Тулгар төр байгуулагдсаны түүхт 2,230, 2,231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой гээд давхацсан ойнуудыг долдугаар сард тэмдэглэнэ.
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж, бөхчүүд, харваачид, уяачид бэлтгэлээ базааж байна.
Тухайлбал "Найман шарга" амралтын газарт Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас баяр наадамд оролцох бөхчүүд, сурчид, шагайн харваачид бэлтгэлээ хийж байгаа аж.
Харин Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч хурандаа М.Болдбаатараар удирдуулсан тус ангийн алба хаагчид Дархан цаазат Богдхан уулын зүүн энгэр Шажин хурахын аманд Үндэсний их баяр наадмаар Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслолын бэлтгэлдээ гарчээ.
Хариуцлагатай үүргийг хүлээдэг тус албанд алба хаагчдыг нарийн шалгуураар шалгаж, зааж зөвлөж, сургадаг байна.
Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ.