Орчин үеийн монголчууд бид Перс орон болон Персийн алтан ургийн монгол хаадын талаар огт мэддэггүй байсан. Монголчууд анх 1237 онд Персийг дайлаар мордож байсан. Персийн нэгэн шах монголын элчийг цаазлан хороосноос болж монголчууд Персийг эзэлсэн. Монголын алтан ургийн Хүлэгү хааны удам 17 монголхаан 1272-1377 онуудад 105 жил Перс улсыг захирч байсан юм. Монголчууд Перс улсын хэл, соёл, шашныг аварч байлаа. Исламын шашныг тэр дотроо шийтын урсгалыг нь дэмжиж байсан юм.
Би Персийналтан ургийн хамгийн алдартай Газан илхааны тухай судалж бичихээр шийдэж, алтан ургийн Газан хааны тухай нилээд материал дээр судалгаахийсэн. Үүн дээрээ үндэслэжалтан ургийналдарт Газан хааны тухай товч өгүүлье. Өмнө нь Газан хааны талаар монгол хэл дээр ямар ч судалгаа байхгүй байсан юм билээ. Газан хаан бол Чингис хааны отгон хөвгүүн Толуй ханы хөвгүүн болох Хүлэг хааны ач хөвгүүн Аргун хааны ууган хөвгүүн болой. Газан хааны үнэн түүхийг Персийн алдарт түүхч эрдэмтэн, везир Рашид ад Дин бичиж үлдээсэн байдаг. Газан хан хүү 1271 оны 12-р сарын 4-ний өдөр Ираны Мазандеран хотод мэндэлжээ.
Бяцхан хүү Газан дөнгөж 3 настайдаа морь унаж сурчээ.1274 онд түүний эцэг Аргун хаан ираны азербайджаны Тебриз хот руу явж эцэг Абуга хаандаа бараалхахааявахдаа бяцхан хүү Газанаа морь унуулан дагуулж авч явжээ. Абуга хаан бяцхан ач хүүгээ морьтой ирэхийг хараад ихэд баясч,” Энэ хүү баатар эр болно оо, би түүнийг дэргэдээ авч хүмүүжүүлье” хэмээж байжээ.Абуга хаан бяцхан Газаныг дэргэдээ авч тэргүүн хатан Булгандаа хариуцуулж өсгөж хүмүүжүүлэхийг зарлиг болгожээ. Газан их сэргэлэн хүү байв.Тэр багадаа үеийн хүүхдүүдтэй цэрэг болж тоглохдооих ухаалаг байжбайлдааны арга мэхийг тэр дор нь зохиож гайхшруулдаг байв. Газаныг 5 нас хүрэхэд нь Абуга хаан түүнийг хятадын мэргэн Ярук багшид шавь оруулав. Ярук багш хан хөвгүүнд босоо монголуйгур бичиг зааж шинжлэх ухаан, ёс зүйг зааж сургав. Ярук багш түүнд Буддагийн сургаалийг зааж байв. Газан хүү заасан бүхнийг тэр дор нь хурдан сурч байв. Дараа нь хан хүү Газан морь унаххийгээд нум сумаар харвах цэргийн эрдэмд түргэн суралцаж бусдыг гайхшруулдаг байжээ.
