Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг 70 жилээр нэмэгдүүлж зургаан жил удирдсан Х.Бадамсүрэн захирлыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа. Сайхан хэрэг л дээ, түүнд баяр хүргэе.
Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн сайн сайхан амжилт ололт, ашиг орлогыг ярихад Монголын талд бүрэн авчирсан “түүх” заавал яригдах учиртай.
Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирсан Должингийн Эрдэнэбилэгийн гарт нь гав зүүж яллагдагчаар татаж шоронд хийж үзүүлсэн. Түүнд гавьяа байсан уу гэдгийг бодохыг ч хүссэнгүй. Одоогоор түүнд 7 жилийн өмнөх Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалд хатгагчаар орсон, 8 жилийн өмнөх Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесст хатгагчаар орсон. Мөн 6 жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг шилжүүлэх ажиллагаанд тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт хамжсан, Зохион байгууллалттай бүлэглэл байгуулсан гэсэн хэргүүдээр ял тулгаж буй. Одоо мөрдөж байгаа хуулиар бол бүгд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн Должингийн Эрдэнэбилэг 2019 оны 3 дугаар сараас хойш хилийн дээс алхаагүй, гадны эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэх ч эрхгүй 3 жил 4 сарын хугацаанд тарчилж байна.
Дээр нь өнөөдрийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т концессын гэрээ хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" ХХК-ийг Улсын дээд шүүхээс тогтоосон 192 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банканд төлчихөөд байна. Энэ төлбөрийг суутган тооцох уу, “бэлнээр тоолоод” авах уу гэдэг нь Монголын төрийн л мэдэх хэрэг.
2018 оны 1 дүгээр сарын 6. Засгийн газар нууц асуудал хэлэлцжээ. Дуусангуут нууц хурлаараа юу ярьснаа зарлав. Улсын Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг няц гишгэж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргаснаа гурван сайд мэдэгдэл хийв.
Засгийн газар хуралдаад л Улсын Дээд шүүхийн шийдвэрийг өөрчилдөг, тэнд суугаа 16 сайдын гарын үсэгтэй тогтоолоор дээрэм хийж болдог цаг үе иржээ. Тэр үеийн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлснээр бол Дээд шүүхийн шийдвэр өмнөх Засгийн газрын шийдвэрийг л буруутгасан. Одоо өөр Засгийн газрын шийдвэр гарч байгаа нь энэ гэсэн юм.
Өнөөдөр тэр хүн ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна. Харин өнөөдөр ямар нөхцөл байдал үүсэв?
УИХ-ын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хянаж ХЭЛЦЭЛ хийж харилцан суутгах санал боловсруулж Засгийн газарт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаад, Сангийн сайд ахалж “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан гэх “Монголиан коппер корпорейшн” талтай хийсэн хэлцэл хийж байна. Засгийн газрын зорилго нь Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг улсын мэдэлд буцаан авахын тулд худалдан авсан гэх тал буюу “Монголиан коппер корпорейшн”-д төлбөрөө төлөх явдал.
Ингээд Д.Эрдэнэбилэгийн авчирсан Эрдэнэт үйлдвэрийг улс төрийн аргаар төрийн мэдэлд “булааж” аваад, оронд нь ял тулгаж өр буюу Д.Эрдэнэбилэгээс авах авлага гэгчийг үүсгээд түүнд төлөх байсан өрнөөсөө ямар эх үүсвэрүүдээс, ямар дарааллаар суутган тооцох жагсаалтаа гаргаж, үүний дагуу УИХ-ын 2018 оны 01 дугаар сарын 04-ны 7 дугаар тогтоол баталсан байдаг юм.
Өөрөөр хэлбэл, Д.Эрдэнэбилэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авчирсаныхаа төлөөсөнд шоронд хоригдож, ял тулгуулж, эрүүл мэндээрээ хохирч, Төрд хураалгасныхаа дараа төрөөс авах ёстой нөхөн олговрынхоо оронд тэдний амаараа тогтоосон мөнгөн төлбөр бүрийг суутгуулж эд хөрөнгөөрөө хохирч “шагнуулав”.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар Б.Жавхлан сайд Засгийн газарт асуудлыг танилцуулсны дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 9-нд “Монголиан коппер корпорейшн”-ий удирдлагуудад санал хүргүүлсэн. Үүнд дээрх харилцан хамаарлуудыг нь дурдаад яаж суутган тооцох саналтай байгаагаа хүргүүлээд байр суурь, саналаа Ажлын хэсэгт яаралтай ирүүлэхийг хүссэн байдаг. Нийт дүн 1.1 их наяд төгрөг! Үүнээсээ ял тулгахдаа тогтоосон дүнгээр “Өр төлүүлж байна” гэх нэрийдлээр суутган тооцсоор байна.
Яагаад Монголын эдийн засгийн хүндрэлтэй тэр цаг үед Монголын төрд 400 сая ам.доллар огт байгаагүйн төлөө, Хоёрдугаарт, Оросын талаас санал болгосон ажлын 12 хоногийн дотор багтааж Монголын төр энэ их хэмжээний мөнгийг босгож чадахгүй байсны төлөө Д.Эрдэнэбилэг шоронд суух, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёстой гэж? Дашрамд ОХУ-ын “Ростех”-ээс ирсэн захидалд Эрдэнэтийн 49 хувийг Монголын талд өгөх эсэх тухай хаалтын хугацааг тодорхой тогтоосон байсныг сануулъя.
Энэ 49 хувийг Монголын талд авчирсан нь гавьяа юу? Эсвэл улс төрийн намын хуучин кадр төрийн томилгоогоор төрийн өмчит компанийн захирлаар ажиллах нь гавьяа юу гэдгийг ялгаа ийм л байна.
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (1)