Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт иржээ.
Энэ жилийн тухайд тавын даваанд босч барилдсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол шинжилгээнд хамрагдсан долоон бөхийн дээжид допингийн төрлийн бодис илэрсэн гэнэ. Мөн дөрөв даваад шинжилгээ өгөхөөс татгалзсан тул Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайханыг допингийн төрлийн бодис хэрэглэсэнд тооцох бололтой. Тэрбээр үндэсний спортын их наадамд барилдахаар бүртгүүлсэн ч түүнийг барилдуулаагүй нь дээрх зөрчилтэй холбоо юм байна. Улсын начин Д.Амарсайханы тухайд аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Э.Сумъяабатад тахим буулгасан юм. Мөн өөр нэг бөх допингийн шинжилгээ өгөлгүй зугтсаныг допинг хэрэглэсэнд тооцсон бололтой.
Энэ жилийн наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бөхчүүдийн нэрс эхнээсээ тодорчээ. Үүн дунд анхаарал татсан мэдээлэл байгаа нь улсын аварга цолтой бөх шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Өнгөрсөн наадмаар улсын аварга цолтой таван бөх допингийн шинжилгээ өгсөн. Тодруулбал, улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат,Г.Эрхэмбаяр, О.Хангай нар. Дээрх аваргуудын нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бололтой. Дээрх мэдээллийг Допингийн шинжилгээнд гардаж ажилласан эмч нар баталж байгаа юм.Энэ жил шинжилгээнд хамрагдсан аваргуудаас даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр нар өмнө нь допингийн зөрчил гаргаж барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгаж байсан.
Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон тамирчинд цол чимэг нөхөж олгодог. Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ жилийн наадмаар улсын гарьд цолтон төрөх гэнэ. Өөрөөр хэлбэл, наймын даваанд давсан бөхчүүдийн нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн байна. Наймын даваанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нар өрсөлдөгч бөхчүүдээ өвдөг шороодуулсан. Ингээд тооцоход энд нэр дурдсан бөхчүүдийн нэгээс нь допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй байна. Мөн аймгийн цолтой нэг бөх улсын начин цолыг нөхөж авахаар болж. Учир нь тавын даваанд өвдөг шороодсон бөхөөс нь допинг илэрсэн байгаа юм.
Тэгвэл энэ жилийн наадмын тавын даваанд улсын даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг, улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан С.Бадамгаравыг, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн хурц арслан М.Адъяахүүг, улсын харцага Н.Золбоо аймгийн арслан Д.Тогтохжаргал нарыг амлаж барилдаад өвдөг шороодуулсан.
Ойрын эх сурвалжийн зүгээс аймгийн цолтой нэг бөх улсын начин цол нөхөж авахаар болсныг онцолж байгаа. Тэгвэл дээрх бөхчүүдийн нэг нь мөн л допингийн шинжилгээнд бүдэрсэн байх өндөр магадлалтай байна. Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ өсөх идэр чимэг хүртэх болсон тухай мэдээлэл байна. Түүний тухайд баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир нарын бөхчүүдийн зүгээс допингийн төрлийн бодис хэрэглээгүй, шинжилгээндээ итгэлтэй байгаа талаараа хэлж байна. Дээрх бөхчүүдийн мэдэгдэлд нэг зүйл анхаарал татаж байгаа нь Л.Лха-Очир “Би бага зэрэг бэртэлтэй байсан. Үүндээ эм бэлдмэл хэрэглэсэн. Допингийн шинжилгээ өгөхдөө үүнийгээ тэмдэглэсэн” гэж онцолсон байгаа юм. Түүний тухайд шинжилгээнд бүдэрсэн байх магадлал өндөр.
Харин баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооны дарга П.Сайнцогийн зүгээс допингийн шинжилгээнд 64 бөх, 16 харваач хамрагдсан. Нийт 80 тамирчин допингийн шинжилгээ өгсөн гэсэн үг. Үүний 77-гийнх нь шинжилгээний хариу ирсэн. Гурван тамирчны шинжилгээний хариу ирээгүй. Энэхүү гурван тамирчны шинжилгээний хариу ирэхээр нийтэд нээлттэй зарлана гэдгийг онцолж байна.
Харин мэргэжилтнүүдийн зүгээс допингийн шинжилгээний хариу нэг дор ирнэ. Ингэж цувж ирэх ямар ч үндэслэлгүйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөхийн салбар хороон дарга П.Сайнцог үндэслэлгүй мэдээлэл нийтэд түгээж байгааг онцолж байна.
Энэ жилийн допингийн шинжилгээний хариу дахиад л шуугиан тарих нь бололтой. Аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрснийг бөхийн хүрээнд бүгд хэлж байгаа юм. Өмнө нь Н.Батсуурь, Э.Оюунболд нарын аварга цолтнууд допинг хэрэглэсэн нь тогтоогдож байв. Тэгвэл энэ жил нэг том цолтой бөх шинжилгээнд бүдэрсэн ч даруулаад өнгөрөхөөр дарга нарын үүд сахиад сууж байна.
Өөр нэг мэдээлэл байгаа нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн гурав нь өөрсдөөсөө зардлаа гаргаж “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан гэнэ. Олон улсад “В” сорьцын шинжилгээний хариу хүлээлгүй шууд зарладаг болоод байгаа. Үндэсний бөхөд л энэ гажиг тогтолцоо оршин тогтнож байна.
Эх сурвалж: Өдрийн сонин