Монголын анхны чөлөөт, ардчилсан, бүх нийтийн сонгууль 1990 оны долдугаар сарын 22-нд болж билээ. Сонгуульд нийтдээ зургаан улс төрийн нам оролцсон. Сонгогчид аль нэг намыг дэмжиж дугуйлах ёстой байлаа. Байнгын ажиллагаатай Улсын бага хурал нийт 50 суудалтай байсан, эндээс МАХН 60 хувийн санал, МоАН, МСДН, МҮДН гэсэн гурван нам 40 хувийн санал авчээ. Шашны ба ногоон намууд суудал авч чадсангүй. Ингээд Монголын анхны парламентад МАХН 30 суудал, МоАН 14 суудал МСДН 3 суудал, МҮДН 3 суудал авсан юм. Сум хороо болгоноос нэг хүн сонгогдохоор бодож Ардын их хурлыг нийт 430 депутаттай нэрээр сонгосон нь байнгын бус ажиллагаатай Дээд танхим юм. Ингээд 9-р сард АИХ-ын анхдугаар чуулган хуралдлаа. Эндээс Монгол улсын анхны Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийг сонгов. Дэд Ерөнхийлөгч нь УБХ-ын даргыг давхар гүйцэтгэх учир Гончигдорж УБХ-ын 51 дэх гишүүн боллоо. Намууд өөрийн авсан суудал дээр суулгах хүмүүсээ нэр дэвшүүлэн АИХ-аар сонгуулуулав. Мөн чуулган Монголын Засгийн газрыг томиллоо.
АИХ-ын депутатууд орон нутгийг төлөөлнө, харин байнгын ажиллагаатай УБХ хууль батлах үүрэгтэй, хуулийг хэрэгжүүлэх байгууллага Засгийн газар нь парламентаасаа тусдаа учир УБХ-ын өмнө тайлагнаж хариуцлага хүлээнэ. 1990 оны тавдугаар сард хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ийнхүү шинэ Монголын анхны ардчилсан төрийн бүтэц байгууламж ийм хэлбэртэй байжээ.
1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж үүнд захирагдсан сонгуулийн шинэ тогтолцоо бодож олох шаардлага гарав. Олон газар явж янз бүрийн сонгуулийн системтэй танилцаж ирсний дараа гишүүд олон хоног маргасан юм. Мажоритар системээр бол хэн бусдаасаа илүү санал авсан нь бүгдийг нь авдаг, хувь тэнцүүлэх системээр бол хэдэн хувь авсандаа таарч суудал ноогддог гэсэн ойлголттой болоод авлаа. Авсан хувийн үлдэгдлийг нь нийлүүлж бүр нарийн хувь тэнцүүлэх саналыг Гончигдорж, Ламжав нар оруулжээ. Энэ нь нэлээд орооцолдсон, дүнг томьёогоор бодож гаргаж ирэх систем аж. Гэхдээ маш шударга, санал бүрийг тооцсон эд. Харин ихэнх гишүүд томьёонд нь дургүйцэж, “энэ математикчид тоогоор зальдах гэж байна” гэцгээн хардаж хүлээж авсангүй. Ингээд олон мандаттай мажоритар системийг сонголоо. Энэ нь Монгол орныг 26 тойрогт хуваагаад тойрог бүрд 2-4 гишүүн сонгогдохоор тооцов. Сонгуулийн дүнд МАХН 76 суудлын 71-ийг нь авчээ. Мандатын тоо тэнцүү биш учраас нийлбэрээрээ бусад намууд ард түмнээс хэдэн санал авсаныг тооцоолох бололцоогүй. Юутай ч пропорциональ утгаар бодож үзвэл ардчилсан хүчин 40-өөс доош хувь авсан байх учиргүй. Гэвч сонгуулийн гажигаас болж нийт суудлын ердөө 7 хувийг эзэлсэн юм.
