УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нүүр номдоо Баянзүрх дүүргийн 26-р хорооны явган замыг эхлүүлсэн тухайгаа мэдээлэл оруулжээ. Явган замын өргөн нь хамгийн багадаа 1,5-4 метр,хот байгуулалтаар баруунд төгссөн залуус үнэ хөлсгүй, сайн дураараа хийж байгаа... энэ тэр. Гоё оо гоё. Үнэн хэрэгтээ байдаг л нэг зам, хашлага. Манай хотын захиргааныхны жилдээ нэг хуу татаж сольдог олон бордюрын нэг нь. Элсэн дээр ингээд сул тавьчихаар дахин дахин солих, мөнгөө эргэлдүүлэхэд нь мар байдаг юм шиг байна лээ. Явган хүний замыг яаг ингэж тавих ёстой гээд нь хэн нь хэзээ ийм стандарт тавьчихсан юм бүү мэд. Хааяа гадагшаа явахдаа харахаар явган зам, машин зам хоёрын заавал ингэж өөр стандартаар тавих ёстой гэсэн дүрэм журам байдаггүй л болтой юм билээ. Адилхан л асфальтаар хуччихсан, ганцхан замын хөвөө буюу зорчих хэсгээрээ л тусгаарлагддаг. Манайх л болохоор яачихсан юм бүү мэд, жилийн жил, хаврын хаварт баахан явган нүцгэн улс зам дээр суугаад “элсээр байшин барьж” харагддаг. Б.Энхбаяр гишүүн ч гэсэн “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ”, тэр жишиг рүү орж байгаа юм болов уу даа. Өөрийнх нь сонгогдсон тойрог учраас сонгогчиддоо ч гэсэн үзүүлж харуулмаар юм байдаг биз.
Саяхан цагаан сараар Н.Учрал гишүүний тойрогтоо тараасан боовны асуудал бөөн дуулиан болж, гишүүнээс нь эргүүлэн татахдаа тулж байв даа. “Учралын боов” гэж ярьсан комедианыг гүтгэсэн хэргээр цагдаад өгч эрүүгийн хэрэг ч үүсгэсэн гэсэн. Анх сонгогдсон цагаасаа хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд тойргийнхноо мөнгөөр “зодоод” бүр ам ташуулчихсан бэлтэй айлын хүүхэд л дээ. Имиж нь нэг тиймэрхүү. Ерээд онд аав нь гайгүй гүйлгээ ухаантай хүн байсан, хүү ч гэсэн тэрийг нь өвлөө биз. Угаасаа ч өнөөдрийн нөхцөлд улс төр, бизнес хоёр нэг тогооноос хооллож байгаа, тэрийг нь тэр гэж ялгахын тэмдэггүй болсон.
Харин Б.Энхбаяр гишүүнийх бол арай өөр. Ядаж л хууль ёс, зарчим энэ тэр яриад байдаг болохоор нь зарчмын бус зүйлийг дэмжээд явахгүй дээ гэсэн нэг жаахан найдлага байгаад байдаг. Гэтэл нэг л өдөр “тойргийнхоо хороонд явган зам тавьж байна. Бэлэг шүү” гээд гараад ирэхээр үнэндээ л харамсах сэтгэл төрдөг юм байна. УИХ-ын гишүүн хүн сайн дурын ажил, сайн үйлсийн аян энэ тэр хийж болно л доо. Тэр нь ганцхан сонгогчдын саналыг худалдан авахад зориулагдсан байж болохгүй. Н.Учрал гишүүн жишээ нь боов тараасан шалтгаанаа “ахмадын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгвэл тэтгэврийн бодлогоо сайжруул. Б.Энхбаяр гишүүн жишээ нь тойргийнхоо сонгогчдод тусалмаар байвал хариуцсан дүүрэг, хороог нь ажиллуул, хотын захиргаанаас төсвийг нь нэх. Яах гэж орон нутаг тусдаа удирдлагатай, төсөвтэй байдаг билээ. Хотын даргыг өрөөндөө дуудаад аргадсан, зэмлэсэн ч эрх нь байгаа шүү дээ. Харин тэдний өмнүүр орж зам тавьж, шавар зуурч л болохгүй. Түүнийгээ нийгмийн сүлжээгээр зарлах нь бүр ч зохисгүй харагдаж байна. Хууль зүйн дэд сайдаар ажилласнаас хойш сүүлийн хэдэн жилд бүрдүүлсэн имижэд нь ч зохихгүй.
Хоёрдугаарт энэ бол сүүлийн хорин жил ярьж байгаа мажоритари тогтолцоо бас нэг гажиг. Хууль тогтоогч байхын тулд боловсрол хэрэг алга, мэргэжил мэдлэг чөтгөр лүүгээ тонилог. Сонгуулийн кампаниа санхүүжүүлэх чадвартай, дээр нь намдаа хандив өгчихдөг, тойргоо хэдэн төгрөгөөр авилгадаад гараад ирдэг байхад л болоо. Мажоритари тогтолцоон дээр манайд сонгууль ингэж л явдаг. Сонгогдоод гараад ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж авахын тулд намын даргын кнопны хүүхэлдэй болно. Төсвөөс цуглуулж авсан тэр мөнгөөрөө эргээд тойргийнхноо хахуульдана. Ийм л циклээр бүрэн эрхийн дөрвөн жилээ өнгөрөөдөг. Зам талбай засах, боов шоов тараах бол юу ч биш.
Атал дэргэдүүр нь улс орны хөгжил дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн үйлчилгээ, түүний чанар стандарттай холбоотой, хууль тогтоогч, төсөв батлагчийн хувиар жинхэнээсээ шийдвэл зохих өч төчнөөн асуудал шаварт хутгаастай. Түүнийг бүрэн бүтнээр нь хардаг нэг ч хүн байхгүй. Үүнийхээ төлөө сонгогдсон гишүүд нь ч, нэр дэвшүүлсэн нам нь ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг л сонгуулийн мажоритари тогтолцоо буюу тойргийн систем гээд байгаа юм шүү дээ. Ядаж л манай нөхцөлд. Ардчиллын суурь соёлтой, улс төрийн боловсролтой, нийгмийн соёл нь хэдэн зуунаар төлөвшчихсөн оронд бол өөр байх л даа. Манайд лав биш ээ.
Б.ЗАЯА