Бяцхан Газан хүү шонхор шувуу нисгэж хурдан мориор салхи мэт давхиж явааг хүмүүс хараад гайхдаг байжээ.Өвөг эцэг Абуга хаан ач хүүгээ хараад “Энэ хүү агуу хүч чадалтай, эр зоригтой, аз жаргалтай хүн болно доо” гэдэгбайв. 1284 онд Газаны эцэг Аргун эзэн хааны ширээнд заларчөрнө зүг дайлаар мордохдоо хан хүү Газаныг Хорасан, Мазандеран, Кумис, Реягийн захирагчаар томилжээ. Газан хан хүү төрийн ажилд хичээл зүтгэл гаргаж, хариуцдаг мужийнхаа ажлыг цэгцэлж эхэлжээ. Энэ мужид гарсан элдэв зөрчил ялангуяа бослого самууныг дарах ажил мундахгүй их байлаа. Хамгийн хэцүү асуудал нь нутаг оронд нь эзэн хааныхаа эсрэг бослого гаргасан эмир Наурузтай тулалдах явдал байлаа.1289-1294 онуудад Газан хан хүү эмир Наурузтай таван жилийн дайн хийж эцэстээ эвлэрэлийн гэрээ байгуулж дайныг түр зогсоож чадав.1291 онд эцэг Аргун хаан таалал төгсч, түүний нагац ах Гайхату эзэн хаан болов. Ринчен Дорж Гайхату хаан бол Бурханы шашинтан хаан байв. Түүний нэр Ринчен Дорж гэдэг нь Очир Эрдэнэ гэсэн түвд нэр байв.
Гайхату хаан Газан хан хөвгүүнд ихэд таагүй хандаж түүнийг Тебриз нийслэл хотод ирэхийг хориглож байв.Тэр үеийн Ил хаадТебриз хотыг нийслэл болгож энэ хотыг өөрчилж тохижуулж дорно дахины сайхан хотын нэг болгосон байдаг.1291-1295 онуудад Газан хан хүү захирагч байхдаа Кучанд буддын сүм хийд барьж байгуулжээ. Газан ил-хаан бол өөрийгөө монгол удам, Чингисийн алтан ураг хэмээн байнга бахархдаг байв.Тэр нэгэн удаа ордоныхондоо Би хэн билээ? гээд “Би бол Аргун хааны хөбэгүн, Аргун хаан бол Абага хааны хөбэгүн, Абага хаан бол Хүлэгү хааны хөбэгүн, Хүлэгү хаан бол Толуй хааны хөбэгүн, Толуй хаан бол Чинггис хааны хөбэгүн” хэмээн бахдаж байжээ.Газан ил-хаан ордоны түшмэдүүдээс :"Насирын аав хэн билээ” гэхэд тэд "Алфи” хэмээн хариулахад "Алфи-ийн эцэг хэн билээ” хэмээн асуухад цөм дуугүй болдог байжээ.Тэр нь боолын удам байсан аж. Газан ил-хаан: "Насир бол эзэн байх заяагүй бөгөөд тохиолдолоор л эзэн болсон хүн, тэр бол исламийн эзэнтэний өвөг дээдэсийнх нь боол зарц юм” хэмээн хэлсэн аж.
1295 онд Байду хаан Гайхату хааныг цаазлав.Ах дүүгээ хөнөөсөн энэ явдалд зэвүүцсэнГазан хан хүү өөрийн нагац ах Байдутай тулаан хийхээр бэлтгэлээ. Газан хан хүү перс, түрэг ертөнцийн хүчирхэг хаан байхын тулд Исламын шашинд орох улс төрийн шаардлагатай тулгарлаа. Үүнийг Газан хан шийдэж чадсан юм. Газан хаан 1295 онд тэр үеийн хүчирхэг эмир Ноурузийн зөвлөснөөр Исламын шашинд орох бэлтгэлээ хийлээ. 1295 оны 6-р сарын 16-ны өдөр Газан ханхүү Эльбрусын уулан дахь Ларжан цайзанд Исламын шашинд орж Махмуд хэмээх шашны нэртэй боллоо. Түүний Исламын шашны багшаар улсдаа нэртэй мэргэн Садр ад дин Ибрахим Хамави томилогдлоо.
