Цар тахал, хөл хорионы дараа дотоодын аялагчдын тоо нэмэгдэж байна. Энэ сарын 9-17-ны хооронд буюу үндэсний их баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатар хотоос гарах, нэвтрэх дөрвөн постоор 300-аад мянган автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчжээ. Өнгөрсөн жил аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас 6.6-9.2 их наяд төгрөгийн шууд бус алдагдал хүлээсэн гэх тооцооллыг Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос мэдээлсэн билээ.
Аялал жуулчлал нь 20 гаруй төрлийн үйл ажиллагаанаас бүрдэж, 40 гаруй салбартай холбогддог, эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг салбар юм. Аялал жуулчлалын салбарынхан цар тахлын улмаас алдсан хоёр жилээ энэ зун нөхөх боломж бүрдүүлэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллах талаар уулзалт зөвлөгөөн ч хийсэн. Энэ зуны дотоодын аялагчдын чиглэл баруун аймгууд ялангуяа Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан аймаг руу давамгайлж байна. Дотоодын аялагчдаас сошиал орчинд давлагаалж буй нийтлэг шүүмж бол “Дотоодын аялал жуулчлал ингэж сайн хөгжиж, идэвхжиж байхад аймаг, сум орон нутгийн удирдлагууд санаачилгатай баймаар юм аа! Хүмүүсийн хамгийн их очдог газар нутагт явган зам, гэрэлтүүлэг, хогийн сав, ариун цэврийн өрөө, гүүр, машины зогсоол шийдээд өгчихвөл болох гээд байна. Зуны дэлгэр цагт л мөнгөний урсгал хөдөө орон нутаг руу чиглэдэг шүү дээ” хэмээжээ.
Үнэхээр л аялагчдад сайхан байгаль, том гэрээс гадна ариун цэврийн өрөө, хогийн цэг, чанартай хоол хэрэгтэй шүү дээ. Галт тэргээр аялагчдын хувьд Улаанбаатар төмөр замаас долдугаар сард хамгийн эрэлттэй чиглэл УлаанбаатарЗамын-Үүд, УлаанбаатарСайншанд, УлаанбаатарДархан гэжээ. Улаанбаатар- ЗамынҮүд, Улаанбаатар-Дархан чиглэлийн галт тэргээр зорчиж амрах боломжтой хоттой хамгийн ойрхон газруудын нэг бол Түнхэл тосгон. Түнхэл тосгон нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км, Улаанбаатар хотоос хойшоо 120км зайд оршдог. Их хотын дуу чимээ, стресс, ухаалаг төхөөрөмж, нийгмийн сүлжээнээс ангид Хараа голын хөвөөнд байрлах Түнхэл тосгоныг зорих аялагчдын тоо энэ жилээс эрс нэмэгджээ. Тавдугаар сард 3,400 иргэн, зургадугаар сард 4,730 иргэн, долдугаар сарын эхний 19 хоногийн байдлаар 3,400 гаруй иргэн Түнхэл тосгоноос зөвхөн галт тэргээр зорчсон талаар Түнх өртөөний мэргэжилтэн н.Энхтуяа мэдээллээ. Тэрээр “Наадмын өмнөөс Түнх болон Нарс өртөө дээр буух зорчигчдын тоо маш их нэмэгдсэн. Улаанбаатараас холгүй, тосгон дээрээ төмөр замын өртөөтэй болохоор их давуу тал болж байна” гэж ярьсан юм. Түнхэл тосгон руу общий вагоноор том хүн 3,500 төгрөг, хүүхэд 1,000 төгрөг, купе том хүн 11,700 төгрөг, хүүхэд 5,400 төгрөгийн ханштай. Галт тэрэгний тасалбарыг очиж авах шаардлагагүй “Тapatrip” аппликейшнээр явах хүмүүсийнхээ регистрийн дугаарыг оруулаад захиалчихна. Галт тэргээр 10:40 цагт хөдлөөд, 14:00 цагт Түнх өртөөн дээр бууна. Аялагчид вагоноор явах нь машинаар явснаас хямд амралтын газрууд амрагчдаа тосоод авчихдаг учраас хувийн унаа шаардлагагүй амар байгаа талаар хуваалцсан юм. Наадмын амралтын өдрүүдэд хотын залуус “Түнхэл рүү бэлчсэн” гэхэд хилсдэхгүй. Багадаа 2-3 хоногийн өмнө амралтын газраа захиалахгүй бол амралтын газар, хоног төөрүүлэх гэрийн эрэлд гарсан хүмүүс бишгүйдээ байна билээ.
