Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан “Namaste Yoga school Mongolia”-гийн хамт олны урилгаар Дилов хутагт Данзанламэд бясалгалын хичээл заасан юм. Уг хичээлийн үеэр хутагтын айлдсан сургаал, номоос түүвэрлэн хүргэж байна. Тэрээр энэ удаад шашны гэх тодотголоос татгалзаж, энгийн үг хэллэг, амьдралд байдаг энгийн жишээнүүдээс эш татаж сургаал айлдсанаараа онцлогтой байлаа.
※ Бидний эерэг сэтгэл хөдлөлүүд хоорондоо уялдаа холбоотой, нэг нэгнээсээ шүтэлцэж гардаг. Жишээлбэл, би таныг хайрладаг бол танд элэгсэг дотно бус хандаж чадахгүй. Би танд сайхан ханддаг мөртлөө халамж тавихгүй бол болохгүй. Яагаад вэ гэвэл энэ хоёр чинь хоорондоо уялдахгүй болчихож байгаа юм. Танд энэрэнгүй сэтгэлээр ханддаг гэдэг мөртлөө “Би танд өнөөдөр санаа тавьж чадахгүй нь ээ” гэж хэлж болохгүй. Хүний сэтгэлд эхлээд асрал хайр төрнө. Асрал хайр төрснөөр тэр хүн бусдад элэгсэг дотно хандана. Элэгсэг дотно хандсаны дараа тэр хүнээ жинхэнээсээ энэрч нигүүлсэнэ. Яг үүнтэй адилхан бидний муу сэтгэлүүд ч хоорондоо холбоотой. Уур хилэн, шунал, тачаал, атаа хорсол бүгд уялддаг. Хоёр залуу нэг эмэгтэйд сэтгэлтэй байлаа. Залуус тэр бүсгүйг хоёулаа л өөрийн болгох хүсэлтэй. Бүсгүйг романтик болзоо, лааны гэрэлд зоог барья гэж урина. Түүнийг ингэж урьж байна гэдэг бол өөрийн болгох гэж байгаа юм. Энэ бол цаанаа хувиа бодож байгаа хэрэг. Өөрийн болгох гэсэн хүслээс нь шунал төрнө. Бүсгүй хоёр залуугаас арай боломжтой, мөнгөтэйг нь сонголоо. Түүнтэй гэрлэвэл амьдралын баталгаатай юм шиг, баталгаатай сайхан амьдрах байх гэсэн бодол төрж байж болно. Ийм шалтгаанаар түүнийг сонголоо гэж бодъё. Үүнийг өнөө сонгогдоогүй залуу олж мэдвэл атаархаж эхэлнэ. Хардана. “Би энэ бүсгүйг өөрийн болгох гэж байтал яагаад энэ авчихав” гээд атаархана, магадгүй тэр хоёр залуу маргалдана. Хэн хэн нь уурлана. Хүн их уурлавал тухайн агшинд өөрийгөө хянаж чадахаа больдог. Хяналтаа алдвал тэр хүн юу ч хийж магадгүй болно. Уурласнаасаа болоод тэр хоёр залуугийн нэг нь хутга шөвөг гаргаж ч мэднэ. Ингэж тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс болоод хэрэг түвэг хийгээд шоронд ч орчихож магадгүй. Шоронд орсон хойноо “Би тэр үед тийм муу үйл хийдэггүй байж” гэж хичнээн харамсавч бүх юм өнгөрчихсөн байх болно. Цаг хугацааг ухраах боломжгүй. Тийм учраас сэтгэл оюунаа хөгжүүлэх боломж байгаа дээр нь бид өөрийнхөө сэтгэлийг дандаа ухаж, төнхөж түүнийгээ засч залруулахын төлөө хичээх хэрэгтэй байна.
※Шинжлэх бясалгалыг хийснээр сэтгэлийн хөдөлгөөнүүдээ захирч, жолоодож сурах гээд байгаа юм. Би сэтгэлийнхээ хөдөлгөөний эрхэнд автах бус тэднийг өөрөө удирдаж жолооддог сэтгэлийнхээ эзэн нь байхын тулд шинжлэх бясалгалыг хийдэг.
