x

Монголд “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” шиг энэрэнгүй хууль олон байх тусмаа хэрэгтэй

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг Монголд анх удаа хэлэлцэхээр болж байна. Энэ хуулийг оройтсон ч гэсэн ийнхүү санаачилж, ажил хэрэг болгохоор явж байгаа нь сайшаалтай. Тэжээвэр амьтад бол хүн төрөлхтний хувьд аль ч цаг үед гэр бүлийн гишүүн, дотны найз нь байсаар ирсэн. Ийм ойлголт ч дэлхий даяар бий. Хүмүүнлэг нийгэмд муур, нохой, туулай, тоть, усан гахай, загас гээд тоочоод байвал гэрт тэжээдэг мал, амьтан тоймгүй олон доо. Харин нүүдэлчний нийгэмд тэжээвэр амьтан арай өөрөөр харагддаг. Тэжээвэр амьтныг хэрэглэгдэхүүн гэж үзэж харьцдаг. Энд малын тухай цухас дурдахад, бид мал тамладаг ард түмэн. Дэлхий дээр мал тамладаг хамгийн харгис үндэстэн бол монгол. Тэр талаар бичвэл цаас, бал хүрэлцэхгүй. Монгол банхар, нохдыг л харахад турж үхэхээ алдсан, ноос үсээ ч хаяж дийлдэггүй сэнсэрсэн амьтныг гаднаа дөрвөн улирлын турш гинжилчихсэн байдаг. Ялгадас, шавхруугаа идүүр нэртэй юм руу нь шидэж өгөх жишээтэй. Хөдөөд бол хусам төдийхнөөр л тэжээдэг нохойгоо чонотой тулалдаж, хонио манасангүй гээд балбаад байдаг. Согтуу хар юм ирээд нохойгоо балбана. Эхнэртээ агсамнаж чадахгүй болохоор хаяандаа хэвтсэн өнөө муу банхараа юм уу гадаа тоглож байсан хүүхдээ балбаж уураа гаргадаг. Нохой бол гарын чилээгээ гаргадаг амьтан нь. Монголчуудын хувьд гэртээ тэжээдэг түгээмэл атлаа тоотой хэдхэн амьтны нэг бол муур. Хэзээнээс ч юм монголчууд мууранд таагүй хандсаар иржээ. Хамгийн сүүлийн сэтгэл эмзэглүүлмээр, хэрцгий жишээ бол “Муур нярайн хамрыг иджээ” гэсэн худал мэдээнээс болж хичнээн олон муур тамлуулж үхэж, хэдэн айл тэжээвэр муурнуудаа гэрээсээ хөөж гудамжинд гаргалаа даа. Дараа нь шүүхийн шинжилгээгээр огтоос тийм зүйл болоогүйг нотолсон.

Гэтэл барууны оронд гэрийн тэжээвэр амьтны тухай ойлголт манайхаас огт өөр, энэрэнгүй. Жижигхээн сөөсийсөн шар дэгдээхэй явж байхад ухасхийгээд бариад авдаг гэрийн тэжээвэр амьтан тэнд нэг ч байдаггүй. Нохой, муурных нь урдуур шар дэгдээхэй дэгдээд өнгөрөхөд зүгээр л хараад өнгөрүүлэх төдийгүй бүр хотын хөл хөдөлгөөнтэй гудмаар үр зулзгаа дагуулсан амьтад хээв нэг алхалж байх дүр зураг зөндөө л харагддаг. Гэрт, энэрэнгүй хүмүүсийн дэргэд нялхаасаа өссөн амьтны араатанлаг шинж нь дарагдчихдаг байж мэдэх юм. Хэдэн үеэр нь тэр араатныг нүдээ нээсэн цагаас нь хүн бүр өхөөрдөж, хайрлаж, тэвэрч, нурууг нь илээд байхаар амьтан хүртэл зөөлөрч, энэрэх сэтгэлтэй болчихдог бололтой. Нөгөөтэйгүүр тэнд амьтад өлсдөггүй. Гэрийн тэжээвэр амьтнаа өлсгөдөггүй учир эзнийхээ өгсөн хоолноос өөр зүйл болон амьд юм руу дайрдаггүй олдмол зан араншинтай болсон ч гэж хэлж болохоор. Мэдээж араатан учир өлсгөвөл тэр чанар нь гарч таарна л даа.

Тэрхүү хөгжилтэй орнуудаар нохой, муур бусад гэрийн тэжээмэл амьтдын төлөө гэсэн зориулалтын эмнэлэг, сувилал мэргэжлийн доктор, эмч сувилагчид гээд бүхэл бүтэн арми шиг бүрэлдэхүүн ажиллаж эмчилгээ үйлчилгээ хийж санаа тавьж байна.

Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой чухал зохицуулалтуудыг Монголд дөнгөж одоо ч хуульчилж байгаа нь оройтсон хэдий ч сайшаалтай. Ийм хуулийг нийтээрээ хэлэлцэж, иргэд нь тэжээвэр амьтнаа хөтөлж очоод уг хуулийн төсөлд саналаа хэлж байгаа нь манай нийгэмд энэрэнгүй төрх байдал илрэн гарч байна гэж дүгнэж болох юм. Дөрвөн хөлтэй найзууд, хүний үнэнч анд болсон нохой, муур зэрэг амьтад бол ямар ч шашны үүднээс авч үзсэн бид бүгдтэй адил амьтай. Буддын шашны талаас нь авч үзвэл бидэнтэй адил зургаан зүйлийн хамаг амьтны нэг шүү дээ. Дөрвөн хөлтэй найзуудынхаа төлөө хүнлэг, энэрэнгүй хууль санаачилж хэлэлцүүлж байгаа нь маш сайн хэрэг. “Ард түмний амьдрал хүнд, өнөө маргаашаа яая гэж байхад амьтны тухай хууль батлах гэж байна”, “Амьтны тухай хууль санаачлаад ард түмний амьдралаас тасарчихаж” гэж олон нийтийн зүгээс элдэв шүүмжлэлтэй тулгарч байгаа. Ажил хийхгүй байж “Амьдрал хэцүү байна, ядуу байна” гэж ярих эрх монголчуудад уг нь байхгүй. Ажил хийдэг, ажилтай хүн урдахаа л хийж зүтгэдгээс биш таарсан, харсан болгоноо шүүмжлээд утсаа ухаад байх завгүй байдаг юм. Мөн ажил хийх гэж, хөрөнгө оруулах гэж ирсэн гадаадынхныг “Ална, шулна” гэж хуйгаар нь хөөж айлгачихаад “Ажилгүй, амьдралгүй, ядуу байна аа би” гэж ярихаасаа ичвэл таарна. Бид ямар ч нөхцөлд энэрэнгүй байх ёстой. Нийгмээрээ энэрэнгүй байхын чухал үзүүлэлт бол гэрийн тэжээвэр амьтнаа хамгаалах, хуулиар эрхийг нь зохицуулах юм. Дэлхий, тэр дундаа барууныхан энэрэнгүй. Баян тарган юм чинь тэгэхээс яахав гэх байх. Баяндаа ч биш, нийгэм нь энэрэнгүй байдаг.

Бөмбөгт өртөөд үхчихнэ гээд үүргэвч, бүсэндээ гөлөг хавчуулчихсан яваа украин цэргүүдийн зураг, бичлэгийг та бүхэн зөндөө л харж байгаа. Амь наана, там цаана байхад юун гөлөг, нохой аврах вэ. Гэтэл ингэж амьтны амь аварч байна гэдэг бол тэдгээр цэрэг энэрэнгүй нийгэмд бойжиж төлөвшсөний илрэл. Энэ бүхэнд л дөхүүлсэн магтмаар хууль яг одоо хэлэлцэгдэхээр боловсруулалтын шатаа давчихаад байна. УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуульд санал авч буй өдөрлөгийн үеэр нохойгоо хөтлөөд ирж буй зураг сошиалаар явахад хүмүүс үгүй ээ мөн их шоолж, шүүмжилж, доромжлов оо. Яг үнэндээ амарч байгаа үед хүн ийм л байдаг шүү дээ. Ажил хийж буй, амарч байгаа үе гэдгийг ялгах хэрэгтэй. Барууны хөгжилтэй орны төрийн тэргүүнүүдийн нохойгоо хөтөлсөн, салхилуулсан, тэвэрсэн зураг хэвлэлээр нь байнга гарч л байдаг, ялангуяа АНУ-ын. Манайд бол анх удаа нохойтойгоо хэвлэлээр гарсан төрийн хүн нь Г.Занданшатар боллоо. Амьтан, ургамалтай ойр байх нь бусад хүнд эерүү сэтгэгдэл төрүүлдэг. “Энэ чинь харин овоо гайгүй энэрэнгүй хүн юм уу даа” гэсэн зөв сэтгэгдлийг бусдад бэлэглэдэг. УИХ-ын даргын энэ үйлдэл хүн гэдэг чинь амьтантай ийм ойр, амьтнаа эрхлүүлж хайрладаг юм, түүнээс биш бидэн шиг таарсан нохойгоо жов чи гэж өшиглөөд чулуу нүүлгээд байдаггүй юм аа гэдгийг нийгэмд харуулчих шиг боллоо.

Монголчууд морь унаж буй, моринд мордсон зургаа нийтэд гайхуулдгаа хамгийн мундаг, хамгаас хийморилог гэж үзэцгээдэг. Эцсийн дүндээ бол хатуухан хэлэхэд, тэр морийг боолчилж буй л үйлдэл шүү дээ. Морь боолчилсноо гайхуулж буй л зураг. Тэрний дэргэд нохойгоо салхилуулаад, найз гишүүдтэйгээ инээлдээд явж буй зураг бол хамаагүй энэрэнгүй байдлыг харуулж байна. Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол цаг үеэ олсон, нийгмийн захиалгаар гарч ирж буй чухал хууль болох нь. Иргэдийн оролцоо өндөртэйг нь ажиглавал гайгүй сайн хууль гарах шинжтэй. Гэрийн тэжээвэр амьтантай иргэд, амьтдын эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд, энэрэнгүй сэтгэлтнүүд энэ хуульд саналаа нэмэрлэсээр байгаа юм билээ. Ийм энэрэнгүй хуулиудыг Монголд олноор нь баталж, нийгмийн суурь хөрсөндөө шингээж байх хэрэгтэй.

Ийм энэрэнгүй хууль олон байх тусмаа өнөөгийн Монголд тустай. Алсдаа энэ энэрэнгүй хуулиуд Монголын нийгмийг хүнлэг, энэрэнгүй болоход хөшүүрэг, түлхэц болох учиртай юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 14 цаг 15 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top