Орос-Украины дайнтай холбогдуулан 2019.9.10-нд бичсэн судалгааны нэгэн өгүүллээ хоёр хуваан сайтдаа тавихаар шийдлээ. Эндээс мэдлэг мэдээлэл ахиухан олж авах болов уу хэмээн уншигчиддаа учирлая.
Олон улсын харилцаа хамгийн таагүй үедээ явж байна, Орос-АНУ, Орос-Өрнөд, Хятад-АНУ, Хятад-Японы хооронд элдэв зөрчил бэрхшээл, хэрүүл, дагалдаад өрсөлдөөн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал намжихгүй шинжтэй. Business Insider хэмээх хэвлэлийн газрын цэргийн судалгааны лут ном гарчээ. Дэлхийн хамгийн хүчирхэг 25 армийг нэрлэчихэж. Манай хоёр их хөрш маань хоёр ба гуравдугаар байрт жагсана. «Сибирийн газрын зураг тэр чигтээ шар өнгөөр будагдана» хэмээн хийрхдэг оросын цэргийн зарим шинжээчдэд зууш болох мэдээлэл Business Insider-ийн номоор дүүрэн. Тэр номоос элдэв харьцуулалт хайя. Бас Стратегийн өрсөлдөөний төвийн захирал Иван Коновалов гэдэг орос эрдэмтний мэдээлэл, Михал Любина гэх польш судлаачийн нийтлэл, Шанхай дахь Фуданий их сургуулийн профессор Жао Хуашэны дүгнэлт, хонконгийн сонинд дүгнэсэн, орос блогерч цэргийн тоймч Борис Рожин, цэргийн судлаач Виктор Литовкин нарын бичсэн, Валдай клубын зарим экспертийн яриа гэхчлэн олон эх сурвалжийг ашиглалаа. Зохиогч би дур зоргоороо цээжний пангаар огт яриагүй гэдгээ өчье.
“Хүйтэн дайн”-ыг дуусгах гол нөхцөл нь СССР тарж бутарсан явдал. Хэргээр хэн нэгэн нь нураачихсан юм биш. Энерцээрээ “хэт хөгжсөөр” нурчихсан юм. 1970-аад онд Сибирьт нефть оргилоод (нэг баррель нь 12 доллар байснаа бараг 10 дахин өссөн), байгалийн баялаг уул уурхай нь оволзоод асар их орлого орж ирсэн ба Зөвлөлт нь хамаг байдгаа гаднаас авдаг болж, хөнгөн хүнсний үйлдвэрүүдээ хөгжүүлэхээ больж, хэрэг дээрээ хэт хэрэглэгч болсоор нэг мэдэхнээ нөгөө байгалийн баялгийнх нь дэлхийн зах зээлийн үнэ уначихтай зэрэгцээд Афганистанд өдөөсөн дайндаа давхар бүдрээд Зөвлөлт гүрэн нурж унажээ. Коммунист систем нурлаа гээд зовлон барагдсангүй. Коммунист асан орнууд зовиуртай зам руу орж гайт шилжилтээ хийлээ. Өнөө шилжилт нь Монголд өнөө хүртэл явагдаж байна.
Дэлхийн дайнд хүргэчихгүй ч улс төрийн хямрал ямагт дэлхийг ээрлээ. Дүрвэгсдийн “их хөл”-ийн дайнд дэлхий дарууллаа. 2014 он гэхэд л дүрвэгсдийн тоо дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн тооноос давчихсан. Зэвсэгт мөргөлдөөнүүд тасарсангүй, бүр байнгын мөргөлдөөнтэй нутаг дэвсгэр гэх ойлголт албажлаа. Сири, Афганистан, Сомали дээр нэмэгдэх орнууд ч бэлтгэгдчихсэн. Олон улсын харилцаа бүр ойлгомжгүй, тоглоомын дүрэмгүй боллоо. Ирээдүйн дэлхий ямар байхыг таах төсөөлөх боломж хумигдлаа. Олон улсын харилцааны тогтолцоо систем нь өөрийн гэсэн нэр устай явдагсан. 1919-1939 онд Версаль-Вашингтоны систем, 1945 оноос Ялтын систем гэхчлэн. Дэлхийн нэг ба II дайны дараа төлөвшсөн системүүд шүү дээ. Тэр систиемийнхээ хүрээнд тоглоомын дүрмийнх нь дагуу мөргөлдөөнөө зохицуулаад ирсэн бол харин СССР-ээс хойш юу болчихоод байгааг онож оноож хэлдэг лүндэгддэг онол сургааль бараг алга. Нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөөд байгаа учраас тууштай онолдож чадахгүй байна.
