x

Буруутгах аргагүй “хууль бус” зөвтгөл

Хүү мэндлэхэд “Эх орноо манах хүүтэй боллоо” гэж баярладаг ард түмэн байлаа, бид. Голомт залгах хүүтэй боллоо гэж биш эх орноо хамгаалах үртэй боллоо гэж түрүүлж жаргадаг байсан юм. Харин одоо бид нийтээрээ “Хүүгээ л цэрэгт битгий явуулаарай” гэх. Эр цэргийн алба хаах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрхэм үүрэг ч “Цэрэгт мордуулахгүй” гэх аав, ээжийн сэтгэл бол буруутгахын аргагүй “хууль бус” зөвтгөл.

Үнсээд үдсэн халуун зүрхт үр нь хүв хүйтэн цогцос болж, эсвэл эрэмдэг болж, насаараа “дутуу” амьдрах хатуухан тавиланг дагуулан ирж байхад яалаа гэж үрээсээ илүү эх орноо хайрлах билээ. Саяхан Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг танилцууллаа. Тайланд дурдсанаар сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамааралтай байна.

2011-2022 оны хооронд 15 цэрэг ээж, аавдаа эргэж ирсэнгүй

Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байна. Харин энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 буюу 41.8 хувь нь дүрмийн бус харьцаа, 24 буюу 24.4 хувь нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 217 гэмт хэрэг, зөрчилд 298 алба хаагч холбогдон шалгагдаж, 37 цэргийн алба хаагчийн амь нас хохирсны 13 нь хугацаат цэргийн алба хаагч,107 цэргийн алба хаагч дүрмийн бус харьцааны зөрчил гаргасны 36 нь хугацаат цэргийн алба хаагч байсан бол цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт 31 хугацаат цэргийн алба хаагч холбогджээ.

Дотоодын цэргийн анги, байгууллагад 2012-2013 онд нэг гэмт хэрэг, найман зөрчил бүртгэгдсэнээс хүний эрүүл мэнд хохирсон хоёр, цэргийн албанаас оргон зайлах нэг, бусад хэлбэрийн таван зөрчил байна. Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байна.

ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Үүнээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон ес, эрүүл мэнд хохирсон 44, оргон зайлсан 14 тохиолдол байлаа.

Дүрэмтэй хуарангийн дүрмийн бус харьцаа

Социологийн судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж хариулсныг 2006 оны ХЭҮК-ын судалгааны зарим дүнтэй харьцуулахад 11.3-20.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Долоон үзүүлэлтийн зургаа нь буурч, ганц л үзүүлэлт 13 хувиар өсжээ. Энэ нь “Дүрмийн бус шийтгэл хүлээлгэх”.

Дүрэмтэй хуарангийн “дүрмийн бус харьцаа” хэмээн нэрийдсэн энэхүү үзүүлэлтэд цэргүүд цохих, зодох, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, ус өгөхгүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх зэргийг нэрлэжээ.

ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын найм нь хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, нэг нь хугацаат цэргийн алба хаагч захирагч даргынхаа амь насыг хохироосон байгаагаас хоёр нь зодож цохисон, дөрөв нь галт зэвсэг ашигласан, нэг нь амьсгал боогдуулсан, гурав нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь БҮГДЭЭРЭЭ цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Хамгийн харамсалтай нь, дүрмийн бус шийтгэлүүд улам төгөлдөржсөнийг энэхүү тайланд дурджээ. Тодруулбал, 2021 онд ХЭҮК-оос хийсэн социологийн судалгааны үр дүнгээс үзэхэд дүрмийн бус харьцааны зөрчлийн хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй хэдий ч өмнөх судалгааны дүнгээр илэрч байгаагүй өөр хэлбэрүүдийг цэргийн алба хаагчид нэрлэжээ.

Тохиолдол 1

2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ... хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан. (Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)

Эрийн дайтай эр хүн болгох гэж явуулдаг атал...

Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байгааг дурджээ. Тодруулбал, социологийн судалгаанд оролцогчдоос ямар нэгэн хэлбэрээр бэлгийн дарамтад өртөж байсан талаар тодруулахад бусдыг үнсэх тушаал өгөх, тоглоом тоглуулах, бие болон бэлэг эрхтэнээр оролдох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах зэргээр илэрч, зэвсэгт хүчин, хилийн цэрэгт тус бүр найман хугацаат цэргийн алба хаагчид бэлгийн дарамтад өртсөн гэсэн байна. Харин цэргийн алба хаасан 17 иргэн бэлгийн дарамтад ямар нэгэн байдлаар өртөж байснаа илэрхийлжээ.

Тохиолдол 2

Зэвсэгт хүчин ...“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан ... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”. (2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)

Тохиолдол 3

Хилийн цэрэг ... намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд намайг тонгой гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан ... 22.00 цагийн үед... (Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол

Эх сайхан Монгол орноо, ард түмнээ айх аюулгүй дархлан хамгаалах эрхэм бөгөөд хүндтэй үүргийг хүү минь үүрч яваа гэж өвгөн ээж, аав нь бодож суугаа болохоос гаж нэгний хүслийн золиос яваа гэж хэн санах билээ.

Мөн энд дурдсан судалгаагаар хилийн цэрэгт “Удирдах албан тушаалтан хувийн ажил”- аа хийлгэх явдал хамгийн өндөр буюу 11.7 хувийн үзүүлэлттэй байлаа. Айлын тогоо шанагатай зууралдахаас илүүтэй эх орноо гэх төлөвшил, хүндлэл бахархал түүнд төрж, түүнээ санан дурсах ёстой атал даргын эхнэрийн туслах хийсэн жилүүдээ тэр цэрэг юу гэж дурсахсан билээ дээ.

“Цэргээс халагдаад”...

Хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, гурав нь маш их шаналгаатай төлвийг тус тус сонгосноос 108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв. Сэтгэл зүйн таагүй төлөв байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт, ирээдүйд санаа зовнисон байдал, алба хааж буй газар орон, орчин нөхцөл, хүмүүс хоорондын таарамж, ар гэрээ санах зэрэг шалтгаантай холбоотой байжээ. Судалгаанаас үзэхэд амиа хорлосон таван тохиолдлын гурав нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ. Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7 хувь нь нэр төр гутаагдсан, 8.9 хувь нь хайртай хүн урвасан, 7.3 хувь нь басамжлан доромжлуулсан, 4 хувь нь эцэг, эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн, дөрвөн хувь нь хардалтаас болсон, 3.2 хувь нь олны өмнө үзэн ядагдсан, 3.3 хувь нь олны өмнө ичгүүрт байдалд орсон учраас гэж хариулжээ. Цэргийн албаа тэгш дүүрэн хаагаад нутагтаа очоод ихийг бүтээх бодол 18-хан настай залуугийн дотор ханхалзан яваа. Харин харгислал, яргаллын дүнд нүүрнийхээ цогийг гээж, нүднийхээ галыг унтрааж, туйлдаа хүрсэн зарим нь хүссэн, мөрөөдсөн бүхнээ суран тэлээ, модонд үлдээгээд үүрд буцаж байна.

Тохиолдол 4

2019 оны ... дугаар..-ны өдөр Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яахав үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан... (Прокурорын ... дугаар тогтоол)

Дайн дажин нүүрлэсэн хүнд, хэцүү цагт бус энхийн цагт хөвгүүдээ ингэж алдсаар, зэрэмдэглэсээр байх гэж үү. Монгол Улсын Цэргийн тангарагт “Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая. Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ” хэмээдэг. Тэд тангарагаасаа няцвал цээрлэл хүлээнэ. Гэтэл Үндсэн хуулиараа үүргээ биелүүлсэн цэргүүдийг амь насыг хэн хамгаалах вэ. Энэ салбар дахь үхэл хагацлын чимээ хэзээ сураг алдрах вэ.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 мин Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 34 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top