Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газраас 3 дугаар Бага хурлыг 2022 оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
Бага хуралд Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн гишүүн орнуудын Үндсэн хуулийн хяналтын байгууллагын 40 орчим төлөөлөгчдөөс гадна Европын хүний эрхийн шүүх болон Японы зарим их сургуулийн эрдэмтэн, судлаачид оролцож “Хүний амьд явах эрх” сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын ажилтнууд “Амьд явах эрх ба төрийн эрх мэдэл” сэдвээр илтгэл тавив.Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга нарын газар нь БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэргэд 2016 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус нийгэмлэгийн үндсэн чиг үүрэг нь хүний эрхийг хамгаалах, ардчиллын баталгаа, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын хараат бус байдлыг хангах, нийгэмлэгийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох явдал юм.