Дэлхийд хүчний төвүүд гэж байна. АНУ ба Хятадыг нэрлээд байх шиг. Тэр төвүүд нь бусад их бага улс гүрэнтэй хэрхэн харилцаж байгаагаас дэлхийн хуучин дэгийг сорьж, дараагийн шинэ дэг буй болгох гээд ч байх шиг. Дэг гэдгээ тоглоомын дүрэм гээд ойлгочих. Оросын зарим эрдэмтдийн үздэгээр дэлхийн нэг төв–Хятад нь Орос, Иран, Венесуэлтэй нэгдэж нийлээд тоглоомд оролцчихвол болох гээд байх шиг. Шинэ дэг тогтоох явцад нөлөөний хүрээний хуваарилалт явагдах, эсвэл явагдахаар зэхэгдээд байгаа нь нууц биш. Томхон мөргөлдөөнөөс зайлсхийнгээ нөлөөнийхөө хүрээг тодорхойлох гэж мэрийх байх. Тэр нөлөөний хүрээ гэдэг нь цэргийн бааз, цэрэг байрлуулах тухай биш л дээ. Борлуулах зах зээл олж авах, тэлэх, байгалийн нөөц баялаг, ерөөсөө баялагт хяналт тавих явдал. Геополитикийн онолоор бол энэ нь нутаг дэвсгэрт хяналт тавихыг хэлээд байгаа юм. Монгол руу татаж аваад ярьчихаж болно. Бид бэлхнээ харж байна. Монголын зах зээл ганц улсаас бараг хараат байна. Монголчууд гэмгүй царайлж байгаад зах зээл хөгжүүлж байгаа нь энэ гээд өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа зөөсөөр байгаад эх орныхоо зах зээлийг дүүргээд (бараг нураагаад) хаячихсан. Байгалийн баялагт гадаадын маш их сонирхол ороод ирчихсэн, өрнөдийнхний сонирхлыг шахаж гаргахаар өмнөд хөрш нь улайраад лиценздээд авилгадаад мундарыг нь хутагчихсан, төр нь хяналт тавьж чаддаггүй. Умард хөрш нь цэрэг-зэвсгийн салбарт хамтран ажиллах нэн бололцоотой, тэр нь манайд шууд ашиг өгөхгүй, ядуурал ажилгүйдэлд нь нэмэргүй, гэхдээ Монгол дахь нөлөөний хүрээгээ алдах хүсэлгүй, тоглоомонд ямагт оролцдог, бид оролцуулах хүсэлтэй.
Хэрэв Москвагийн өнцгөөс авч үзвэл манай улс татагдаж орохгүй ч ОХУ өөрөө татагдаж орсон мөргөлдөөний голомтууд олон байна. Цаашид нэмэгдэх хандлагатай. ОХУ нь Украин, Сирид зэвсэгт мөргөлдөөнд шууд ба шууд бусаар оролцож байна. Гүржтэй ноцтой зөрчилтэй. Оросын өрнөд хил ба өрнөдийн чиглэл нь өөрсдөд нь тун таагүй. Эргэн тойрон бүслэлтийн байдалд байх сэтгэхүй нь Оросыг “асаатай танк” шиг болгочихсон. Тиймдээ ч Оросыг “танк”, эсрэгээр Хятадыг “банк” хэмээн хочлох нь түгээмэл. Оросын цэргийн шинжээчдийг үздэгээр дайны голомт Өмнөд хятадын тэнгис, Йемен, Хойд Солонгост бүрдчихсэн, цөмийн зэвсэг хэрэглэх аюул бодитой гэсэн байх юм. ОХУ-аас өөрөөс нь санаандгүйгээр аюул нүүрлэж магадгүйг Орост зэвсгийн агуулахууд дэлбэрч, агаарт цацраг идэвхи салхиар тархсан хэмээн цуурч, манайхныг түгшүүлээд авсан нь бас санаандгүй зүйл биш.
