Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "МИАТ ТӨХК "Boeing 767" гэсэн онгоцтой. Энэ онгоц өөрийнх нь бүрэн өмч болоогүй. Тэд дотоод нөөц бололцоогоор 4.5 сая ам.долларыг АНУ-ын банкинд төлснөөр бүрэн эзэмшлээ. Санхүүгийн нөөц бололцоог онгоцныхоо төлбөрт хийсэн тул хүндрэл учирч болзошгүй учир татаас өгнө" гэлээ.
-
Агаарын тээвэрлэгч компаниуд цар тахлын улмаас хүнд байдалд орсон учир дотоодын агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг гаргасан байна. Шаардагдах санхжүүжилт болох 145 тэрбум төгрөгийг 10 их наядын хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр болжээ. ААН-үүд зээл авахдаа хөтөлбөрийн болон банкны шаардлагыг хангасан тохиолдолд авах аж. Аялал жуулчлал эхэлж, цаашид өсөн нэмэгдэж байгаа учир ААН-үүдээ ингэж дэмжих нь зөв гэдгийг Л.Халтар сайд онцоллоо.
-
Хөвсгөлийн Мөрөн хот, Өмнөговийн Даланзадгад дахь онгоцны буудлуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчилнэ. Харин Улаангом, Чойбалсан, Ховдын онгоцны буудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтсон байна.
-
Ганцмод-Гашуунсухайт боомтод автомат тээврийн туршилтыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломжтой аж. Ерөнхий сайд тус тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг үүрэгдлээ. Цаашид энэхүү тээврийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлнэ. Үүнийг жолоочгүй тээвэр гэж нэрлэж байгаа юм.
-
Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө.
-
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд МИАТ ТӨХК-д татаас өгнө. Европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17 болгох аж. Шаардагдах санхүүжилт болох 4.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.