Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна.
Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 13-ны хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын орц, гарцыг шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Эрэл” ХХК-д газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тавдугаар сарын 4-нд өгсөн. Гэвч өнөөдрийг болтол тус компани хариу өгөөгүй, компанийн удирдлагууд олддоггүй, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан асуудал тулгарч байна” гэлээ.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны оршин суугч “Олимпын гүүрний барилгын ажилтай холбоотойгоор 3000 гаруй оршин суугчдын эрх ашиг хөндөгдсөөр зургаа дахь жилтэйгээ золгож байна. 2016 онд Олимпын гүүрний барилгын ажил эхэлснээр гүүрний урд болон хойд талын оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн. Баруун урд болон урагшаа гардаг хоёр гарцыг хааж, гүүр барьсан. Нийслэлийн удирдлагуудад удаа дараа гарц хааж байгаа талаар гомдол гаргасаар ирсэн. Нийслэлийн зүгээс иргэдийн эрх ашгийг хамгаалж, маргааныг шийдэхээр шуурхай арга хэмжээ авч буйд оршин суугчийн хувьд баяртай байна” гэсэн юм.
Мөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэл 1.23 км авто зам, 33 метр гүүрний барилгын талбайд “Эрэл” ХХК-ийн газар орсон. Тус замыг дөрвөн эгнээ, нэг талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, нөгөө талдаа 1.5 метр өргөн дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөж барилгын ажил эхэлсэн. Мөн 33 метр урт гүүрний барилгын ажил эхэлжээ. Зам, гүүрийн байгууламжийн ажлыг 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Говийн замын ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой юм.
Бүтээн байгуулалтын газарт 15 аж ахуйн нэгжийн газар өртжээ. Өнөөдрийн байдлаар 10 байгууллагатай тохирч, газар чөлөөлөлт хийсэн. “Эрэл” ХХК-ийн тухайд хоёр удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүлж буй юм.
Хариу өгөхгүй бол үе шаттай арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай аж.