※Бидний олонх нь маш их юм уншдаг. Гоё шүлэг, ном, зохиол, бүтээл, гүн ухаан, философичдын хэлсэн үг, шинжлэх ухааны эшлэлийг уншдаг. Гэхдээ уншсан тэр зүйлээ өөртөө тусгаж аваад амьдралдаа хэрэгжүүлж авъя гэж боддог үе цөөхөн байна. Бид гар утсаараа интернэтэд орж байхдаа мэргэн цэцэн үг таарвал “Гоё үг байна” гээд л гүйлгээд орхичихдог. Тэр үгийг гоё гэж бодож байгаа бодол хоромхон зуур төрдөг. Тэгээд дараагийн агшинд өөр зүйл бидний сэтгэлийг эзэмдчихдэг. Утасныхаа дэлгэцийг гүйлгэж байтал өөр гоё үг гараад ирэхээр “Өө энэ ямар гоё үг вэ” гээд л хэлээд өнгөрдөг. Тэгсэн хэрнээ маргааш нь ажил дээрээ очно. Нөгөө л сэтгэлийн хямрал нь дагаастай, стресстэй, ууртай хэвээрээ л байдаг. Би та нартай л адилхан хүн шүү дээ. Надтай уулзах гэж өдөрт маш олон хүн ирдэг. Тэр хүмүүс тус тусын асуудлаа бүгдээрээ л надад ярьдаг. “Би эхнэр авахгүй оройтчихлоо”, “Би хүүхэд гаргахгүй оройтчихлоо”, “Би хүүхэд гаргаж чадах болов уу”, “Миний ажил бүтэлгүй байна”, “Би санхүүгийн уналтад орлоо” гэж хүмүүс надад зовлонгоо их ярьдаг. Олон хүний зовлонг сонсоно гэдэг сайхан зүйл мөн үү. Тэр зовлонгуудыг сонсоод би сэтгэлийн баяр баясгалан эдлэхгүй шүү дээ. Гэхдээ үүнд ялгаа байгаа. Агаарын хэм өөрчлөгдсөнөөс болж толгой минь өвдөж байгаа л даа. Өнөө өглөө толгой өвдлөө гээд 60, 70 хүнтэй уулзах уулзалтаа цуцалж, өөрийгөө бодож болох байлаа. Гэхдээ олон хүн надтай уулзана гэснийг бодоод миний дотоод сэтгэлд энэрэл нигүүлсэл төрсөн байна. Тэр энэрэл нигүүлслийн хүчээр би орноосоо босоод энд хүрээд ирсэн. Хэрвээ бусдын зовлонг сонсохгүй гэж зугтаад, толгой өвдөөд байна гээд та нараас холдсон бол бас нэг сайхан зүйлээ би алдах байсан байх аа. Хэрвээ та бүхэн миний ярианаас ямар нэгэн урам зориг авсан бол, ямар нэг сайн сайхан зүйлийг олж сонсоод тэрэндээ та бүхэн баярлаад түүнийгээ надад хэлбэл миний толгой өвдөж буй, ядардаг, бусдын зовлонгоос зугтдаг зовуурьтай зүйл алга болоод миний сэтгэлд амар амгалан төрдөг юм аа. Энэрэл нигүүлслийг төрүүлж, хүмүүстэй уулзаж хамтарснаар би өөрөө тэрнээс ач тусыг нь хүртээд байгаа юм. Тийм учраас би өөрийнхөө тусыг бодсон ч гэсэн хүмүүст сайхан сэтгэлээр хандах нь өөрт хийгээд өрөөлд туслаад байгаа юм.
※Бидний амьдарч буй цаг хугацаанд асуудал, зовлон бэрхшээл их байна даа гэж боддог хүн хэр олон байна вэ? (Бясалгалд хүрэлцэн ирсэн хүмүүсээс асуув). Амьдрал хэцүү юм аа гэж бодож байгаа хүн байвал гараа өргөөрэй. (Хүмүүс гараа өргөв). Асуудал бэрхшээл байгаа. Асуудал бэрхшээл, зовлон байгаагүй үе гэж хүн төрөлхтний түүхэнд байгаа болов уу? Ядаж тийм арван жил байгаа болов уу. Асуудал бэрхшээлгүй тийм зуун хүн төрөлхтний эрин зуун, түүхэнд байсан болов уу? Тийм эрин зуун байсан бол та бүхэн хэлээрэй. Хүн төрөлхтний эртнээс өнөөдрийг хүртэлх түүхэнд үргэлж ямар нэг асуудал, бэрхшээл, зовлон зүдгүүр байсаар ирсэн. Одоо ч байгаа, ирээдүйд ч байна гэж хэлэхэд харамсалтай ч ирээдүйд байх болно. Хэрвээ бид тэрийг сэтгэлдээ зовлон гэж хүлээж авч бодсоор байвал зовлон үргэлж байсаар л байна. Бид амьдралд болж байгаа, муу муухай бүхэн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлчихдэг. Тэрнээсээ болоод хажуудаа байгаа сайн сайхан зүйлсээс таашаал авч чаддаггүй бэрхшээл дээрээ төвлөрчихдөг. Мөн бид хэтэрхий өөр рүүгээ хандаад хувиа хичээгээд өөрийгөө бодоод байхаар бүр их зовлонтой болоод байдаг. Хувиа хичээгээд өөрийгөө л бодоод байвал юм юмнаас айдаг, “Би ингэчих вий, тэгчих вий” гэдэг айдастай болчихдог. Айдастай байгаад байвал өөртөө итгэх итгэлгүй болдог. Итгэлгүй, түгшүүртэй удвал өөрт байгаа маш олон боломжуудыг алддаг. Алхам алхмаар маш олон зүйлээ алддаг.
