Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Түүний ходоодонд асуудал гарсан тул эмч нар яаралтай мэс засалд оруулж, мэс засал 6-7 цаг үргэлжилсэн. Тус цэргийн ходоодыг бүрэн авсан бөгөөд тэрээр хагалгааны дараа ухаан орохгүй байсаар өнгөрсөн баасан гарагийн орой нас барсан юм.
Энэ асуудлаар ХЗДХ сайд Х.Нямбаатар "Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан байсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг шүүх шинжилгээний төв дээр очоод асуу гэж зөвлөмөөр байна. Би боломжоор хангая.
Одоогийн байдлаар дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй" гэсэн тайлбао өглөө.
Дээрх асуудлаар Дотоодын цэргийн штабаас 16:00 цагт албан ёсоор мэдээлэл өгөхөөр болсон байна. Мэдээлэлд ЦЕГ болон ШШҮХ-гийн удирдлага оролцоно.