Дугуй цагаан орчмын чөлөөлсөн талбайд хийх тохижилтын ажлын төлөвлөлтийг танилцуулав.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
Тэрээр "Иргэдийн цэвэр агаарт алхдаг гол газар бол Богд уул. Тиймээс орчны тохижилтын асуудлаар олон иргэнээс санал, хүсэлтүүд ирсэн. Энэ хүрээнд хувийн хэвшилтэйгээ ойлголцохгүй асуудал бол гарсан. Хуулийн дагуу явах ёстой гэдэгтээ санал нэг байгаа. Газар дээр нь танилцаад явж байх үед иргэдээс ая тухтай амрах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулмаар байна гэдэг хүсэлтийн хүрээнд Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан. ААН-ийн төлөөлөлтэй ч бид уулзсан. Олон улсын мөргөлдөөн болон цар тахлын улмаас хүндрэлүүд гарсан нь үнэн. Нэг талаар хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж сонсох нь зөв ч нөгөө талдаа иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох ёстой. Үндсэн хуулиар олгосон суурь эрхийг хөндлөө гэж хүмүүс шүүмжилсэн. Гэхдээ бид хуулийн үндэслэл, заалтын дагуу ажиллагааг явуулсан.
Үүн дээр хувийн хэвшил гомдолтой байгааг ойлгож байгаа. Гэхдээ иргэдийн 90 хувь нь энэ орчмын газарт тохижилт шаардаж байна. Би ард түмнийхээ талд байна. Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй. Хувийн хэвшилтэйгээ хамтраад яаж ая тухтай газар болгох уу гэдэг л чин хүсэл надад байна. Гэтэл намайг хардаж, сэрдэж их ярилаа, өнгөрсөн хугацаанд. "Энигма" компанийн захирал Мөнхбат захиралтай өчигдөр уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна. Шүүх ямар шийдвэр гаргана тэр дагуу л нөхөн олговрын асуудал явна" гэлээ.