Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас Монгол-АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярыг тэмдэглэж “Америкийн өдрүүд” соёл урлагийн цуврал арга хэмжээг энэ сарын 15-наас 30-ны хооронд зохион байгуулж буй юм.
Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр Америкийн хоолны соёлыг сурталчлах өдөрлөг болж байна.
Харин маргааш Элчин сайдын яамнаас удирдан явуулдаг соёлын хөтөлбөрүүдийн танилцуулга болоод Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн төслүүд, Кино урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогч төгсөгчдийн яриа, Тайзны урлагийн солилцооны хөтөлбөрийн оролцогчид (1beat, American Music Abroad), Open Mic: Яруу найргийн цаг зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн зургадугаар сарын 23-нд Англи хэл, Мэргэжлийн солилцооны хөтөлбөрүүд зохиогдох аж. Тодруулбал,
12:00-17:00 Төгсөгчдийн холбоодын танилцуулга (LEAD хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, FLEX хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо, Америкт төгсөгчдийн холбоо – MASA)
13:00-15:00 Англи хэлний хөтөлбөрийн танилцуулга (Англи хэл суралцагч, багш нарт зориулав): MOOC цахим хичээлүүд, тоглоом, дуу хөгжим, англи хэлний багш нарт зориулсан гарын авлага, вебинар, Facebook LIVE, YouTube сувгийн хичээлүүд
15:00-17:00 Мэргэжлийн солилцооны хөтөлбөр: Хюберт Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, төгсөгчийн яриа болох юм байна.
Зургадугаар сарын 24-ний өдөр Америкт суралцъя – Боловсролын хөтөлбөрүүд, Консулын мэдээлэл сэдвийн хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
12:00-13:30 ЭСЯ-наас удирдан явуулдаг боловсролын солилцооны хөтөлбөрүүдийн танилцуулга: Фулбрайт, UGRAD, SUSI, TechGirls
13:30-14:00 Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX солилцооны хөтөлбөрийн танилцуулга
14:00-15:00 ЭСЯ-ны Консулын хэлтсийн яриа зохиогдох ажээ.
Харин 26-30-ны өдрүүдэд АНУ-ын Цэргийн хамтлагийн тоглолт болох юм байна. Тодруулбал, 26-ны өдөр Сүхбаатарын талбайд зохиогдох уг тоглолт 28-ны өдөр Дархан хотын “Залуучууд театр”-т, 30-ны өдөр Улаанбаатар хот дахь Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд мөн болох ажээ.
Улаанбаатар дахь Америкийн соёл мэдээллийн төвд болох эдгээр арга хэмжээ нь Дархан, Сайншанд, Ховд, Улаангом дахь Америкийн соёл мэдээллийн төвүүдэд давхар зохион байгуулагдах юм байна.
АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд энэ сарын 15-19-ний хооронд Америкийн баримтат кино өдрүүдийг Тэнгис кино театрт зохион байгуулсан юм.