2000 оны сонгуулиар сонгуулийн системээ өөрчлөх тухай нэлээд ярьж маргасан боловч Ардчилсан холбоо эвслийнхэн түрүүний ялалтдаа урамшин дахиж ялах мэтээр мөрөөдөөд өөрчлөлтөөс татгалзсан юм. Шанд нь МАХН ард түмний 50,4 хувийн санал авсан мөртөө суудлын 72-ийг нь эзэллээ. Сонгуулийн явцад иргэдийг хуурах, амлах, зальдах, худалдаж авах явдал өргөнөөр гарч системийн доголдлыг улам тод харуулав. Энэ абсолют мажоритар хувилбар олонход аймаар ашигтай. Тойрог нь цомхон учир цөөхөн хүн л худалдаж авахад хаваасаг. Ухаан нь Хэнтий 50 мянган хүнтэй гэж бодъё. Гурав хуваахаар нэг тойрогт 15 мянга, эндээс санал өгөх эрхтэй нь 7 мянга, яг өгдөг нь 5 мянга, эндээс хоёр мянган дуракийг худалдаад авахад л тэнгэрийн умдаг шууд гарт. Өөр нэг гажиг 2000 оны сонгуулиар ажиглагдсан. МАХН сонгогчдын 50,03 хувийн санал авсан мөртөө нийт суудлын 90 гаруй хувийг авсан. Үүний тайлбар их энгийн. МАХН биш бүх намууд тарж бутран тус тусдаа нам болон сонгуульд орсон учир үнэн хэрэгтээ тухайн сонгуульд ганцхан нам “өрсөлдсөн хэрэг”. Зарим тойрогт МАХН-аас цор ганц нэр дэвшигч бүртгэгдсэн байхад нөгөө талд нь Ардчилсан хүчний гэгдэж байгаад тус тусдаа өөр намыг төлөөлсөн 8 намын төлөөлөл өрсөлдөж байлаа. Энэ тохиолдолд “яльгүй илүү гарвал бүгдийг нь авна” гэсэн мажоритар тогтолцоо шууд нөлөөлж тойрог болгонд хоорондын өрсөлдөөнгүй хүчин нь бүгдийг нь хамах нь ойгомжтой.
2008 онд сонгуулийн тогтолцоогоо өөрчиллөө. Мөнөөх 1992 оны сонгуулийн системийн загварыг дахин авсан боловч сонгогч мандатын тоогоор биш өөрийн хүслээр хэдэн ч нэр дэвшигч дээр санал өгөх эрхтэй боллоо. Ингэснээр улам бүр дордож нийт саналын тоо хэд байх ёстойг тогтоох аргагүй болов. Эндээс “0” нэмэх гэдэг булхай өргөн ашиглагдсан. Энэ нь 100 санал авсан байхад ард нь тэг нэмээд мянга болгож болох ба үүнийг магадлах арга үгүй юм. АН 25 суудал авсан ба үүнд үл итгэсэн олон эсэргүүцлээ илэрхийлэн цугласан нь сүүлдээ эмгэнэлт хэрэг болон үймээн самуун болж хүний амь эрстсэн билээ. Үүнээс гадна энэ системээр болж буй сонгуульд нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөн намын хүнээ унагах сонирхол буй болдог гажиг илт ажиглагдав.
Энэхүү 1992, 2008 онд хэрэглэсэн олон мандаттай мажоритари системд тойрог буюу сонгогчдын тоо 3-4 дахин өсөх учир өртөг өндөртэй. Гэхдээ худалдаж авдаг систем хэвээрээ. Илүү л мөнгө гарах юм даа. Намаас дэвшсэн нэр дэвшигчид хоорондоо үзэлцэх зайлшгүй шаардлага гардаг учир энд намын нөлөө бараг байхгүй болно. Гэхдээ тэр ямар хамаатай юм, нам гэж юу юм? Тэртэй тэргүй ямар ч системээр орж ирсэн УИХ-ын гишүүн болуутаа уралдаад өөрийн намыг нулимж танхимыг тэр чигээр нь нус цэр болгодог юм чинь. Өөрийнхөө намтай үзэж тараад байвал манай ард түмэн шударга гэгчийг энэ үзүүлэлтээр дүгнэдэг юм.
