Санхүүгийн зохицуулах хороо нь Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүргийг хүлээдэг, Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллага юм.
Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн энэ оны хоёрдугаар улирлын хуралдааныг Санхүүгийн зохицуулах хороо, Терроризмтой тэмцэх зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ виртуал хөрөнгийн салбарыг онцолж, шинэ тутам хувьсан өөрчлөгддөг эмзэг байдал өндөртэй, онцлог шинж чанар нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөмтгий байдлыг нэмэгдүүлж буй тул зохицуулагч болон хууль сахиулах байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй тухай онцгойлон дурдсан юм.
Энэ удаагийн хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2022 оны хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, олон улсын хориг арга хэмжээ, түүний үзүүлж буй нөлөө болон “Хаан Шонхор 2022” нэгдсэн дадлага сургуулийн талаар танилцуулав.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохистой орчныг бүрдүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/, олон улсын стандартад нийцүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун зохицуулалттай долоон салбарын тоймыг мөн танилцуулсан юм.
Түүнчлэн Монгол Улсын виртуал хөрөнгийн салбар, зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нэгдсэн мэдээллийг зөвлөлийн гишүүн байгууллага болон мэргэшсэн албан хаагчдад өглөө.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар боловсруулсан бөгөөд салбарын эмзэг байдал, аюул заналын төвшин, эрсдэлийг бууруулах чиглэлээр баримтлах бодлого, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх байр суурийг Санхүүгийн зохицуулах хорооноос танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ж.Төгс-Очир виртуал хөрөнгийн салбарын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт ашиглах, хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлахад ашиглагдах эрсдэлтэй тул эрсдэлийг таньж мэдэх, бууруулах, удирдах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Эх суралж: Санхүүгийн зохицуулах хороо