Дээд хэмжээний айчлалд улс бүр дуртай. Унац нь хоёр талдаа адилхан гарвал бүр ч таатай. Энэтхэгийн парламентын Доод танхимын дарга хатагтай Сумитра Махажаны айлчлалынхаа үеэр мэдэгдэхдээ “Энэтхэг бол дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа том эдийн засагтай улсуудын нэг. Манай эдийн засгийн өсөлтийг Монголын төр засаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтайгаар аль болох сайн ашиглаасай” гэсэн. (“Өдрийн сонин” 2016. 04. 20). Буурай бидэнд тэрбум доллар зээлүүлснээр нефть үйлдвэр баригдаж буй. Зээлээр хөгжиж чадахаа харуулахын тулд нефть үйлдвэрээ заавал бүтээ. Бүтээж чадахгүй бол Оросгүйгээр монголчуудын байж буйг хар гэж бах таваа хангахаар анаж байгаа.
БНХАУ-ын удирдагчид айлчлах бүртээ бидэнд “өөр өөрийн ард түмнийхээ сонгосон замыг хүндэтгэж, адилхан хожъё. Хятадын хөгжлийн галт тэрэг хурдаа авлаа. Хөрш Монгол хамтдаа хурлаарай” гэдэг. Харин бид аварга хөршийнхөө үсрэнгүй хөгжлийн нөлөөнд орвол тусгаар тогтнолоо алдана гэх онолоор чангарч ирэв. Энэ тэнэгрэл гаднаас шордсон хатгаас болохоос монгол тархинд төрсөн онол биш юм шүү. 1,4 тэрбум хүнтэй Хятадын аварга хэрэглээ мангас шиг агаад үсрэнгүй хөгжихдөө гаднаас асар их эрдэс түүхий эд импортолсон. Мөнгөжсөн Хятад улстай дэлхийн улсууд түүхий эдийн худалдаа өрнүүлж хожсон. БНХАУ-тай хамгийн урт хилэлдэг хөрш Монгол улс л энэ ховор боломжийг ашиглалгүй ганцаараа хоосон хоцров гэж урд хөрш маань гайхдаг гэсэн.
В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров тэр жил зам зуур Монголд дөрөө мулталж, манай сэтгүүлчийн “Монгол Орос улсын өмнө геополитикийн ямар сорилтууд тулгарч байна вэ” гэсэн асуултад хариулахдаа “Найрсаг харилцаатай Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэж амлаж байв. Бүр БНХАУ-ын өмнөөс амласан амлалт гээд бодчих.
Зөвлөлт импер нурж Орос гүнзгий хямралд унуут Баруун гэж тэмүүлээд соц. лагерийн сүйрэлд живсэн Монголоо хаясан. Коммунизмд давагдашгүй гамшиг учирсан тул бид “балчигт живэхэд гараас татсангүй” гэж орос ахдаа гомдоогүй. Энэ нь нүүдэлч-малчдын төрмөл зан. Хаврын тэнгэр шиг хуйсагнадаггүй тал нутаг шигээ нэг л зангаараа “тусгаар тогтнолыг минь авч өгсөн орос ах нар” гээд налайж суудаг. Цаг агаар тэнгэрээс болж муудахаас газраас гайтдаггүй. Ах нарыгаа бид хэзээ ч цаашаа гэхгүй. Цаашаа гэх тэнхээ ч бидэнд байхгүй. Монголд “танилтай хүн талын чинээ” гэх үг бий. Бид дэлхийн улс орнуудтай танилцаж түншилмээр байна. Хоёр их гүрний завсар дэлхийн мухарт түгжигдсэн хэт цөөн хувь заяа минь олонтой хөл нийлүүлэх хэрэгцээ рүү түлхэж буй. Тиймээс бид гурав дахь хөрш гэж ярьдаг.Хөгжмөөр байна. Бид хөгжвөл хөрш та нарт тээргүй Монгол болно. Энүүхэндээ сэм асуухад та нараас минь хөрш ах дүүс чинь яагаад зугтана вэ?