Энэ сонгуулийн хувилбарын сайн тал нь луйвар хийхэд их амархан.Ухаан нь нэг тойрогт дөрвөн орон тоо байна гэж үзье. Сонгогч 1-4 санал өгөх эрхтэй. Ингэхээр нийт санал хэд байв гэдгийг нь тогтоох аргагүй. Гагцхүү сонгуулийн хорооныхонтой найрах хэрэгтэй. Сайн санаж байгаагаар Хан Уул дүүрэгт Загджав гэгч гайхал Идэвхтэнг ингэж гол гаргаж байсан. Сонгуулийн хорооныхон тооллого явуулахдаа “манай намыхны хоорондын өрсөлдөөн учир та нарт хамаагүй” гээд ардчилсан намын ажиглагчдыг хөөгөөд явуулчиж байсан юм. Ард түмнийг гэхээсээ сонгуулийн хорооны хэдэн нөхдийн ам руу сайн цутгах хэрэгтэй учраас нөгөө талаасаа бас хялбар сайн талтай. Ийм сонгуулийг мөн 2020 онд явуулсан.
Гурав дахь хувилбар нь 1990 онд явуулсан пропорциональ буюу хувь тэнцүүлэх арга. Намууд суудлын тооны төлөө өрсөлдөж, чухам тэр суудал дээрээ хэнийг суулгахыг Ардын их хурлын 450 гишүүн шийдэж байв. Зөрчил гаргасан гишүүнийг сольж болно, огцруулж болно. Тухайн нам дараагийн хүнээ гаргаж ирэн Ардын их хуралд нэр дэвшүүлнэ.Ингэж солигдсон хэд хэдэн тохиолдол байсан. Парламентад хамгийн их удсан гэх Дэмбэрэл ийм солилцоогоор 1991 онд гишүүн болж байлаа.
Энэ сонгуулийн тогтолцоонд “хортой” тал дэндүү их. Тухайлбал гишүүн болох сонирхолтой эр намаасаа гарч ирэх ёстой. Үүнийг одоогийнхоор Бага хурал, эсвэл ҮЗХ сонгож таарна. Юун түрүүн намын сахилга бат шаардана. Гэтэл одоогийн гишүүд маань намаа уралдаж нулимдаг, сахилга бат гэж огт мэддэггүй, хувийн тоглолттой эвдэрхий цагнууд. Намынхаа эрх бүхий байгууллагаас гарах магадлал бараг байхгүй. Нийтээрээ тэнэгийг нь мэдэх учраас огицгоох биз. Хулгайч луйварчингаараа халхын хавтгайд танил болсон эргүү эрх биш өөрийг нь таних намын хэдэн зуун гишүүдээс гарч ирж чадна ч гэж хэцүү л дээ. Ингэхээр ухаан нь бага хурлынхаа гишүүдийг худалдаж авах их өрсөлдөөн эхлэнэ. Энэ нь жижиг хүрээлэлд учир баригдах магадлал их. Мөнгөний ач холбогдол багасаж нэр хүнд илүү чухал болох учир ийм хувилбарын сонгуулийн систем батлагдах магадлал нойлтой тэнцүү.