Удалгүй Газан хан Байдугийн цэрэгтэй дайтав. Газан ханы цэрэг Байдугийн цэргийг ялав. Байду цэргээ авч ухрахад Газаны эмир нар Байдугийн цэргийн араас нэхэж бүгдийг нь бүрмөсөн сөнөөхийг санал болголоо. Газан тэр саналыг нь эсэргүүцэж “Тэр цэргүүд бол миний эцгийн минь, өвөөгийнминь цэргүүд байсан. Давшилтаа зогсоо” хэмээн тушаажээ.Газан хаан олзлогдсон цэргүүдийг сулласан байна.Энэ талаар нөгөө эсрэг талынхан мэдэж Газан хааны өрөвч зөөлөн ачлалтай сэтгэлийг таашааж түүний эсрэг дайтаж байсан зарим эмир болон олон цэргүүд түүний талд оржээ.Удалгүй энхийн гэрээ хийж дайныг зогсоов. Газан хаан Хорасандаа буцав. Тэр жилийн намар нь дайн дахин дэгдсэн боловч том тулаан хийсэнгүй.Харин Байдугийн талын эмирүүд Байдуг хөнөөсөн аж.
Ингээд 1295 оны 12-р сарын 3 -ны өдөр Карабахд болсон ноёдын Хурилдай дээр Газан хан хүүг Ил хаант улсын Эзэн хаанаар өргөмжлөв. Хуралдайгаар түүнийг эзэн хаанд өргөмжлөхөдөө: "Газан хаан бол Аргун хааны хөвгүүн, Аргуннь Хүлэгү хааны хөвгүүн, Хүлэгүнь Тулуй хааны хөвгүүн, Тулуй нь Чингис хааны хөвгүүн" хэмээн алтан ургийн удамаар нь хүндэтгэн дуудаж байжээ. Газан хаан ширээнд өргөмжлөгдөөд Исламын шашинг төрийн шашин болгон зарлав. Газан хан хүү Эзэн хаан болмогц өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтынажлыг улс орон даяар өрнүүлж эхлэв. Газан хаан төрийн эрхийг гартаа авмагц улс оронд нь ямар асуудал юуунаас болж гарав, ямар асуудал тулгарав, энэ асуудлаас ямар арга замаар гарахав гэдгийг нарийн нягт боловсруулж төлөвлөж хэрэгжүүлдэг байжээ.1290-ээд оны эхээр Перс орон гүн хямралд орсон байлаа.Газар тариалан хөдөө аж ахуй уналтын байдалтай, хот газрууд хоосорч худалдаа наймаа, үйлдвэрлэл буурчихсан, санхүү мөнгөний хуримтлал муудчихсан, төрийн түшмэдүүд нь авилгалд автчихсан байжээ.
Элдэв дайн, тулаан, дээрмээс болж хотуудын барилгуудын бараг тал нь хоосон болж хүн амьдардаггүй байв. Дархан мужаан, урлалын үйлдвэрлэлийн төв байсан Рей, Мерв, Кум, Мосул хотууд бараг балгас болсон байв. Усны сувгууд ажиллахаа больсон байв.Сувгууд хог новшоор дүүрч эвдэрч бөглөрсөн байлаа.Газан хаан шинэчлэлтээ 1294-1304 онуудад хийжээ. Газан хаан юуны түрүүнд газрын харилцаандшинчлэл хийж эхлэв. Өмнө ньулсын сангийн хөрөнгөөр төрийн өндөр албан тушаалтнууд их хэмжээний газрыг худалдан авч түүн дээр оршин суудаг тариачдыг мөлжиж их хэмжээниймөнгө цуглуулан завшдаг байсныг зогсоожээ.Ядуурсан тариачид нутгаасаа дайжин зугтан зайлснаас газар нь атаршин зэрлэгшихэд хүрсэн тул Газан хаан хууль бус газар эзэмших эрхийн бичиг олгохыг хориглож, өмнө нь олгосон газар эзэмших эрхийн бичгийг хүчингүй болгожээ. Улсын бүх газрыг данслан шалгаж, нийт найман мужаа услалтаар хангаж газар тариаланг хөгжүүлжээ. Тухайлбал, Карбелийн усгүй талыг Евфрат мөрнөөс шуудуу татаж усжуулснаар тариа ногооны шинэ талбай, цэцэрлэгүүд шинээр буй болжээ. Үүний дүнд тариа, хүнсний ногооны тариалалт нэмэгдэж жилд 100.000 тагар ургац хураадаг болжээ. Сэргээгдсэн газруудаа вакф газар болгон сүм хийдүүдэд өгөх, хувийн эзэмшил болгож хувь хүмүүст худалдах, алтан ургийн язгууртнуудад инж газар болгож нэмж хуваарилах, монгол цэргүүдэд хуваарьт газар (икта) болгон олгож байжээ. Тариачдын газар, ургац, эд хөрөнгийг булаан авах, тариачдад ор үндэсгүй өндөр татвар оноох, тариалангийн талбайг талхлах, хавчих, эрх ашгийг нь хохироох, төрийн ажил хэрэгт дайчлахыг хориглож, зөрчвөл нөхөн төлүүлэх, торгох журам тогтоох замаар тариачдын тариалангийн талбай, гэр сууцыг төрөөс хамгаалах, тариалах үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй явуулах, ургацын үрийг улсын санд хадгалах, тариалалтын үед хөнгөлөлттэй үнээр тариачдад тариа өгөх, газар тариаланд зүтгэх шар, үхэр буюу малыг тусгайлан үржүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийлээ. Газан хаан хоосон газрыг ашиглах асуудлыг анхаарч уг ажлыг гардан хийж буй хүмүүст олон дэмжлэг үзүүлэв.Хоосон ашиглаагүй газрыг ашиглаж ашигтай болгосон хүмүүст тэр газрыг нь хууль ёсоор олгож,насан туршдаа үр удам нь эзэмших эрхийг өгч байв.Ийм хүмүүст төрөөс дэмжлэг үзүүлэв. Ялангуяа эдгээр арга хэмжээний дүнд Иракийн газар нутгийн ашиглалт ихэд сайжирсан байна. Орон нутгийн түшмэдүүд тухайн хүн хэн ч ашиглаагүй хоосон газрыг хэрхэн ашиглаж байгаа эсэхэд нь сайн хяналт тавьж байв.Газан хаан төрийнсангаасаа хөрөнгө мөнгө гаргаж газрыг усжуулах, хүн амыг суурьшуулах ажилд дэмжлэг үзүүлж байв.Газан хаан 1300 онд улсын хэмжээнд жин хэмжүүрийн нэгдсэн систем тогтоосон шинэчлэл хийв. Буудай арвайг "кейлэ", "тагар", жимсний жүүс, цуу, тосны хэмжүүрийг "пэйманэ", бусад барааны хэмжүүрийг "гяз"-аар хэмжиж тамга дарснаар хүчинтэй болгов. Хэрэв хэн нэгэн иргэн хууль цаазаар тогтоосон хэмжүүрийг зөрчвөл хатуу шийтгэхээр төрөөс хуульчлан тогтоосон нь арилжаа худалдааг шударга, цэгцтэй болгоход том шинэчлэлт болов.Газан хаан татварын системийг шинэчлэх ажлыг хийв. Өмнө нь татварын асуудал ямар ч хяналтгүй, замбараагүй, хүн ам олон, цөөн нь хамаагүй, их хэмжээтэй татварыг ямар ч судалгаагүйгээр хүн амд хавтгайруулан ногдуулж байв. Нийт 40 төрлийн татвараар хүн амаа дарагдуулсан байв.Газан эхлээд хүн амын судалгаа нарийн нягт хийж хүн амын тооллого явуулав.Дараа нь хэдэн хүнтэй ямар мужид ямар хамжаатэй татвар ногдуулахыг тогтов.Хууль бус татварыг хатуу чанга хориглов.Хууль бусаар татвар авсан түшмэдийг цаазлах ялаар шийтгэдэг болов.Бүх татварыг маш нарийн татварын тайлан, орлого зарлагын тайлан бичиж хураадаг ,шалгадаг систем тогтоов. Газан хаан өөрөө энэ бүх нарийн тайлан, орлого зарлагыг хянадаг байжээ.