30 жилд юу юу болов оо? Социалист лагерийн мөхлөөр дэмжиж тусалдаг СССР-тээ хаягдсан ар Монгол бойтоглов. Газрын гүнд орших ашигт малтмал гэгч чулуу шороогоо олборлох, тээвэрлэх, борлуулах хүч хөрөнгө байсангүй. Ганц горьдлого гадны хөрөнгө оруулалт дуудах. Бид дэлхийн хөлдүү дээврээс өлссөн боохой аятай баахан улив. Тэгтэл үсрэнгүй хөгжиж эхэлсэн хил залгаа БНХАУ болон гуравдагч хөршүүдээс хөрөнгө ороод ирлээ. Өмнөд их хөршийн хэрэглээ суга өсөж, эрдэс баялгийн үнэ цойлсон мөчлөг азаар таарч манай өсөлт арав хол өнгөлзөв. Оюу толгой Таван толгойн ордууд дуулиантлаа. Үнсэнд унасан шалз өндөлзлөө. Сүүлийн гуч гаруй жилийн түүх хуучилж буйгаа дахин хэлье.
Чингэтэл ОХУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар орхисон Монголоо шил даран эргэв. 20 жил нүүр буруулсан ахыгаа гэнэт зочлоход зэлүүд талын цайлган дүү нь баярласан гэж хачин. Аугаа ачтан ах гуай нь яаж ганзага хоосон морилохов, уртаашаа хоёр гоё бэлэгтэй иржээ. Нэг нь Москвад буудуулсан манай 149 эх орончоос 19-ийнх нь баримт, зарим гэрэл зураг, нөгөө нь Их өр гэгчийг эцэслэн шийдэхэд сэм халаасалж хоцорсон 188 сая ам. долларын үлдэгдэл. Бэлгээ гардуулахад ахмадууд 20 жил тасарсан найрамдал-дружбагаа уухайлан баяслаа. Хөөрсөн ахмад дайчдын аргисан хоолой тасалдахад залуусаар сэлбүүлэв. Залуус ахмадууд шиг гүрээнийхээ судсыг гүрийлгэн уухайлахдаа ичиж харагдсан. Ардчилалд 20 жил хордсоных биз.
Өндөр дээд айлчлалын өгөөж ч дороо гарлаа даа. Барууныг колончлогчид гэж үзэн яддаг коммунист онол сэргэв. Унтраагүй байж. Газар шорооныхоо төлөө амиа золих эх орончид Төрийн ордон өөдөө нум сумаар харваж, бүр давраад гранат хурц буугаар зэвсэглээд бүсэллээ. Уранд хордсон малын төл гээд улаан цурвууд телевизээр харуулах шоу дэлгэрэв. Гурав дахь хөршөө хөөгөөд зогссонгүй Оросод хаягдаад лангуу хоосорсон үед голд орсон урд хөршөө “зөөлөн аргаар сэм залгих дайсан” гээд эрээ цээргүй доромжилж хажиглав.
ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин өвөл хөлддөг боомт хүртэлх 5000 км тойруу тээврээ 1000 гаруй км Тяньжингийн үнэ хүртэл хямдруулна гэж ханхалзлаа. Тэгж тээвэрлэвэл Оросын төмөр зам алдагдалд унах тул Якунин үгнээсээ буцаж, Монгол Хятадад уусна гэж айлгав. “Түүний номнолын салхиар Монголд хэт үндсэрхэг бүлэглэлүүд үүсэж, тэдний идэвхтэнүүд хас сахиус зүүж, хятад иргэдийг зодох, дээрэмдэх, хятад эрчүүдтэй холбогдсон гэх монгол бүсгүйчүүдийн үсийг хуссанаа гайхуулан ярив” гэж “Власти” сонин онцолж байв.
“Орос ах нар минь юм чинь Монгол хохирсондоо яадаг юм” гээд Хятадтай хаяалдаг Таван толгой ордоосоо чанх хойш нутаг дундуураа 1000 гаруй км өргөн төмөр зам байдгаа сэгсэрч тавиад, 5000 км тойруу транссибирээр 2-оос 3 дахин алдагдалтай (нийт 6000 км) тээвэр хийж, хөлддөг боомт гэсэхийг хүлээх хэн ч бодсон арай горьгүй байх аа. Баргийн юмыг бид орос ахынхаа төлөө даахыг хичээнэ. Цөөн хүн ам, жижиг эдийн засаг бүхий дожной хөршдөө хэт их гүрэн хорлох гээгүй л бол тэсэж үлдэхүйц төслөөр хэт холголгүй айлсмаар.
В.Якунин манай сэтгүүлчийн “АНУ-ын Мянганы сорилын корпорациас төмөр замын салбарт 188 сая доллар олгохоор болсон. Гэтэл үүнийг буцаах болоод байгаа. Үүн дээр Оросын тал ямар байр суурьтай байна вэ?” гэсэн асуултад хариулахдаа “Үнэгүй баяслаг зөвхөн хавханд байдаг гэх зүйр үг Оросод байдаг. Та бүхэнд үнэгүй бэлэг авахгүй байхыг зөвлөе” гэж зааварлав. Зааврын дагуу манай 76 төрөө түшихдээ үл үзэгдэгч хавх тойрч гишгээд үнэгүй бэлгээс зугтлаа.
Гэтэл хэдэн жилийн дараа базаахгүй явдал нэг гарав. Ерөнхийлөгч маань шуналдаа хөтлөгдөн шиншилсээр үнэгүй баяслаг олж үмхээд орос хавханд хавчуулж золигтов. Үнэгүй баяслаг хавханд байдаг гэх орос үг ортой нь батлагдлаа. Хавхнаас нь 76-уулаа хамтын хүчээр салгаж, барьцаанаас нь гаргахгүй бол тэр улсаа худалдах новш байж.
Эгийн УЦС, V-ДЦС, нүүрс зөөх уурхайн 267 км төмөр зам ашиглалтад орсон бол бид чинээлэг болсон. Үүнд харамсах ёстой юу? Бичих ёстой юу? 1921 оноос хойшхи эмгэнэлээ мартаад хамтаръя гэхээр “Баялгаар арвин Монголд гаднаас мөнгө цутгавал дорхноо өндийнө” гэх анаатай геополитикт сөгдсөнөөр хөрөнгө оруулагчдаа хөөж дуусав. Гэхдээ ганц Балыг бодвол 76 маань бие биедээ түшиг болоод дээрджээ. Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөх нууц тулгалтад дарамтлуулсан ч ганцаар бус 76-уулаа гэдгээ мэдэрч зоригжоод гэрээгээ сайжруулна гэх ухаан сийлэв. Энэ бол ганц бус 76 гавлын ач. В.Путины тойрон хүрээлэгч орос олигариудын өөдөөс сөрсөн хамтын эр зориг. Муугаар хэлбэл ганцаараа үхэхгүй 76-уулаа гэх эго.
Гэтэл хуучин руугаа хургагч монголчуудыг дөрөөлж Ю.Цэдэнбалын хойт дүрийг тодруулах орос сунтаг шүүлт идэвхжив. 76 гишүүнтэй манай парламент орос сунтаг шүүлтэд автсангүй. 76 гишүүнийг 76 утсан хүүхэлдэй болгож, ярсхийтэл гар өргүүлэх ярвигтай аж. Ганц ерөнхийлөгч бол амар. Манайх шиг байршилтай жижиг буурай орон ерөнхийлөгчийн засаглалтай болбол түвэггүй атгуулна. Ерөнхийлөгч хэмжээгүй эрхтэй байх тусмаа гадны саварт хялбар базуулдгийг бид 70 гаруй жил туулсан. Парламентын 76 гишүүнийг бус буурай орны ганц ерөнхийлөгчийн сүнсийг зайлтал нууцаар айлгах-том гүрэнд тоглоом.
Муу нэрт 76 маань Чойбалсан, Цэдэнбалын эдэлсэн зовлонгоос зай барьж дөнгөв. Ерөнхийлөгчийн засаглалаас бяцхан Монгол хол байх нь өлзийтэй. Парламентат тогтолцоондоо мөргөж, муу нэрт 76-н тэнэгээ тусгаар тогтнолын минь дархлаа гээд өглөө бүр дээжээ тэдэнд өргөцгөө. Олны мэргэн зөвлөгөө 76-г дасгалжуулж, ухаан бяр суулгана. Орь ганцаар буланд шахуулах аймшиг. 76-уулаа буланд шахуулбал хүн чанар чинь бүрэн унтрахгүй. Муу ч байлаа 76 чинь аминд орно шүү гэж хойч үедээ захья.
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг.
Ц.Доржготов /2022.07.04/