Эхлэл цэг
Баялаг чухал боловч ямар баялаг чухал вэ гэдэг нь гол асуудал юм. Манай улсын хувьд байгалийн баялаг дээр илүү түлхүү баялаг гэж ашиглаж яг үндсэн гол “баялаг”-ийг хайхрахгүй байгаа харагддаг. Өндөр хөгжилтэй улс орны хувьд баялаг нь Үндсэн хуулиас эхэлдэг. Үндсэн хууль болон хуулийн бат бөх байдал хөгжил цэцэглэлтэд хүрэх үндсэн баялаг болж хүний эрх, эрх чөлөөг хамгаалж засаглалаа сайжруулах үндэс болдог. Энэ нь сүүлийн 300 гаруй жил дэлхий асар хурдацтай хөгжсөний эхлэл байлаа. Тэгвэл энэ эхлэл яаж, хэзээ, хаана эхэлснийг харж үзье.
Саяхныг болтол хүн төрөлхтөн хэмжээгүй эрхт хаант засагтай байлаа. Тэр үед хүний эрх гэдэг ойлголт байхгүй бүхнийг ганцаар шийддэг хаан болон хэдэн язгууртнуудын мэдэлд тухайн улс орон байсан юм. Хүмүүс ажил хийж татвар төлөхөөс өөр юу ч хийж чадахгүй хэдэн мянган жилийг туулсан. Дарангуйлагч засгууд хоорондоо байлдаж битүү дайн, үймээн самуун дунд хүн төрөлхтөн явж байлаа. Харин 1688 онд Британийн аралд гарсан “Ялгуусан хувьсгал” (The Glorious Revolution) Хэмжээгүй эрхт хаант засгийг хязгаарлаж парламентын засаглал үүсч, хүн төрөлхтөн Үндсэн хуультай болох нөхцөл бий болжээ. Ингэж хүний эрх, эрх чөлөөний эхлэл тавигдсан. Энэ үеэс эхлээд хүн төрөлхтний "үзэл бодол" хоёр хуваагдах болсон юм. Нэг нь хүний эрх чөлөөний талд буюу Үндсэн хуулийн талд, нөгөө тал нь дарангуйлагч засгийн талд. Энэ жижиг цог Францын хувьсгалыг эхлүүлж 100 жил үргэлжилсэн юм. Наполеон Европыг тэр чигээр нь хаант засгаас нь чөлөөлсөн учраас түүний нэр төр өдий болтол нэр хүндтэй байдаг. Тэр ард иргэдтэй биш тэднийг дарангуйлж байсан Хэмжээгүй эрхт хаадтай байлдаж иргэдийг чөлөөлсөн юм. Баруун европ чөлөөлөгдсөн ч , зүүн европт буцаад л хэмжээгүй эрхт хааныхаа мэдэлд орсон. Одоо ч энэ хөгжлийн ялгаа харагддаг. Англид гарсан хүний эрхийн цог хүн төрөлхтний түүхэнд байгаагүй том амжилтыг араасаа дагуулж уурын хөдөлгүүр, оёдлын машин бий болж аж үйлдвэрийн хувьсгал, эрин эхэлсэн билээ. Өөрийн зохиосон бүтээлээрээ мөнгө олох боломж нээгдсэн учраас бүгд чадах чинээгээрээ зохион бүтээх ажилд орсон нь энэ байлаа. Үндсэн хууль хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болсон нь энэ байлаа. Өмнө нь хаанд таалагдаагүй бүтээлийн эзэн шууд цаазын тавцанд очдог байв. Иргэд боловсролтой, ухаантай болчихно гэж хаад болгоомжилж байсан юм. Ингэж иргэд хуулиар хамгаалагдах болжээ. Аж үйлдвэрийн хувьсгалаар хүмүүс мөнгөтэй тогтмол орлоготой болж, ажлын цагтай болж улмаар чөлөөт цагтай болсон юм. Ингэж 1850 оноос хойш спортын бүх холбоод 50-хан жилийн дотор бий болж, дундын наадам болох Олимпыг хүртэл санаачилсан юм. Мэдээж аж үйлдвэр хөгжсөн улсуудын санаачилгаар. Улмаар 1776 онд АНУ байгуулагдаж Үндсэн хууль ямар чухлыг харсан. Бид нар л тоохгүй байгаа болохоос хэмжээгүй дарангуйлагчаас хүн бүрийн эрх тэгш хуулийг бий болгох нь тухайн үедээ асар том ололт байлаа.
