Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний мягмар гаригт тохиож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм.
Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын соёлын найрамдалт харилцааны хүрээнд Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл буюу чандрыг манай улсад заллаа.
Ринсрэлийг угтан авах үйл ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд болсон бөгөөд БНЭУ-ын тусгай үүргийн онгоц Улаанбаатар хотод 12:30 цаг орчимд газардав. Үйл ажиллагаанд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамч, Соёлын сайд Ч.Номин, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх болон бусад төлөөлөгчид оролцлоо.
Бурхан багшийн их эрдэнийн ринсрэлийг ёслол хүндэтгэлтэйгээр ширээнээ залж, дараа нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан чогчин дуганд залах юм.
Маргааш Бурхан багшийн их Дүйчин өдрийн 11:00 цагаас сүсэгтэн олонд толилуулах ба зургаадугаар сарын 14-нөөс хойш 11 хоногийн турш залагдах юм.