※Найз бүсгүй чинь хэн нэгэн рүү “Чи одоо юу хийж байна” гэж мессэж бичлээ гэж бодъё. Өөр хүн рүү ингэж мессэж бичсэнийг нь харангуут юмыг сөргөөр боддог сэтгэл оюун тэр чигээрээ “Яахаараа өөр хүн рүү ингэж бичээд байгаа юм бол оо, энэ чинь зөвхөн минийх байх ёстой. Өөр хүнтэй харьцах ёсгүй, намайг хуураад байна уу, яагаад байна” гээд хямарч эхэлдэг. Энэ бол өнөө өөрийн болгох гэсэн шунал хүслээсээ болоод уурлаад байгаа юм. Гэтэл найз бүсгүй нь өөр хүн рүү санаа тавьсан ч юм уу, сайхан хандлагаар тэгж асуусан байж болно. Гэтэл явцуу сэтгэл оюун нь шунал хүсэлдээ автаад “Энэ яагаад өөр хүнтэй харьцдаг юм бэ” гээд уурлачихдаг. Хэрвээ өргөн талаас нь харвал сэтгэл оюун тийм байх ёсгүй, илүү уужуу байх байсан. Газтай болон жирийн цэвэр ус байлаа. Би газтай усанд дуртай байлаа. Гэтэл газтай ус дуусаад савтай жирийн ус үлджээ. Би “Энд яагаад газтай ус тавьчихсангүй вэ” гээд уурлаад хямраад байвал аяндаа бие тавгүйтнэ. “Газтай ус дууссан бол жирийн ус уучихъя даа” гэвэл өөрийнхөө сэтгэлийг тайвшруулж байна, тэнцвэржүүлж байна, амьдрал баланстай болж байна гэсэн үг. Энэ байдлаар бид өөрийнхөө дотоод сэтгэлийг муу тал руугаа хэвийгээд байвал “Өө яахав, өнөөдөр олдсон ус нь энэ юм чинь” гээд байгааг нь хүртээд сэтгэлээ тайван болгож байгаа юм.
※Хэрвээ хэн нэгнийг хардаад зөвхөн минийх байх ёстой гээд уурлаад уцаарлаад хямраад эхэлбэл би ганцаараа хохирохгүй, тэр хүн хохирохгүй. Бид хоёулаа л хохирно. Тийм учраас бидэнд сэтгэлийн тэнцвэр хэрэгтэй юм аа.
※ Бид өөрсдийгөө эерэг талаас нь харах хэрэгтэй. Надад ийм эрдэм боловсрол байна, би энийг чадна, надад ийм авьяас байгаа гэж өөрийгөө маш сайхан өөдрөгөөр зөв талаас нь бодож байх хэрэгтэй. Би үүнийг чадна, надад ийм боломж байна гэж өөрийгөө зөв талаас нь сайхан бодоорой. Гэхдээ өөрийгөө бодохдоо тодорхой хэмжээгээр шүүлтүүр тавих хэрэгтэй. Хэдийгээр надад үүнийг хийх чадвар, боломж байлаа гээд би бүгдийг чаддаг хүн байх албагүй гэж өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүнд олон авьяас байж болно. Тэр болгоныг бүгдийг нь амьдралд хэрэгжүүлэх боломжгүй. Тийм учраас өөрийнхөө боломжийг бодитойгоор үнэлээд “Би энэ ажлыг хийж чадна, энийг нь хийж чадахгүй, надад ийм боломж байгаа” гээд бодитойгоор үнэлбэл өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавиад өөрийгөө зовоохоо болино оо. Бид өөрсдөдөө үнэн, бодитой хандах хэрэгтэй.