Газан хаан өмнө нь татвар хариуцсан "Хаким" хэмээх түшмэдүүд муж бүхэнд татвар хураах хуудас "Берет" бичиж, үүгээрээ Везиртэй хуйвалдан жилд 2-3 удаа татвар хурааж олсон орлогынхоо зургаан хувийг хувьдаа завшиж, үлдсэн хоёр хувийг төрийн хэрэгт зарцуулдаг байсныг нь илрүүлэн зогсоож, хакимуудаар "Берет" бичүүлэхийг бүрмөсөн хориглож, хэрэв бичвэл шууд цаазалж, бичсэн бичээчийн гарыг тас цавчих зарлиг буулгажээ. Везир гэдэг нь тэр үеийн Перс улсын тэргүүн сайд гэсэн үг.Везирын дэргэд муж бүрийг хариуцсан нэг бичээчийг томилон суулгаж, түүний бичсэн хааны алтан тамгатай "Берет" нь л хүчинтэй байхаар тогтоож, албан татварын бүртгэлийг хот,тосгон бүрээр маш нарийн хөтөлж, үүний үндсэн дээр хөрөнгө чинээнийх нь байдлыг харгалзан татвар оноох, мужуудын бүх данс бүртгэлийг Тебризийн номын санд хадгалах, ирүүлсэн дансны хуудас бүрийгтэнд баталгаатай хадгалуулах, татварын гэрээ байгуулж, уг гэрээг хот, тосгон бүрт тусгайлан зассан самбар, чулуу, зэс, төмөр, тэр байтугай тосгоны хаалга, сүм дуганы хананд сийлэн бичиж олны өмнөил тод болгох журам тогтоожээ.Татвар төлөгчөөс нэг ч мөнгийг хэтрүүлж авах, жижиг алба гувчуурыг дур мэдэн авахыг хатуу хориглож, суурин иргэдээс жилд хоёр удаа, тухайлбал эхний татварыг шинэ оны эхний 20-нд, хоёр дахь татварыг намрын эхэн сарын нэгэнд тогтсон өдөр, цагт хотын төв талбайд барьсан асарт, таван удаа харанга цохиж дохио өгөөд мөнгөөр тооцож хураах, мөнгөгүй бол бүтээгдэхүүнээ зах зээлийн дундаж ханшаар зараад татварт яг төлөх мөнгийг нь авч, үлдсэнийг нь татвар төлөгчдөд эргүүлэн өгдөг байв.Татвараа тогтоосон цагт нь тушаагаагүй бол үндсэн татварын зуун динар бүрээс нэг динарын торгууль оноодог байжээ. Нүүдэлчдээс алба гувчуурыг жилд нэг удаа шинэ жилийн эхний 20 хоног дотор 100 малаас нэг малаар бодож хураана гэсэн журам гаргаж мөрдүүлжээ. Үүний үр дүнд татварын систем сайжирч улсын нэг жилийн орлого 2100 туманд хүрч өмнөх оноос 400-гаар өссөн аж.Түшмэдүүд авилга авах аргагүй болж улсын бүх хөрөнгө мөнгө хатуу хяналтын дор зарцуулагддаг болов.Газан хаан шуудангийн өртөөг орон даяар байгуулав.Өртөө бүр морьтой бэлэн байдалд байдаг болов.Өртөөний зардлыг улсын сангаас гаргадаг болов.Газан хаан төрийн цэргүүдээ хэрхэн орлоготой болгох талаар анхаарав.Өмнө нь эзэн хааны морьт цэрэг ямар ч цалин авдаггүй, зөвхөн дайн байлдаан хийж эзэлж авсан орныхоо хот балгадыг дээрэмдэж орлого олдог байв.Энэ байдлыг Газан хаан өөрчилж хааны албанд цэрэгт алба хаасан цэрэг ноёдуудад газар эзэмших эрх олгох болов.Тэрхүү олгосон газрыг тухайн цэргийн үр дүүхдүүд өвлөн эзэмших эрхтэй болов.Газан хаан мөнгөний шинэчлэлт хийв.Хуучин муудсан зоосоор арилжаа хийхийг хориглов.Улс орон даяар шинэ мөнгөн дирхем зоосоор арилжаа хийх болов.1 мөнгөн дирхем зоосны жин нь 2.15 грамм мөнгө болов. 6 ширхэг дирхем 1 динартай тэнцэж, 10 000 динар 1 тумантай тэнцэж байв. Туман гэдэг нь түмэн гэсэн монгол үг аж. Одоо орчин үед 1 туман 2 доллартай тэнцдэг болжээ.
