Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ойн усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн.
Энэхүү санаачилгын хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний хүрээлэн” УТҮГ, Баянгол дүүргийн ЗДТГ хамтран “Тарья, арчилъя, усалъя, ургуулъя” сэдэвт сургалт семинарыг өчигдөр (2022.06.30) зохион байгууллаа.
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын Газар, “Байгаль орчин судалгаа шинжилгээний төв” УТҮГ-тай хамтран дүүргийн хөрсний шинж чанар түүний онцлогт тохирсон модыг сонгох, тарих арга аргачлал, тарьсны дараах усалгаа, арчилгааг хийх талаар сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Баянгол дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга нар, нийгмийн ажилтан, СӨХ-ныхон болон Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвийн алба хаагчид танхимаар болон цахимаар оролцсон бөгөөд нийт 200 орчим хүмүүсийг хамрууллаа.
Сургалтын үеэр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн А.Цээпил Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги төлөвлөгөө, ОУУБИС-ийн Ойн цэцэрлэгжүүлэлтийн тэнхимийн эрхлэгч Д.Чанцалням ногоон байгууламжид тарих ургамлыг сонгох, тарьж арчлах, Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ БГД-ийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын талаар илтгэл тавьсан юм.