгохдоо сийхгүй “гар”-ууд. Урвагч хутгуур хоёрын аль нь ч ерөнхийлөгч болсон Монгол улсад халгаатай.
Ганзагач Баттулгын махинаци тэнэг муйхар ч түүнийг няцаах хүч Монголд тодроогүй. 14 чингэлэг слиртийн хэргийг болхи гэхээс уран гэхгүй. Байдаг л чулуун зүрхтэй хулгай. Төмөр зам тавих гэж 280 сая долларын зээл авч бужигнуулахдаа нэг залуугаар хэд хэдэн газар хөрс хуулуулаад, ямар ч тооцоо судалгаагүй тэнэг ажил нь хэрэггүй болж ял хариуцлага нэхэгдмэгц Х.Баттулга хөлс мөнгөө унжиж, нөгөө залуу нь хэрэгцээгүй ажилд хамаг хөрөнгөө барж өрөнд унаж дампуурч шатсандаа амиа егүүтгэхээр хоёр ч удаа оролдсон. Амиа хорлосон уу яасан сураг тасарсан. Бат-Үүлийн үсийг О.Цогтгэрэл гишүүний алтан нутаг хүүхэн зулгаасан нь улстөр. Увс хүүхэн Үүл хоёрын дунд уралцах юу байх билээ. Сосорбарам руу Бээжин гэгч олон арван саяын дээрмээр ял эдэлсэн цуутай хэрцгий этгээд гурил цацлаа. Хурал удирдаж суусан С.Эрдэнийг тайзан дээр Х.Баттулгын хам гэх Алтанхуяг зодлоо. Зам тээврийн яамны сайд байхдаа Х.Баттулга, А.Гансүх хоёрын үрж шамшигдуулсан, идэж уусныг шалгаж ухлаа гэж тус яамны аудит Гомбосүрэн гэх залууг Махвал Артур нарын бүлэг зодож хэрцгийгээр бүрэлгэсэн. Интерпол хайж буй Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ, аавын хаалга татаж яваа А.Гансүх гээд хөвөрнө. Х.Баттулгын найз олимпын аварга Түвшинбаяр сайн андаа нүдээд хэтрүүлчихсэн. Аймаар. Хар мөртний гай.
Намын дүрмээсээ зуурсан С.Эрдэнэ буруу зүгийн салхинд хийсээгүй. АН хагарчээ. Юунаас болов? Хэн буруутайв? Ам тагладаг ганц хариулт-намаа дараалан ялагдуулсан С.Эрдэнэ олон мянган гишүүнийхээ сонгосон Х.Баттулгад тамгаа өгөөгүйгээс АН хагарсан гэх суртал. Энэ пиар дийлж буй. Харин надад өөр бодол төрдөг агаад түүнийгээ тайлбарлахыг оролдъё: С.Эрдэнэ юутай ч ялагдалдаа хариуцлага хүлээж, орлогч Ц.Туваанд их хурлаа хийж, шинэ даргаа намынхаа дүрмээр сонго гээд тамгаа гардуулж байсныг бид телевизээр харсан. Гэтэл Туваан дүрмээ нулимаад, бүлэглэлийнхээ нууц жанжин Х.Баттулгыг АН-ын даргаар дүрэм бусаар түргэн түүхий өргөмжилсөн ч УДШ зөвшөөрөөгүй. Х.Баттулгыг ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүйгээр нэрийг нь дахин дэвшүүлэх шинэ журам Туваан зохиогоод тэр нь ч бас бүтээгүй.
Сонгуульд С.Эрдэнийг унагах хорыг Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос гадна тэр хоёрыг хормойдож өвдөл цөвдөл горьдогчид төгс найруулсан. АН-ын доторх эрх мэдэлд шунагчид хорлоогүй бол С.Эрдэнэ ялдаггүй юм гэхэд баян ходоод арай болоогүй. Н.Алтанхуягийн ятгалгаар цагаан сонголт өгч С.Эрдэнийн авах саналаас 71 мянгыг хороож АН-аа хорлов. Самрагчдыг дэмжээд сохор мухраар зүтгэвэл цаашид намтайгаа хамт нурна гэж мэд ардчилагчдаа. АН доторх эрх мэдлийн шуналаар өвчилсөн хэдэн муу хүний увайгүй башир явуулганд гишүүд дэмжигчид хууртсаны горыг С.Эрдэнэ үүрсэн. Удахгүй АН үүрч мэднэ шүү.
Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл хоёр сүүлээ сэрвээн дээрээ тавивал АН увс компаний өмч болно гэж Ю.Цэдэнбалын нутаграх жарныг туулагчид сануулав. 1990 онд нүүдэлч-нэгдэлчдийн коммунд хэдэн жаалынхаа үрслүүлсэн ардчиллыг дов жалгын хуйвалдагч нарт алдчихгүй юмсан. Х.Баттулга, соцдек З.Энхболд хоёр Путины сүр хүчээр туршилга сууж буй ардчиллын гол лидерүүдээ намнаад дур зоргоор туйлах гээд бүтсэнгүй юу даа. Ардчиллыг мөрөөдөгч Монголоор дүүрсэн нь-залуусын жагсаалаар илэрлээ. Үзэл баримтлал үнэт зүйлсээ дээдэлж, намаа авч үлдэх зүрх сэтгэлтэй-гүжирдлэг гүтгэлэгт нүдүүлж доромжлогдсон муу нэрт Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С.Эрдэнэ, Д.Сосорбарам, залуусаас шинжлэх ухаанаар сэтгэдэг Б.Өнөрбаяр, Ч.Отгочулуу, Ц.Оюундарь, М.Тулгат нарт горьдох л үлдлээ.