Газан хаан зам гүүрийг засаж хотуудыг шинээр босгож байв.Газан хаан нүүдэлчний амьдралаа орхиж нийслэл Тебриз хотдоо суурьшиж энэ хотыг тохижуулж цэцэрлэг, барилга, халуун усны газар, номын сан, одон орнысудалгааны төвбарьж дорно дахины олон хүнтэй цэцэглэн хөгжсөн гайхалтай сайхан баян чинээлэг хот болгожээ.Өмнө нь Тебриз хотын хуучин хана 6 мянган алхам байсан бол Газан хаан зарлиг гаргаж 25 мянган алхамтай тэнцсэн хотын шинэ хана бариулсан юм. Тэр үеийн түүхчид “Газан хаан Тебриз хотыг Ираны хамгийн сайхан үзэмжтэй баян чинээлэг хот болголоо” хэмээнбичсэн байдаг .Газан хаан шүүхийн системийг шинэчлэв.Өмнө нь энэ улсын шүүхчид ноёд эмирүүд хууль бус, шударга бусбайдлыг буй болгож авилга газар авсан байв.Тэр үеийн шүүгчид маргалдсан хоёр талаас хоёулангаас нь авилга авч хоёуланд нь ашигтай шүүхийн шийдвэр гаргаж үлэмж их зөрчилдөөнд хүргэж байв.Шүүгчид их хэмжээний авилга авч гэмт хэрэгтэнтэй нэг тал болох явдал олон гарч байв. Газан хаан энэ бүгдийг эцэс болгож шүүгчээр хамгийн нэр хүндтэй, шударга цэх хүнийг томилох арга хэмжээ авав. Газан хаан 1300 онд Кадия буюу шүүгчээр тухайн орон нутгийн хамгийн нэр хүндтэй шударга хүнийг томилох тухай хааны зарлиг гаргав.Авилга авсан шүүгчийг хааны зарлигаар хатуу цээрлүүлэх болов.Энэхүү зарлигийг зөрчсөн хүнийг эзэн хаанд нэн даруй мэдээлдэг байв. Шүүх систем нь ийнхүү шударга цэх болов.
Газан хаан шашны асуудлыг цэгцэлж тэмцэл зөрчил гаргаж байсан бусад харийншашны сүм, синагогийг хориглож, эзэнт улсыг нэгдсэн нэг Исламын шашинтай байхыг зарлиглав.Газан хааны эцэг Аргун хаан бурханы шашинтай хүн байсан гэдэг.Аргун хаан бол Чингис хааны гучинцар буюу Толуй хааны ач хөвгүүн ажээ. Аргун хаан Энэтхэгээс бясалгалын багш авчирч мөн буддын сүм барьж эхэлсэн байна. Аргун хаан энэтхэг багшийн заавраар 49 хоног зөвхөн хүхэртэй ус ууж мөнхрөлийн бясалгал хийж байгаад гэнэт нас барсан гэдэг. Түүний дараа Аргун хааны хот бурхаын сүм барих бүх ажил зогсчээ. Газан хаан эцгийнхээ эхлүүлсэн барьж байсан бурханы сүмийг нурааж оронд нь исламын сүм барьсан гэдэг. Газан хаан ч өөрөө Исламын шашинд орж улс орноо ийнхүү Исламын шашинт улс болгожээ. Исламын шашныг төрийн шашин болгох үйлсэд исламын шашны зүтгэлтэнүүд ихэд дэмжиж түүний дотор везир Рашид ад Дин ихэд чармайлт гаргасан гэдэг.Улс орондоо өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн Газан хаан амьдралынхаа сүүлийн жилүүдэд египетийн мамлюкуудын эсрэг аян дайн хийв.1299-1303 онд Газан хаан Сирид 3 удаа довтолгоон хийв.1299 оны сүүлчээр Газан хааны цэргүүд Халебийг эзэлж дараа нь армений хаан Хетумын цэрэгтэй нийлж египедийн султан Малик Насир Мухаммедийн цэргийг ялж Холмсийг эзлэв.
Дараа нь 1300 оны эхээр Газан хаан морьт цэргээ авч Сирийн нийслэл Дамаск хот руу дөхөж очиход хотын эмир ихэд сүрдэж хотын хаалгаа нээж Дамаскыг хялбархан эзлэв.Энд Газан хаан эмир Кутлуг- шах, эмир Чобан нараар удирдуулсан хэсэгцэргээ үлдээж Перс нутагтаа буцав. Гэтэл 1300 оны хавар египетийн мамлюк хаан дахин цэрэглэн довтолж Дамаскт байсан монгол цэргийг бутцохиж Сирийн Дамаскийг дахин эзлэв. Газан хаан 1330 оны намар дахин цэргээ дагуулж Сирид довтолсон боловч египетийн мамлюк цэргийг бүрэн ялж чадсангүй эргэж нутаг буцав. 1303 онд Газан хаан гурав дахь удаагаа Сири рүү дахин довтоллоо.Газан хааны эмир Кутлуг-шах египетийн цэрэгт дахин ялагдав. Газан хааны монгол цэргүүд Перс нутаг руугаа буцлаа.Тэр үеийн монголчуудын байгуулсан Ил хаант улс анхандаа Монгол гүрний захиргаанд байж байгаад Хайсан Хүлэг, Буянт хааны үеэс биеэ даасан байдалтай болжээ. Ил-хаад улс гадаад бодлогын хувьд Сири, Палестиныг байлдан дагуулах зорилготой байв. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тухайтадөрнөд европын христын шашинт улсууд болох тэр үеийн Генуй/ Итали/, Франц, Английн эзэн хаад болонРомын Паптай холбоо тогтоож, олон элч солилцож байжээ.Газан хаан 1302 онд Ромын пап лам VIII Еонифасад албан захидал илгээж байв.Энэхүү захидалыг 1921 онд Ватиканы нууц архиваас олжээ.
Ийнхүү Газан хаан эцэг Аргун хааны санааг гүйцээж, христ шашинтнуудтай хүч хавсарч, Египетийг байлдан эзлэх бодлого явуулж байлаа.Газан хаан бол агуу хаан байлаа. Газан хаан төрөлх монгол хэлнээсээ гадна перс, турк хэлийг сайн мэддэг, харин араб, хятад,хинду, кашмир хэлийг бага зэрэг мэддэг, одон орон, анагаах ухаан, химийн шинжлэх ухааныг мэддэг өндөр боловсролтой хүн байв. Газан хаан ан авд мордож аялж явж байхдаа Перс улсын нутагт ямар эмийн ургамал ургадагийг судлан тогтоож, эмийн ургамал ашиглаж анагаах ухаанаа хөгжүүлэх үндсийг тавьж өгөв. Өмнө нь Перс улс эмийн ургамал гэж юу байдагийг мэддэггүй, эмийн ургамалаа Хятад, Энэтхэг,Туркестанаас авдаг байжээ.Газан хаан бол уран цэцэн үгтэй, үлгэр туульс домогийг сайн мэддэг, ард түмнийхээ түүх, соёл,шашин, ёс зашлыг сайн мэддэг цэцэн мэргэн хүн байлаа.Газан хааны хүсэлтээрПерсийн нэрт түүхч, везир Рашид ад Дин алдарт “Джами- ат- Таварих” бүтээлээ туурвисан аж. Газан хаан гучин гуравхан насыг зооглож аравхан жил хаанчилж байсан ч гэсэн гайхамшигт хот, хүчирхэг улсыг бүтээж, улс гүрэндээ өөрчлөлт шинэчлэлт хийж ,Чингис хааны удам чийрэг бат, уужим ухаантай, агуу баатар хүмүүсгэдгийг дэлхийн өмнө батлан харуулав.
