Богд уулын Даяанчийн амыг тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Тус газар тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайнууд, хоёр гүүр, хоолны цэгүүд, нийтийн бие засах газар (үүдний хэсэгт байрлана), алхалтын жим, задгай театр, таван амрах өртөө байгуулах юм байна.
Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглах аж.
Энэ ам тусгай хамгаалалттай газар тул уул руу өгсөх хэсэгт ямар ч тохижилт хийхгүй бөгөөд тохижуулалтын ажлын нийт зардал 1.9 тэрбум төгрөг юм байна.
Тендер зарлан, ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан ба "Креатив 100" ТББ энэ ажлыг гүйцэтгэнэ. Ковидын хоёр жилд завсарлаад, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэд иргэдээс санал авч, загвараа боловсруулжээ.
Дархан цаазат газарт барилга барьж болохгүй тул үүдний хэсэгт хоолны газрууд, бие засах газар, хогийн цэг байрлах аж.
Дашрамд, тус газар бетонон барилга байгууламж нэг ч баригдахгүй юм байна.