Амралтын газраа захиалсан л бол вагоноос буухад тосож аваад, буцаад явахад суулгаад өгчихдөг. Зөвхөн монголчууд гэлтгүй гадныхан ч гэр бүлээрээ очиж амардаг юм билээ. Оройдоо гүзээлзгэнэ, цагаан идээ зарсан нутгийн хүүхнүүд ч явна. Амралтын газруудын үнийн хувьд Түнхэл тосгоны төв дээр “Шовгор” нэртэй жижиг модон байшин болон тосгоны төвөөс 8км зайтай таван ханатай гэр нэг хоногийн 100 мянган төгрөг, тосгоноос 2км зайтай “Түнхэл таур”-ын байшин том хүн өдрийн 65 мянган төгрөг, хүүхэд 30 мянган төгрөгийн ханштай байна. Харин тосгоны төв дээр Хараа голын хөвөөнд байрлах гэрүүдийн хувьд дөрвөн ортой нийтийн гэр 35 мянган төгрөг, хувийн гэр нэг хүний 65 мянган төгрөгийн үнэтэй.
Дээрх үнэд өглөөний цай, оройн тараг багтсан. Өдөр, оройн хоолыг өөрсдөө хийх эсвэл амралтын газраасаа захиалах боломжтой. Захиалгын хоёрдугаар хоолнууд дунджаар 15 мянган төгрөгийн ханштай. Эрүүл ахуйн шаардлага, хоол хийж буй тогоочдын харилцаа хандлага гэх мэт бас бус шалтгааны улмаас тосгоны өөр ресторан, цайны газраас хоол захиалъя гэвэл захиалгаар хоол хийх нэг ч газар байхгүй. Хоёроос гурван ширхэг хүнсний дэлгүүртэй бөгөөд бараа бүтээгдэхүүн нь хотоос хоёр дахин өндөр үнэтэй. Түнхэлийн байгалийн сайхан, амарсан шиг амрах боломжтой амгалан тайван орчинд бол ярих зүйл байхгүй. Харин хоттой ойрхон, худалдаа наймаа эрхэлж эдийн засгийн эргэлт бий болгох, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бүрэн боломж, давуу талтай газар үйлдвэрлэл, үйлчилгээний газар, ажлын байр бий болгох шаардлагатай санагдсан юм. Нөхцөл байдлын талаар амралтын газрын эзэн “Манай энд аялал жуулчлалын салбар энэ жилээс эрчээ авч байна.
Цар тахлын дараа дотоодын аялагчдын тоо ч нэмэгдсэн байна. Хүн бүр л гэр бүлээрээ амарч аялахыг илүүд үздэг болж. Наадмын өдрүүдийн захиалга дүүрсэн. Аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд бизнес эрхлэгчдэдээ зориулсан зээл хэрэгтэй санагддаг. Бизнес эрхлэгчид мөнгөтэй байвал амралтын газрын тухтай байдал, орчин, хоолны сонголт, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж гээд олон зүйлд эергээр нөлөөлнө шүү дээ” гэв. Энэ талаар аялал жуулчлалын холбооны менежер Д.Энхцэцэг “Өнгөрсөн жил Хас, Голомт, Төрийн банк гэх мэт арилжааны банкууд зээл олгож байсан. Гэхдээ шаардлага, барьцаа хөрөнгө маш өндөртэй. Энэ салбарын бизнес эрхлэгчдийн дийлэнх нь зээлд хамрагдаж чадаагүй. Тоотой хэдэн амралтын бааз л хамрагдсан. Энэ жил зээл олгох хүсэлт гаргасан ч одоог хүртэл шийдэгдээгүй зун дуусч байна” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: Өдрийн сонин