Дөрөв дахь буюу холимог хувилбарын тухай ярилцаж байна. Улсын хэмжээгээр 26 тойрог байдаг учир тойрог болгоноос нэг гишүүн мажоритар тогтоцоор гарна, үлдсэн 50 нь намын авсан суудлын тоонд өөрийн эрх бүхий намын байгууллагаас томилогдон орж ирэх хувилбар. Ийм тогтолцоо дэлхийн ихэнх оронд хэрэглэгддэг л дээ. Гэхдээ энэ явахгүй ээ. Гишүүдэд маань хортой. Цаана чинь дараагийн дөрвөн жилд жил болгон 20-30 тэрбум доллар тараах гэж байна шүү дээ.Ийм юмнаас хоцорвол нүгэл болох байгаа. Үр хүүхэд нь гомдоно. Авгай нь ална. Найз нөхөдгүй болно. Хорвоо дээр гөлөөг гэж дуудах хүнгүй болно.
2012 онд энэхүү “холимог” гэх хувилбарыг туршиж үзсэн. Холимогийн хувь тэнцүүлсэн гэх хэсгийг ёстой жонхууруулсан. Уул нь намын нэрээр гарна гэдэг нь тухайн нам бүр сонгуулийн өмнө нам дотроо сонгууль явуулж хэн нь жагсаалтын өмнө хойно орохоо шийддэг. Гэтэл 2012 оны сонгуулийн намаас нэр дэвшигчийг тодруулахдаа намын дарга болоод түүнийг тойрсон дагалдагсад, дээр нь өөрсдийгөө “фракц” гээд нэрэлчихсэн бүлгүүд хаалттай хаалганы цаана сууж байгаад бялуу хувааж авцгаасан. Үүндээ өөрснийх нь хэлж байгаагаар хэдэн зуун мянгад хүрсэн гэх намын гишүүдийн оролцоо түй хамаагүй. Фракц гэгчид “танайх манай энэ авилгачийг зөвшөөрвөл манайх танай тэр хулгайчийг зөвшөөрнө” гэх жанжин тохиролцоотой. Энэ бол пропорциональ сонгуулийн цаад утга учрыг бүрэн алдагдуулж байгаа хэлбэр юм. Үүнээс болж шинээр нэр дэвшигч буюу эцэст нь ард түмний нэрийн өмнөөс төрийн эрх баригч маань ард түмний шалгуураар ороогүй, магадгүй гэмт хэрэгтэн, сэтгэцийн өвчтөн “оймсонд хавчуулагдаад” төрийг товхинуулагч болчихдог аж.
1990 оны сонгуулийн тогтолцоог дугуй ширээний хэлэлцээгээр тохирч баталсан. Автор нь хуульч Чимид. 1992, 2008 оны тогтолцоо буюу олон мандаттай мажоритар системийн автор нь Товуусүрэн гэж байсан. Зайлуул одоо хаа явдаг юм бол. Лав энэ тогтолцоогоороо өөрөө дивтат болж чадаагүй санагдана. 1996 оны абсолют мажоритари тогтолцооны эзэн нь Шаалуу, Зэнээ, Жадамбаа гэж гурван эр байв. Үүнээсээ болж МАХН анх удаа сонгуульд навсайтал ялагдсан. 2000 онд энэ хуулийг өөрчлөх гэсэн боловч Ардчилсан нам тас унжсан. Шанд нь ганцхан дивтааттай хоцорч билээ.
Сонгуулийн судалгааны дүн үзлээ. Ард иргэд маань ямар хүнийг УИХ-ын гишүүн болгохыг хүсэж байна вэ? Нэгдүгээрт Шударга хүн, хоёрдугаарт Эх оронч хүн. Харин Хуулиа мөрддөг хүн дөнгөж 15-р байрт орж байна. Яг хэнийг шударга, эсвэл эх оронч гэдэг юм бэ? Хариулт нь хүний тоогоор янз бүр гарчээ. Хуулиа мөрддөг хүнийг тодорхойлоход маш амархан. Ямар ч үйлдэл нь хууль зөрчөөгүйг хуулийн заалттай тулгаад л болоо. Харин манай нийгэмд хуулиа мөрдөх нь төдий л үнэлдэггүй юм байна.
Нэр дэвшигч мөнгө тараавал сонгох уу гэсэн дараагийн асуулт байна. Дөнгөж арав гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгоно гэж байна. Харин бараг 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонголтоо хийнэ гэжээ. Ингэхээр юутай ч ная гаруй хувь нь тараасан мөнгийг дуртай авах юм байна. Энэ асуултыг лавшруулан фокус судалгаагаар олон газар хийж үзжээ. Гэтэл мөнгийг нь аваад өөрийн үзэмжээр сонгох тэр хүн нь хамгийн их мөнгө өгсөн нэр дэвшигч болж таарч байна. Үнэхээр сонгогчид маань шударга юм байна, бараг бүгдээрээ амласандаа хүрч байна. Харин хууль зөрчихийг юманд тоодоггүй бололтой.
Төгс хууль гэж хаана ч байхгүй л дээ. Үүн дээр сонгуулийн луйвар гэж нэг сайхан явдал байнаа. Ялагдангуутаа сонгууль тэр чигээрээ луйвар булхай байсан гэж зарлах явдал байдаг нь нэг талын хэтрүүлэг л дээ. Гэхдээ л сонгууль болгонд 5-10 гишүүн луйвраар гарч ирдэг нь тогтсон үзүүлэлт. Энэ нь заримдаа хүчний харьцааг өөрчилдаг. Үүний тод жишээ бол 2004 оны сонгууль. “Манай нам сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй” гэсэн МАХН-ын алдартай афоризмыг санаж байгаа биз дээ? Худлаа амлалт, сонгогчийг худалдаж авах зэрэг бол яахав ээ, энэ бол юун түрүүн сонгогчийн өөрийнх нь хариуцлага. Зальдуулчихлаа, хуурагдчихлаа, мөнгөнд нь боллоо, концертонд нь явчихлаа гэх зэргийн тайлбар бол иргэний өөрийнх нь буруу. Тэр дундаа сонгууль болгоноор хуурагддаг бол хохь нь л гэхээс.
Сонгуулийн хууль бол Үндсэн хуулийн дараа орохуйц тогтолцооны эрэмбэ дэгийг тогтоодог зарчим. Алив орны төрийн болон нийгмийн тогтолцоо аль зэрэг шударга, ардчилсан болохыг илэрхийлдэг хамгийн гол хууль нь Үндсэн хууль, Сонгуулийн хууль хоёр байдаг. Иймээс тогтвортой хуультай байх ёстой. Улс төрийн намууд ижил гараатай, ижил дүрэмтэй байж зөв шударга өрсөлдөөн болно. Иймээс бүх улс төрийн намууд ижил дүрэмд захирагдах ёстой. Яг л аль ч спорт ижил дүрмээр явагддаг шиг. Ялангуяа намууд нэр дэвшигчээ тодруулах арга технологи журам дүрэм адил байж шударга гэсэн шаардлагыг хангана. Сонгууль болгонд янз бүрийн систем авч ашиглахгүй байхын тулд сонгуулийн дүрмийг заавал Үндсэн хуулинд бэхэлж өгөх шаардлагатай. Үндсэн хуулинд бэхлэгдсэн сонгуулийн хууль нь маш тодорхой, мурих, өөрөөр тайлбарлагдах бололцоог хаах хэрэгтэй. Одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулинд иргэн гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт буйн санаа нь сонгогч саналаа бусдад дайж өгүүлэхэхгүй, зөвхөн өөрийн биеэр өөрөө шууд санал өгнө гэсэн утгатай. Гэтэл энэ нь мажиратор санал гэсэн үг хэп хэпэг сонгуулийн өмнө тайлбарлаж "ялалт" байгуулж байв. Ингэж байж тухайн нөхцөлд өөртөө тааруулж шинэ мэх бодож олдог зальтай луйварчин, эргүү галзуу солиотон, дээрмийн бүлэг, авилгачдын армиас хамгаалах хаалт болох учиртай.
Ардчилсан тогтолцоонд ороод гуч гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?
2022.7.19
Б.Баабар