Азийн жишиг улс
1868 онд хааны эрх мэдэл билэг тэмдэг төдий, түүний ард Токугавагийн гэр бүл Япон улсыг хэмжээгүй эрхт засаглаж байв. 1600 оноос хойш засгийн эрхийг барьсан Токугавагийн гэр бүлийн дор Япон улс туйлын ядуу зүдүү байсан юм. Токугавагийн мэдэлд хараахан ороогүй Сацума овгийн бүс нутаг өмнөд зүгт байрладаг автономит эрхтэй, бүр гадагшаа бие дааж худалдаа хийдэг байжээ. Овгийн тэргүүн Окубо Тошимичи нь Тоса болон Хидзэн овгийн удирдагчдыг өөрийн талд оруулж Токугавагийн удмыг эрх мэдлээ хязгаарлаж хаанд хуучин хэргэмийг нь өгч гэхдээ эрхийг нь хязгаарлаж парламентын засаглалтай болох эхлэлийг тавьсан юм. Эрс шийдэмгий шаардлагад иргэний дайн гарахаас сэргийлж Токугавагийн удмыг эрх мэдлээ шилжүүлэхийг санал болгоход азаар зөвшөөрсөн юм. Ингэж Япон улс
- Дээд, доод гэсэн хууль тогтоох хоёр танхимыг байгуулж, төрөөс хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг нийт олонхийн санаа бодлыг үндэслэн шийдвэрлэх
- Эзэн, язгууртнуудаас болон ард иргэдийн дундаас эрдэм чадлаар шалгарсан хүнийг зөвлөлийн гишүүн болгох
- Нийт олонхийн саналд үндэслэн зохих хууль журмын дагуу гадаад асуудлыг шийдэх гэх мэт илүү ардчилсан засаглал руу шилжсэн байна. Ингэж Японы их үсрэлт буюу Мэйжигийн эрин эхэлсэн түүхтэй. Гэхдээ Токугавагийн удмынхан эргэж босож магадгүй гэж үзсэн учраас газар нутгийг нь хураан авч иргэний дайн дэгдэж 1 жилийн дараа Токугавагийн удам бүрэн ялагджээ.
Эдгээр түүхүүдээр юуг хэлэх гэсэн бэ гэхээр хүн төрөлхтний хурдацтай хөгжлийн зам үндсэн хуулиас эхэлж парламентын засаг үүсч эдгээр улсуудаас гадагш тарж, тэр хүрээ одоог хүртэл тарсаар байгаа юм.
Ном хэвлэвэл хүмүүс ухаантай болоод бослого гаргана, төмөр зам тавьбал хүмүүс хүссэн газар руугаа дураараа зорчиж бослого гаргана гэж үзэж байсан Осман болон Оросын хаант засаг цагийн эрхэнд унаж мөхсөн бөгөөд баруун европоосоо хөгжил цэцэглэлтийн хувьд асар хол хоцорсон байлаа. Тэнд төмөр зам тавигдаж хүмүүс хүссэн номоо уншиж байсан юм. 1917 онд Хаант оросыг унагасан большевикууд нэрийг нь өөрчлөөд коммунизм, социализм нэртэй өөр нэг төрлийн хэмжээгүй хаант улсыг үргэлжлүүлсэн юм. Германд нацизм, Италид фашизм бий болж, Япон ч эзлэн түрэмгийлэл рүү орсон байдаг. Гэвч тухайн үеийн засаглалын хэлбэр нь азаар ялагдсанаар хүн төрөлхтөн парламентын засаглал, ардчиллаа хадгалж үлдсэн юм.
Монголд
Солонгосын хойг, Вьетнамд болсон дайн бол хоёр системийн дайн. Орос, Америк л гэж хараад байгаа болохоос үнэндээ Нэг нь парламентын засаглал, нөгөөх нь "хэмжээгүй эрхт хаант" засаглалын тулаан. Бид хэмжээгүй эрхтийг нь Зөвлөлтийн дор дагасан боловч 1990 онд сайн дураараа татгалзаж нөгөө тал руу нь орсон. Үнэндээ дарангуйлал ялах уу, хүний эрхийг дээдэлдэг тал ялах уу л гэдэг тулаан. Ингэж бид 1992 онд Шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш монголын эдийн засаг, хөгжил өмнө байгаагүй хэмжээндээ хүртэл хөгжжээ. Хүний эрх, эрч чөлөөг дээдлэх болсноор монгол улсын газар нутагт буй үндэс угсаа, гарал үүсэл , шашин шүтлэг, арьс өнгө ялгахгүйгээр үндсэн хуулиар хамгаалагдах боллоо. Монголд өмнө нь байснаас илүү гаднын хөрөнгө оруулагчид цувах болсон шалтгаан Монгол улсын хуульд итгэж байгаагийн шинж. Монголчууд бид үндсэн хуулиас илүү шашинтай ойр. Ардчилсан төрийн үндсэн хуультай болоод ердөө 30 жил болсон бол шарын шашинтай нөхөрлөөд 400 орчим жил болсон гэхээр аргагүй юм. Иргэд битгий хэл төрийн албан тушаалтнууд нь шийдвэр гаргахдаа Үндсэн хуулийг биш шашныг удирдлага болгож буй харагддаг. Шашин гоо зүй, ёс зүйн доройтлоос аврах ч эрх зүйт төрийн иргэний боловсрол олгохгүй. Тиймээс бид цаашдаа үндсэн хуультайгаа нөхөрлөх хэрэгтэй.
Б.Батзаяа /baabar.mn/