Газан хааны зарлигаар “Сударын чуулган”-ыг 1300-1311 онуудад бүтээжээ. Энэ бүтээл гурван хэсгээс бүрддэг. Нэгдүгээр ботийн эхний гурван дэвтэр нь Монголын түүх болон дэлхийн түүхийг багтааж бичсэн анхны ном ажээ. Газан хааны дэргэд Түүхийн хүрээлэн ажиилаж байсан бөгөөд тэр хүрээлэнд олон улсын эрдэмтэд ажиллаж байв. Тэрхүү түүхийн хүрээлэнгийн гол хүн нь монголын эрдэмтэн Болд чинсан байжээ. Болд чинсан бол алтан ургийн түүхийг гүн нэвтэрхий мэддэг эрдэмт хүн байжээ. Газан хааны зарлигаар Болд чинсаны тусламжтайгаар везир Рашид ад Дин монгол, перс, хятад, энэтхэг эрдэмтэд түүхчидтэй хамтран “Судрын чуулган”-ыг бүтээсэн нь эдүгээ дэлхийн хамгийн ховор нандинүнэт оюуны өв болоод байна. Монголчууд бид Чингис хааны үеийн монголын бодит түүхийгзөвхөн “Нууц товчоо” -ноос мэддэг байсан бол одоо энэхүү алдарт “Сударын чуулган”-аас улам ихдэлгэрэнгүй бодитоор мэддэг болж байна.Газан хаан 1304 оны 5-р сарын 17 ны өдөр Казвинд 33 настайдаа таалал төгсөв.Түүх судлаачид "Газан хаан бол өргөн сэтгэлгээтэй, олон талт гүнзгий мэдлэг эзэмшсэн, түүх, удам судар, уламжлалаа сайн мэддэг, байгалиас заяасан хурц ухаантай, авьяас билэг төгс, эр чадал, хатан зориг, тэсвэр хатуужилтай, дайсандаа хайр найргүй, нөхөртөө үнэнч шударга, улс гүрнээ захирахдаа ухаалаг, дайчин, цэргийн гарамгай жанжин, түүхэнд "шинэчлэгч" гэж алдаршсан хаан болой" хэмээн дүгнэжээ. Алтан ургийн Газан хаан Перст арван жил хаанчилж байхдаа богино хугацаанд их шинэчлэлт, өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж, улсаа цэгцлэн хөгжүүлж, сайхан хот байгуулж, гар урлал, газар тариалан хөгжсөн, хууль цаазтай, соёл, шинжлэх ухаантай, хүчирхэг улс болгож чаджээ. Алтан ургийн алдарт Газан хааны тухай өгүүлэхэд ийм байна. Алтан ургийн Хүлэгү хааны удмынхны байгуулсан Ил хаадын эзэнт гүрний суурин дээр өнөөгийн Иран, Ирак, Туркменистан, Узбекистан, Афганистан улс хөгжин дэвжиж байгаа гэдгийг дэлхий нийт мэдвээс зохистой болой.
Д.Сүхбаатар /baabar.mn/