Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж Дархан, Сэлэнгэд өнгөрсөн шөнө хоёр цаг цахилгаан хязгаарлажээ.
Сэлэнгэ аймгийн иргэн "Б" нь согтуугаар, санаатайгаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн хоёр цагийн турш хүчдэлийг таслахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Харин цагдаагаас тухайн иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу торгожээ.
Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, амь нас эрүүл мэндээ хамгаалан, цахилгаан байгууламжийн хийц хэсгүүдэд ойртохгүй байх, хамгаалалтын зурвасын дэглэм зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.