УИХ-ын өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэн. Илтгэлийг ХЭҮК-ийн дарга Ж.Хунан танилцуулсан юм.
Хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны өнөөгийн нөхцөл байдлыг дахин үнэлж, үр дүнг УИХ-аар танилцуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд цэргийн анги, байгууллагад 468 гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэн. Хамгийн багадаа 44 хүний амь нас хохирсноос хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 20, эрүүл мэнд хохирсон 126, цэргийн албанаас оргон зайлсан 56, дүрмийн бус харьцааны зөрчилд өртсөн 105 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртсөн гэж хариулжээ.
Энэ нөхцөл байдлыг 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчлийн хэлбэрээсээ хамаарч 11.3-20.4 хувиар буурсан гэдгийг Ж.Хунан мэдээлэлдээ дурдаад цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байгааг онцолсон байна.