Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, үхэлд хүргэх хэмжээний гэмтлийг биед нь учруулсан хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Өнгөрөгч 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд гарсан энэ хэргийн талаар Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг анх олон нийтийн сүлжээгээр нийтэд анх мэдээлсэн байдаг. Гэмтлийн улмаас ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн Э.Энхбатыг гэр бүлийнхэн нь БНСУ-д найман сар гаруй хугацаанд эмчлүүлсэн боловч ухаан оролгүй байсаар өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эх орондоо ирээд нас барсан билээ. Талийгаачийн гэр бүлийнхэн тэр үед “Эмчилгээ авах найдваргүй болсон учраас эх оронд нь авчирч, сүүлчийн замд нь үдэхээр шийдсэн” хэмээн мэдэгдсэн.
Үүнээс хойш зургаан сарын дараа Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал болж, түүнийг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцож, энгийн дэглэмтэй хорих ангид 16 жил хорих ял оноов. Өчигдөр гарсан шүүхийн шийдвэрийн талаар олон нийт “ял нь хөнгөдсөн, хүндэдсэн” гэх мэт өөр өөрийн байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байна. Ямартай ч шүүхээс түүнийг “хүнийг онц хэрцгийгээр алсан” гэм буруутайд тооцсон явдал нь шударга зүйл болов.
Учир нь хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс Н.Түвшинбаярыг анх “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" хэргээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд сүүлд хохирогчийг нас барсны дараа яллах дүгнэлтийг өөрчилж “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Шүүх үүнийг нь хүлээж авчээ. Учир нь түүний биед учруулсан гэмтэл шууд аминд нь хүрээгүй боловч амь насыг нь аврах боломжгүй нөхцөл байдалд байсан, тэр нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр нотлогдсон учраас тэр л дээ. Мөн Эрүүгийн хуулийн 17.8-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” зүйл ангиар давхар ял төлөвлөж, мөрдөн байцаалтыг дуусгаснаас хойш гурван сарын дараа шүүх хурал болов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг нь 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ялтай. Мөн хуулийн 17.8-д заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэгт 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна. Тэгэхээр хорих ялыг зөвхөн “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэгт оноосон бөгөөд 16 жилийн хорих ял гэдэг нь тухайн гэмт хэрэгт заасан ялын дундаж хэмжээ гэж ойлгож болно. Ямартай ч хамгийн доод хэмжээ бол биш гэсэн үг. Бүх насаар нь хорих ялыг хүнийг санаатай алсан, энэ хэргийг бүлэглэж үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцсон, шунахайн сэдлээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор үйлдсэн гэх мэт хүндрүүлэх нөхцлүүд нэмэгдсэн тохиолдолд өгдөг.
Жишээ нь С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр шүүгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хувьд уг гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн, урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын 4 хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан” гэм буруутайд тооцож, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дахь хэсэгт зааснаар тус бүр 25 жил, Т.Чимгээд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 24 жилийн хорих ял оноосон. 2002 оны Эрүүгийн хуульд бүх насаар нь хорих ял байгаагүй, хорих ялын дээд хэмжээ 25 жил байсан. Мөн манай улс цаазын ялаас татгалзаад байсан үе.
Гэвч Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан энэ ялыг Улсын дээд шүүх хянаж үзээд 20 жил болгож бууруулсан байдаг. Тэгэхээр хэдийгээр Н.Түвшинбаяр шүүх хурал дээр “Хуулийн дагуу ял шийтгэлээ хүлээнэ” гэж хэлсэн ч гэлээ шүүгдэгчийн өмгөөлөгч нар давж заалдаад явбал анхан шатны шүүхээс оногдуулсан 16 жилийн ялыг 12 жил хүртэл бууруулах боломжтой. Тэгээд хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн магадлангаар орох хугацаа ялын 2/3 гэж тооцвол үндсэндээ найман жилийн дараа Н.Түвшинбаяр эрх чөлөөтэй болох боломжтой гэсэн үг. Тиймээс Н.Түвшинбаярт оноосон ялыг хөнгөдсөн, эсвэл хүндэдсэн гэж үзэх нь тухайн хүний л асуудал юм. Гэхдээ шүүх ялыг оногдуулахдаа дээд шатны шүүхүүд нь ялыг ингэж бууруулна, магадлангаар орох хугацаа тэдэн жил байна гэх мэтээр тооцож ялыг оногдуулдаггүй. Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд үндэслэж ялыг оноодог.
Мөн дээр нь гэмт хэрэг үйлдсэн хүний биеэр эдлэх ялаас гадна нийгмийн зүгээс үзүүлж буй ёс суртахууны шүүлт гэж асар том “ял” байдаг. Эхнээсээ төрөөс түүнд олгосон шагнал, хүндэтгэлийг хураах ёстой тухай шаардаад эхэлчихсэн байна. Н.Түвшинбаяр хэдэн жилийн ял эдэлсэн ч бай, шүүх нэгэнт түүний үйлдлийг “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэж нотолсон, тэгсэн тэгээгүй үйлдсэн хэргийг нь нийгэм даяараа жигшин буруутгаж байгаа нөхцөлд бүх насаараа “алуурчин” гэдэг нэрийг зүүж явах болно. "Анд нөхрөө, дотнын найзаа онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчин"... Гэр бүлийнхэн болон эцэг нь эх нь түүнээс ч илүү шаналж, хүүгийнхээ, эцгийнхээ, нөхрийнхөө үйлдсэн хэргийн төлөө бусдын өмнө толгой гудайж явах болно. Үүнийг нь Н.Түвшинбаяр өөрөө насан туршдаа бие, сэтгэлээрээ мэдэрнэ. Энэ л хамгийн хүнд ял юм.
Б.СЭМҮҮН