※ Mindfulness гэдэг үг моодонд ороод байна. Mindfulness буюу дурдлыг ойр агуулахуй гэдэг нь өөрийнхөө бодол санааг хянахыг хэлж байгаа юм. Өөрийнхөө үг хэл, үйлдлийг анзаарч ажиглахыг дурдах гэж байгаа юм. Үг хэл, бодол санаа, үйлдлийг дурдана гэдэг нь бүх зүйлдээ анхааралтай байхыг хэлдэг. Түүнээс биш “Энэ хүн хоол идмээр байгаа юм байна. Энэ хүнд хоол өгье” гэдэг бол тухайн хүнд анхаарч, дурдаж байгаа гэсэн үг биш. Тэр хүний хүслийг биелүүлж байгаа минь анхааралтай, дурдалтай байгаа гэсэн үг биш юм аа. Mind бол сэтгэл, fulness бол дүүрэн байх. Mindfulness бол сэтгэл оюун дүүрэн байх, сайн сайхан юмаар сэтгэлээ дүүрэн байлгахыг хэлж байгаа юм. Эерэг зүйлээр дүүрэн байх, сайхан сэтгэлээр дүүрэн байх, өгөөмөр байхыг хэлж байна.
Дилов хутагт бясалгалд оролцогчдын дундаас нэгэн залууд хандан:
-Таныг хэн гэдэг вэ?
-Хишгээ.
-Би танд хайртай (бясалгалд оролцогчид инээлдэв). Анх удаа танилцсан танихгүй хүндээ “I love you” (Би танд хайртай) гэж хэлбэл тэр хүн дургүйцэх байх, эгдүүцэх байх, бас гайхах байх даа. Яагаад вэ гэвэл хүмүүсийн хайр гэдэг үг чинь хязгаарлагдмал байдаг юм байна. Бид хайрлахдаа эхлээд эхнэр нөхрөө, үр хүүхдээ хайрладаг, тэгснээ аав ээжийгээ хайрладаг гээд хайрлах хүмүүсийн хүрээ холдох хэрээр бидний хайр багасч байдаг. Эхлээд гэр бүл, дараа нь ах дүүсээ, найз нөхөд, тэгээд танихгүй хүмүүс гэхээр өнөө хязгаарлагдмал хайр нь хүрч очдоггүй. Энүүхэн хүрээндээ л хүмүүсийн хайр байдаг. Танихгүй хүнд хайртай гэж хэлбэл гайхдаг. Яагаад вэ гэвэл бид хайрыг романтик хайраар төсөөлдөг. Валентины баяраар цэцэг, шоколад бариад хайраа илчлэхийг л хайр гэж ойлгоод байдаг. Гэтэл хайр гэдэг чинь романтик, заавал эрэгтэй эмэгтэй хүмүүсийн л хооронд байх зүйл биш юм аа. Хайр бол хил хязгааргүй, хүрээгүй байх ёстой. Гэтэл бид хайрыг маш богино хүрээнд ойлгодог учраас хэн нэгэн гадны хүн “Би танд хайртай” гэнгүүт эгдүүцдэг, дүргүйцдэг, гайхдаг. Уг нь хайр бол цаглашгүй, өргөн уудам байх ёстой.
Би Хишгээд “Би танд хайртай” гэж хэлэхээ больё л доо. Түүн дээр очоод “Би танд элэгсэг сайхан ханддаг шүү” гэвэл “Би танд хайртай” гэснийг бодвол хамаагүй гайгүй хүлээж авна. Яагаад вэ гэвэл “Би танд элэгсэг ханддаг” гэдэг үг “Хайр” гэдэг үгнээс тусдаа. Тэгээд “Би таныг энэрч нигүүлсдэг ээ” гэвэл Хишгээ бүр сайхан хүлээж авна. “Хутагт намайг энэрч нигүүлсдэг юм байна” гэнгүүт нэг их сайхан хүний нөмөрт орж байгаа юм шиг, хүний сайхан сэтгэлийг бодоод гоё болно. Гэтэл уг нь би энэ хүнийг хайрлахгүйгээр элэгсэг сайхан хандаж чадахгүй. Элэгсэг хандахгүйгээр энэ хүнд би энэрэнгүй хандаж чадахгүй. Хамгийн түрүүнд хайр, love эхэлдэг. Гэтэл бид хайрыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хооронд байдаг романтик харилцаагаар төсөөлчихөөд хайрынхаа хүрээг багасгачихаад байгаа юм. Яагаад би энгийн, огт танихгүй хүнээ хайрлаж болохгүй гэж. Бүх хүнийг хайрлаж болно. Хайр гэдэг нь элэгсэг дотно хандах, энэрэл нигүүлсэлтэй байхын уг, анхны шат нь юм.
Эх сурвалж: Өдрийн сонин