Харьцуулах баримт руу оръё. Зэвсэглэл ба дайчлах чадавхиараа АНУ, Орос, Хятад гээд жагсаж байдаг юм бол Хятадыг өмнөө гаргахгүй гэсэн оросуудын чин хүслийг бас ойлгож болохоор. Хүчирхэг эдийн засаг, мөнгө, ажиллах хүч, ард иргэдийнх нь ажиллах оргилуун чанар, зохион байгуулалт, овсгоо энэ тэр гээд хятадын нэмэх оноог энд нурших хэрэггүй. Гэхдээ л Орос үнэхээр цэргийн хүчээр давагдашгүй. Энд бичих тоон харьцуулалт эхнийх нь Орос, арынх нь Хятадынх. Зэвсэгт хүчинд алба хашиж буй цэргийн албан хаагчийн тоо 3 сая 586 мянга: 2 сая 693 мянга буюу Орос 3.5 сая цэрэгтэй, Хятад 2.6 сая цэрэгтэй гэсэн үг. Цэргийн зардал 47 тэрбум доллар: 151 тэрбум доллар буюу Оросынх гурав дахин бага. Байлдааны нисэх онгоц 3914 (818 нь сөнөөгч): 3035 (1125 нь сөнөөгч); оросын танк 20 300: хятадын танк 7716; тэнгисийн цэрэг нь орос байлдааны 352 хөлөг онгоцтой, хятад 714 хөлөг онгоцтой, Хятад хоёр дахин давчихсан байна. Аль алин нь нисэх онгоц тээгч нижгээд хөлөгтэй. Цөмийн зэвсгээр цөмийн цэнэгт хошуу 7000:270 буюу Орост бараадахгүй хол хаягджээ. Хэзээ ч нөхөж барахааргүйгээр.
Business Insider бас нэг сонин аргумент гаргаж иржээ. Юу гэвэл хэрэв зэвсэглээд байлдуулна гэвэл тэрбум хагас хүн амынх нь 750 сая нь гартаа зэвсэг барих чадвартай хэмээн Хятадыг нэрлэжээ. Оросын өөрийнх нь шинжээчдийн үздэгээр Евфрат мөрнийг хүртэл Евразийн их талбар дээр байлдуулахад ирээдүйн глобал мөргөлдөөнд Хятад нь 200 сая хүнтэй арми гаргаад ирж чадна гэнэ.
Гол асуудал хоёр их хөрш цэргийн салбарт өрсөлдөж буй биш харин АНУ-ыг гүйцэж түрүүлэхийн тулд Хятадыг Орос хэргээр зэвсэглээд байгааг Business Insider онцолжээ. Цэргийн техникийн салбарт Орос давуу байдлаа хадгалсаар буйг хятадын экспертүүд хүлээн зөвшөөрөхийн сацуу АНУ-тай тэнцвэрийг хангахын тулд Оросоос л зэвсэг худалдан авахаас өөр гарцгүйг гярхай олж хардаг. Стокгольм дахь Энх тайвны асуудал судлах институт тооцоолжээ. Юу гэвэл 1991-2015 онд Москва-Бээжингийн хооронд цэргийн салбарт хийгдсэн арилжаа наймаа 32 тэрбум доллар болжээ. 2018 оны байдлаар Хятад нь Оросын цэрэг-аж үйлдвэрийн комплекс компаниудын хоёр дахь том түнш гэсэн нь нэгдүгээрх нь хэн юм гэж хардах сэжим гаргаад ирлээ. Өнгөтэй өөдтэй, сортой бүх зэвсэг техник нь Хятад руу урсаж байдаг юм байна. Тухайлбал зенитийн пуужингийн С-400 «Триумф» гэх систем өнөө цагийн хамгийн хүчирхэг зэвсэг хэмээн яригддаг. Оросын агаарын ба сансрын батлан хамгаалах «Алмаз-Антей» гэх төрийн концернтой контракт байгуулаад Хятад тэрхүү ид шидтэй пуужинг авч байгаа ба 2018 ондХятаддаа туршиж үзжээ. Зөвлөлт ба Оросын зэвсгийн копи гэдэг нь Хятадад тоймоо алдсан. Үйлдвэрүүдийг нь байгуулаад өгчихсөн. Өөрсдөө тав дахь үеийн сөнөөгч онгоцоо бүтээе гэтэл Хятадад технологи дутагдана. Тэрийг нь Орос хэзээ нэгэн цагт өгнө, худалдана. Орост мөнгө хэрэгтэй.
Д.Баярхүү /baabar.mn/