Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн хуралд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэн ерөөв.
Тэрбээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Жамсрандоржийн Балданнямд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” болон 20 сая төгрөгийг гардуулав.
Ахлах ахлагч Ж.Балданням нь 17 жилийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 129 дуудлагаар ажиллаж, 57 хүний амь насыг аварч, 67 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, ой, хээрийн болон объектын гал түймэр унтраахад оролцож, аж, ахуйн нэгж, байгууллага, иргэд, улсын 780 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид аа,
Онцгой байдлын байгууллагын тулгын чулууг тавилцсан эрхэм хүндэт ахмадууд аа,
Та бүхэнд Монгол Улсын аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын нэгэн баталгаа болсон Онцгой байдлын байгууллагын болон, тус газрын харьяа Үндэсний аврах бригадын 55, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.
Одоогоос 18 жилийн өмнө эх орон, ард түмнийхээ амар амгалан, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн Гал түймэртэй тэмцэх байгууллага, Иргэний хамгаалалтын байгууллага, Улсын нөөцийн байгууллага нэгдэн нэгэн тугийн дор жагсаж, гамшгаас хамгаалах нэгдсэн тогтолцоонд шилжсэнээр Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан билээ.
Эх орон, ард түмнээ гамшгийн аюул, эрсдлээс хамгаалахын төлөө алтан амиа зориулах тангарагтай, нэр хүнд, сахилга бат, ажил үйлсээрээ үлгэр дуурайл үзүүлж байдаг алба хаагчдаараа Монголын ард түмэн, төр, засаг үргэлж бахархдаг бөгөөд Та бүхнийг “Энх цагийн эгэл баатрууд” хэмээн хүндэтгэн хайрладаг билээ.
Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын байгууллагын удирдлагын тогтолцоо, хууль эрх зүйн орчин бүрэлдэж, техник, тоног төхөөрөмжийн хангалт, хүчин чадал нэмэгдэн, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна.
Тус байгууллагын түүхэн замнал та бүхний хичээл зүтгэл, идэвх санаачилга, гавьяат үйлс, туршлага, сургамжаар улам бүр зузаарсаар байна.
“Ковид-19” цар тахалтай хийсэн тэмцэл Онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын бэлэн байдал, бэлтгэлжилтийг сорьсон томоохон шалгалт боллоо.
Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмд ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө гэр бүл, үр хүүхдээ орхин, өдөр шөнөгүй хүчин зүтгэж, амь нас, эрүүл мэндээ үл хайрлан, тэргүүн шугамд ажилласан Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Мэргэжлийн байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэн хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, гамшгийн хор хохирлыг бууруулах асуудал төрийн тэргүүний анхаарлын төвд байнга байдаг билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зорилтын хүрээнд байгаль орчноо хамгаалах, эрүүл экологитой газар нутгаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах, бохирдлыг бууруулах, нуурт живсэн автомашин, техникүүдийн татан гаргах зэргийг санаачлагыг хэрэгжүүлж байна.
Үүнд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид та бүхэн манлайлан оролцож байгааг талархан тэмдэглэж байна.
Хөвсгөл нууранд 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг өнгөрсөн онд татаж гарган, нуурыг бохирдуулж байсан нэг том эх үүсвэрийг аюулгүй болгосон нь бидний хувьд томоохон сорилт байсан төдийгүй хамтарч, зориглоод ажиллавал бид чадна гэдгийг харуулсан, итгэл найдвар төрүүлсэн ажил боллоо.
Цаашид мод үржүүлэх, ойн сан, ой модны нөөцийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг сайжруулах, байгаль дэлхийгээ хамгаалах, ой, хээрийн түймрээс сэргийлэхэд та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал болохыг цохон тэмдэглэж байна.
Төрийн цэргийн байгууллагын хувьд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цэргийн мэргэжлийн ур чадвар жилээс жилд өсөж байгаа нь сайшаалтай.
Цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг сорьдог Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дэд байрт шалгарсан бахдам амжилт үзүүллээ.
Та бүхэнд дахин баяр хүргэж, амжилт хүсье.
Онцгой байдлын албаны анхны сайд, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа томилогдон ажиллахдаа Онцгой байдлын байгууллагын суурийг та бүхэнтэй тавилцаж, хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд санаа зорилго, итгэл сэтгэл нэгдэн хамтдаа зүтгэсэн он жилүүд миний амьдралын хамгийн дурсамжтай үе байдаг.
Та бүхэнтэй хамт гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж байхад халширч шантарсан, зориг тэвчээр алдарсан нэг ч үгийг та бүхнээс сонсож байгаагүйгээ эргэн дурсахад бахархалтай сайхан байна.
Ийм л эх орны эр зоригтой охид, хөвгүүд байдаг учраас ард түмэн Та бүхнээр бахархдаг юм шүү.
Онцгой байдлын албаны тулгын чулууг тавилцсан үе үеийн удирдлага, энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон чөлөөнд байгаа алба хаагчид, ахмадууддаа баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Энэ ойн баярын өдөр Монгол төрийн тэргүүн зарлиг буулгаж, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор, Уул уурхайн аврах 09 дүгээр ангийг Алтан гадас одонгоор шагнаж, Онцгой байдлын албаны удирдах албан тушаалтнуудад генерал цол олгон, зарим шилдэг алба хаагчийг төрийн одон, медалиар шагналаа.
Эх орон, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа Та бүхэндээ цэргийн дээд цол, төрийн одон, медалиар шагнуулсанд баяр хүргэж, цаашдын албанд тань улам өндөр амжилт хүсэн ерөөе.
Баярын энэ өдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн анхны сайдын нэрэмжит шагнал бий болгож, эх орон, ард түмнийхээ төлөө онцгой гавьяа байгуулсан нэг алба хаагчид жил бүр олгож байх болсон нь нэн сайшаалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч цаашид гамшгаас хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжих болно.
Эрхэм хүндэт цэрэг эрс, Онцгой байдлын алба хаагчид Та бүхнийхээ онцгой хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй их үйлсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Баярт энэ өдрийг тохиолдуулан эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа Та бүхний бат бэх ар тал, ёс суртахууны өндөрлөг болж байдаг гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхдүүдэд тань чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.
Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.