Том ах нар залууст суудлаа тавьж өг гээд хутга ханцуйлсан бөх дагуулж өрөөнд нь дайрч ороод сайд болсон МАН-ын залуусаас АН-ын залуус үлгэр аваач гэж нэг залуу сэтгүүлч уриалжээ. Харин өвгөн зохиолч би залуу лидерүүдийг эрдмээрээ, эелдэг зан, шударга ёс зүй, амжилтаараа ахмадуудынхаа итгэл хайрыг тат гэж уриалъя. Чадварлаг залуус тийм замаар өгсдөг. Тийм залуусыг ахмадууд чинь мөрөөдөж, суудлаа өгөхийг нэр төрийн хэрэг гээд хүлээж буй. Чадваргүй нь дэвшихээр ичгүүргүй дайрдаг бол мунхарснаа мэдэрдэггүй хөгшид ховхордоггүй. Ахмадууд залгамжлагч нарынхаа дундаас итгэл дааж эх орноо өөд татах соруудыг олж, суудлаа ёсорхог тавьж өг. Жам нь тиймийг ухаар. Залуусын оюун хөгшдийн туршлага хосолбоос Төрийн бодлого улам ухаажихыг мэдэхгүй хэн байх билээ. Сөргөлдөөн даамжирвал гай тарина шүү.
Намынхаа дүрмээр Их хурлаа хуралдуулж, намынхаа дүрмээр шинэ дарга сонгох боломжийг С.Эрдэнэд олгоогүй. АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар авах гэсэн шижээргүй нөхдөд Намынхаа дүрмээр ажлаа гүйцэтгэх гэж АН-ын даргын сэнтийг дүрэм бусаар авах гэсэн шижээргүй нөхдөд ад болж яваа УДШ, УБГ-т дарга гэсэн данстай нь С.Эрдэнэ. Түүний данстайг шүүх нотолдог. Үүнд маргах юм байхгүй. Даргаар хэнийг сонгохоо их хурлын төлөөлөгчид олонхоороо шидэх тул С.Эрдэнэд сэнтийнээсээ зууралдах боломж хаалттай. Ийм тодорхой юмыг мушгиж С.Эрдэнэ суудлаасаа зуурснаас болж АН хагарсан гэх суртал дэвэргэгч Ц.Туваан, Ж.Батсуурь нарын ааш аяг дүр төрх тун ч зэвүүн байж билээ. Эрх мэдлийн төлөө өлсөөд хөсрий царайлж хэвтсэн чинь одоо ч олны нүдэнд кино шиг үзэгдэж байгаа. Та нар Х.Баттулгын ямар гавъяаг бишрээд, түүнийг АН-ын дарга болгохын төлөө амиа дэнсэлж, идэр есийн тэсгим жаварт гадаа талбайд өлсөж осгох шахсан бэ. Хэний захиалгаар амиа золих гэлээ-эргээд эргэцүүл. Тэнэглэл бус уу? Та хэд шударга ёс, хүн амынхаа төлөө, авилгын эсрэг өлссөн гэнэ. Хэн ч итгэхгүй. Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрыг төрийн оргилд залж, хариунд нь суга дэвших өлсгөлөн гэж амтай болгон ярьж байсныг зөвхөн та хэд сонсоогүй байж магад.
Х.Баттулга ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв.
Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз энгэртээ рекламдаад Ши жиньпин даргын өмнө бөхөлзөв. Малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэсэн нь бага буурай ч гэсэн нэг улсын ерөнхийлөгч гэхэд малын хулгайч шиг харагдаж билээ. Цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаал одоо ч Монголд цуурайтсаар.
“Монгол ялна” ч гэх шиг. Хорошо. Монгол ялдаг байж. Харин хэнийг ялах гээд байна? Сонгуульд өрсөлдөгчөө ялахыг “Баттулга ялав” гэхээс “Монгол ялав” гэмээргүй. Түншилнэ хоршино гэлгүй “ялна” гэж онцолсныг бодоход дайсантайгаа алалцах болтой. Манай сонгогчдын дийлэнх хятадад аллергитай. Тэднийг дөрөөлсөн нэр дэвшигч ялдаг. “Монгол ялна” гэх уриа цаагуураа арай Их Хятадыг ялна гээгүй биз дээ бурхан минь. Эрлийз хурлийзаар тогтож хайрлавал яамайсан.
“Монгол ялна” гэх омогшил хятад харшилтай сонгогчдын бах тавыг хангалаа ч ялаач билүү ялагдаач билүү?! Болчимгүй нь дэндсэн энэ сагуурлаар бид тархиныхаа хомсдолыг дэлхийд зарласнаас цаашгүй. Хятад компанитай бизнес хоршсоноос гайтаж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал замхрах гэнэ. Тэднийг өшиглөөд хил давуулчихвал “Монгол ялах” юм байх.
Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж олон арван тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга урьд нь АТГ-т яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд ерөнхийлөгчид АН дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залав. (Эмээ нь эрлийз гэх пиар М.Энхболдыг годройтуулж орхисон).
Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйсэн самбоч.
Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч гэсэн тиймэрхүү. Дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж туних аль ч намд шившиг. Юун түрүү багаар ажиллах менежмент эзэмшиж, дарга болох хүслээ АН-ын гишүүд хойш тавьж сур. Тэвчээр-нүглийн цоож. Хоолны сав хоосон сүр дарга бус-баялаг бүтээгч болж ядуу эх орноо өөд татах зам нээлттэй. Өвгөн зохиолч би хоёр гол намдаа ухаан суухыг хоёуланд нь ерөөж бичих юм даа. Намайг энэ үүдээр харж, сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг уучилна гэдэгт итгэнэм. Бүгдийг чинь бурхан өршөөг.
Ц.Доржготов
2022.05.15