Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Санхүүжилттэй холбоотой хүндрэлүүд бас байгааг Засгийн газарт танилцуулж, шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, Амгалан, ДЦС-4-ийг нэг зуухаар өргөтгөх төслийн санхүүжилт дээр Засгийн газраас Хөгжлийн Банканд тодорхой чиглэлүүд өглөө” гэсэн юм.
Энэ талаар Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийн санхүүжилтийн 85 хувь болох 56.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас олгохоор судалж байна. Үлдэж байгаа 15 хувийн санхүүжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтран гаргах байх. Энэхүү төслийг нийгмийн ач холбогдол өндөртэй бөгөөд эдийн засгийн үр ашигтай байх боломжтой болохыг сүүлийн 2 сарын хугацаанд хийсэн судалгааны үр дүнд үндэслэн тооцсон байсан. Дулааны улиралд багтаан, хугацаа алдахгүй уг төслийг хэрэгжүүлэх ёстой. Иймд Хөгжлийн Банкны зүгээс нэн шаардлагатай төслүүдэд санхүүжилт олгож эхэлсэн нь цаг үеэ олсон ажил” гэлээ.
Улаанбаатар хот эрчим хүч, дулааны хангамжаа нэмэхгүй бол тэг зогсолт хийх эрсдэл хаяанд байгааг Эрчим хүчний сайд мэдэгдэж байсан билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2025-2029 онд хэрэгжих ДЦС-3-ын өргөтгөлийн ажлын үеэр хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийн дулаан хангамж хүндрэлтэй байдалд шилжих, тодруулбал БЗД-ийн 25, 26-р хороо, Маргад, Баянмонгол хотхон, Кристал таун, Дүнжингарав хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан тасалдах эрсдэлтэй тулгараад байсныг Амгалан дулааны станцын гурван зуух дээр нэмж нэг зуух барих 100 гкал/цаг дулааны эх үүсвэрийн, 50 МВт цахилгааны эх үүсвэрийн өргөтгөл хийснээр бүрэн сэргийлэх ба нэмж 12,000 өрхийг дулаанд холбох боломж бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм.