-Анхлан энэ сэдвийг яг нэг сарын өмнө (8 дугаар сарын 15-ikon.mn) хөндөн бичсэн. Өмнөд хөрш ядуурлаас хэрхэн гарсан тухай хур туршлагаас нь танилцуулангаа Монголдоо санаа сургамж болгох үүднээс харьцуулан бичээч гэсний дагуу би үзэг цаасаа нийлүүлэн үгээ билүүдсэн. Гарчиг сонгохдоо “Энэ үгийг монголчууддаа зориулж хэлмээр санагддаг юм. Тавлаж байгаа юм биш шүү. Цөхрөлийн үг гэж бодоорой. Үүнээс цааш надаас үг гарахгүй!” гэж тодотгосон. Дахин бичвэл тийм санаа оруулаарай хэмээн таньдаг таньдаггүй олон хүн үг нэмэрлэлээ, энэ хугацаанд. Сайтад тавих тоолонд хэлэлцүүлэг өрнөөд байх бололтой юм. Төр-засгийн сонорт хүргээч гэсэн хүсэлт ирсэнийг ч харгалзан үзлээ. Ингээд тэдний хэлсний заримыг нэмж баяжуулаад дахин толилуулсу!
Заан шоргоолж хоёрыг харьцуулах утгагүйтэй адил Хятадтай Монголоо харьцуулах нь утгагүй. Гэхдээ нэгэнтээ захиалгат нийтлэл, бас хүмүүс санаа нэмсэн учраас би болхидуу харьцуулалт хийлээ. Миний нийтлэлийн гол утга бол гуравхан сая монголчуудын тал нь яагаад өөдлөхгүй байгаа тухай сэтгэхгүй бол болохгүй боллоо шүү, аюулын харанга дэлдлээ шүү гэдэг санаа юм.
ЦЕГ, Хууль сахиулахын их сургуульд лекц уншихдаа би энэ сэдвийг ямар нэгэн байдлаар хөндөж ярьсан даа. Ялангуяа ЦЕГ-т уншсан лекцийн сэдэв нь “Дотоодын аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдал” гэсэн сэдэв байсан учраас бидэнд тэр ядуурал гэдэг чинь аюулын харанга дэлдлээ шүү, дотоодын аюулгүй байдлын ганц дайсан чинь ядуурал шүү хэмээн анхааруулсныг лекцэнд суусан нөхөд санаж байгаа. Тэгээд миний энд бичсэнийг уншиж байгаа бол бүр ч сайн ойлголт авах байх, аваасай ч билээ. Лекцэлснээ цаасан дээр дэлгэрүүлж буулгалаа гэж ойлгоорой.
“Үгүй ээ, энэ миний ам уу!” гэдэг шигядуурал, ажилгүйдэл,архидалтыг маш ноцтой гэмт хэргийн зүйл ангид оруулж тооцсон ямар нэгэн хууль ЦЕГ боловсруулж яамаараа дамжуулан дээшээ УИХ-дөргөн барихгүй бол тун ноцтой аюулын дор улс үндэстэн маань ирлээ гээд би хэлээд тавьчихлаа. Лекцэнд суусан цагдаагийн дарга нар санаа сэдэл авсан байх гэж найдна.
Ерөөсөө нийгмийн дэг журам, тогтвортой байдал, төрийн албаны сахилга хариуцлагад цагдаагийнхан ихээхэн санаа зовинож, энэ талаар судалгаа дүгнэлт хийж буй юм билээ. Тийм учраас миний ярьсан, тэдний дүгнэсэн хоёр хослоод ядуурал, ажилгүйдэл,архидалтыг гэмт хэрэгттооцсон хууль руу хүргээсэй билээ.
Ард түмнээ ажил хийлгэж чадах улс төрийн нам, төр, засаг, лидер энэ 28 жилд бидэнд нэг ч заяасангүй гэж үү? Ажилсаг хөдөлмөрч хүн, ажилсаг хөдөлмөрч ард түмэн л сайн сайхан явдаг гэдэг энгийн үнэнийг ард түмнийхээ орой руу ортол, ой тойнд нь арилшгүйгээр суулгаж өгөх төр дутагдлаа гэж үү? Хөдөлмөрлөж байж улс хөгждөг гэдгийг ард түмэндээ яс маханд нь тултал ойлгуулах төр үнэхээр дутагдаж байна.
Гэхдээ би төр рүү шууд дайрмааргүй байна. Төрийн толгойд дайрч гараад зайдалж суусан нэг ч тохиолдол 28 жилд тохиогоогүй. Төр-засгаа бид л сонгож ирсэн. Бидний олонхийн сонголт нь тэр. Төр ард түмнээ хэргээр ядуу байлгаад байгаа юм ер байхгүй. Энд би монголчууд бултаараа сэтгэхгүй бол болохгүй тухай, оройтож байгаа тухай ярьж байна. XXI зууны эрчтэй хөгжлийн эринд энэ цөөхөн хүн ардыг чинээлэгжүүлж, мөнгөжүүлж хүчрэхгүй байгаа тухай ярьж байна.
Ядуу байгаагийн гайгаар Монголын нийгэм ямагт тогтворгүй байна. Төр-засаг нь булаатай минан дээр, хэзээ мөдгүй огцрох аюулын дор байж ирсэнийг би хэлж байна. Ардчиллын 28 жилд гэгээлгээр дуурсагдах нэг ч улс төрчгүй, бүр жилийн өмнөх Ерөнхий сайдаа ч таг мартчихсан байгааг нь би хэлж байна.
Aжилгүй, орлогогүй, ядуу нийгэмд лидер, эрх баригч байх хамгийн тамтай ажил гэдгийг манай улс төрчид зах зухаасаа ойлгож эхэлсэн байх. Хичнээн хийж бүтээгээд,санаачлаад (“Мянганы зам”, “Их өрийг тэглэсэн” гэх мэт), хичнээн эрдэмтэй нөхөр төр-засаг толгойлоод ард түмний тал нь ядуугаараа, өлөн зэлмүүн байх аваас ямар урам байх юм бэ? Ямар таашаал авах юм бэ? Улс төр хийсний утга энд гарч ирэх юм уу?
Нэг. Хятад
Хятадаас ингэхэд юуг нь бид сурах юм бэ? Aжилгүй, орлогогүй, ядуу нийгмийг сэвхийтэл босгож ирээд, бүр дэлхийн тэргүүлэх эдийн засгийн гүрэн болгочихсон туршлагаас нь суралцах, суралцахыг эс хүсвэл ядаж хүлээн зөвшөөрөх, хүндэтгэлтэй хандах (Хэрэв тэднээс мөнгө гуйж зээлж байгаа бол!) хэрэгтэй мэт.
Харьцуулалт хийгээд үзвэл газар тэнгэр шиг зөрүү гарч ирэх учраас би ухуулга, ятгалга хийхийг ер зорихгүй. Гэхдээ түүх сөхөхгүй бол болохгүй байна. Ямар түүх вэ? Хятадын шинэхэн түүх юм.
Энэ 2018 онд Хятадад нэгэн лут үйл явдлын түүхт 40 жилийн ойг тэмдэглэж буй. Тэр ньХКН-ын XI их хурлаас (1977 он) сонгогдсон Намын Төв Хорооны III бүгд хурлын 40 жилийн ой болно. Энэ 40 жилд 700 сая ядуус ядуурлаас гарлаа гэдэг нь аугаа том үйлс, ялалт хэмээн хятадууд шагшдаг, тэр тухай ч намынх нь XIX их хурал, БХАТИХ-ын энэ оны хаврын шинэ чуулганаар (13 дахь удаагийн сонгуулийн) хангалттай яригдсан.
Энэ 40 жилд хүндийн төвийг улс төрөөс эдийн засаг руу эргэлтгүй шилжүүлсэн, либераль эдийн засгийн реформыг тасралтгүй хийсэн. Дөчин жилийн гол бахархал нь 700 сая хүн ардыг ядуурал гуйланчлалаас гаргаж чадсан явдал. Тэр 40 жилийн ололтыг илтгэх тоо: Хятадын ДНБ-ий өсөлт 35 жилд буюу 1980-2015 онд 191 тэрбумаас 11 их наяд доллар (бараг 58 дахин, яг нарийвчилбал $11.9 триллион) болж өссөн нь дэлхийн эдийн засгийн түүхнээ урьд хожид үзэгдээгүй үзэгдэл болох аж. GDP-ээ 58 дахин өсгөдөг өөр улс үндэстэн гэж дэлхийд өөр нэрлэгдээгүй байна.
“700 сая” гэх энэ тоо өсөх хандлагатай байна. 2018.05.23-нд Бээжинд “Хятадын ядуурлаас ангижруулах олон улсын форум” зохион байгуулагдахад Дэлхийн Банкны төлөөлөгч Белел Дебэл гэдэг хүн 40 жилд Хятадын 800 сая ард иргэдийг ядуурлаас ангжируулсан нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хурдтай, хамгийн өргөн цар хүрээтэй ядуурлыг бууруулсан ажил болжээ хэмээн 100 саяар нэмсэн тоо гаргаж иржээ.
Тэр хуралд үг хэлэгсэд энэ тоог дэмжжээ. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ядуусыг дэмжих удирдах багийн орлогч дарга Чэнь Жиган илтгэхдээ: ХКН, Хятадын Засгийн газар ядуурлыг арилгах ажлыг түүхэн үүргээ болгож, өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн туршид 800 гаруй сая иргэнээ ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулсан түүхэн дэх гайхамшгийг бүтээлээ. Ялангуяа ХКН-ын XIX хурлаас хойш ядуурлыг бууруулах ажилд илэрхий ахиц гараад байна. Өнгөрсөн 5 жилд Хятадын ядуурлын хэмжээ ихээхэн буурч, хөдөө тосгоны ядуу иргэдийн тоо 2012 онд 98.99 сая байсан бол 2017 онд 30.46 саяд хүрч, 68.53 сая иргэний амьдралыг өөрчилж, жил тутамд 13.7 сая иргэнээ ядуурлаас гаргасан нь урьд байгаагүй түүхэн амжилт юм гэжээ. Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сангийн төлөөлөгч Маттео Марчисио гэдэг хүний ярьснаар 40 жилийн тэртээ Хятадын ард түмний 70-80 хувь нь хөдөө орон нутагт ажиллажамьдардаг, тэр үед олон хүний амьдрал нэн тааруу байсан. Тэгвэл тус улс өөрчлөлт хийж,нээлттэй цуврал бодлого хэрэгжүүлж, ядуу иргэддээ илүү их ажлын байр гаргаж өгсөн ба Хятадын ядуурлыг бууруулсан ололт амжилт дэлхийд үлгэр жишээ болж, хуримтлуулсан туршлагаа бусад орнуудтай хуваалцаж байгаа ажээ.
Яг одоогийн Хятадын суртал нэвтрүүлгээр бол энэ 40 жил дотроо сүүлийн 5 жил онцгой 5 жил болж, түүхнээ Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе хэмээгдэж буй. Энэ 5-хан жилд юу эсийг амжууллаа гэхэв.Өнгөрсөн 5 жилд ядуу хүн амын тоог үлэмж ихээр цөөрүүлсэн, 8 сая 300 мянган хүнийг өөр нутаг руу нүүлгэн амьдралыг нь өөд татаж, ядуурлын хэмжээ 10.2 хувьтай байсныг 3.1 хувьд хүргэжээ. Оршин суугчдын орлогын жилийн дундаж өсөлтийг 7.4 хувьд хүргэсэн нь улсын эдийн засгийн өсөлтийн хурдаас илүү байна. Эдүгээ Хятад нь дэлхийн хамгийн олон хүн амтай, гэхдээ дунд зэргийн орлоготой цорын ганц улс болж тодорлоо. Гадаадад жуулчлах хятад иргэд 83 сая байсан бол 130 сая гаруй болж, өндөр настны даатгалд 900 сая хүнийг, эмчилгээний даатгалд 1.3 тэрбум бүх хүнээ хамруулж, нийгмийн баталгааны дэлхийн хамгийн том сүлжээг байгуулсан байна. Хятадын хүн амын дундаж наслалт 76.7 хүрсэн нь тэрбум гаран хүн амд нь харьцуулж үзвэл гайхамшиг гэхээс аргагүй юм.
Тэрхүү 40 жил дээр нэмэгдэх ойрын 5 жилд өмнөх хөрш маань ямар лут зорилтын ард гарах бол? Тэд хөдөө аж ахуй руу том дайралт хийх гэнэ. Орчин үеийн хөдөө аж ахуйг буй болгоно гэж байна. Хөдөө тосгоны нэг ба хоёр, мөн гуравдугаар аж үйлдвэрийг уялдуулан хөгжүүлнэ, хөдөө тосгоны аж үйлдвэрийн системийг буй болгон, тариачдын орлогыг нэмэгдүүлнэ гэжээ. Хөдөөгийн I, II, III аж үйлдвэр гэж юу болох, тэр нь манайд ямар хамаатайг судлах ёстой болж таарлаа.
Хоёр. Монгол
Хятадын дээрхи олон тоо толгой эргүүлэм. Тэр бүрийг монголчууд нягтлах албатай ч биш. Тэгэхлээр нэг л логик байна. “40” жил, нөгөөх нь ардчилал шинэчлэлийг хослуулан хийсэн манай “28” жил хоёрын харьцуулалт. “40” ба “28” хоёрын хооронд “12”-хон жилийн зөрүү байна. Тэр бол гялс манс өнгөрчих багахан хугацаа. Олон зуун сая ядуус, гуйлагчинтай байсан улс маань тэднийгээ дундаж амьдралтай болгочихсон бол, 3-хан сая монгол ядууралтайгаа 28 дахь жилдээ тэмцээд лав талыг нь ядуурал дээр нь хав барьж байна.
Яг манай Монголын дэргэд, хил залгаа, өдөр тутам холбогддог хөрш маань ийм аугаа хүчирхэгээр босч ирснийг бид тусгаж авах, хамтын ажиллагаандаа тооцох, тэр их орлого ба мөнгөнөөс зөв, хуулийн дагуу хамтарч бизнес хийгээд ашиг хүртэх нь зүйтэй гэж би мянга бичиж уриалдаг ч монголчууд хэнэггүйгээсээ болоод боломжийг алдсаар л буй.
“Та бүхнийг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьж байна. Галт тэрэг хурдан ч бай, удаанч бай бид Та бүхнийг урьж байна. Ганцаар явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна” хэмээн БНХАУ-ын удирдагч Си Жинпиний уриалсныг дахин сануулъя.
Харьцуулалт хийхээс өмнө хэлэх гашуун үнэн үг байна. Монгол хүн Та хэрэв ядуурч байгаа бол төрөөс үл хамаарах гуравхан шалтгаантай юм. Ямар шалтгаан?
-
Та социализмын үед албадаж сургаж байсны хажуугаар сул өнгөрчихсөн, иймээс Та амьдралд өөрийгөө бэлтгэж чадаагүй. Та боловсролгүй, мэргэжилгүй, ажил хийж чадахгүй, тиймээс Та ядуу байна. Та үүнийгээ гэм нь хүлээн зөвшөөрдөггүй.
-
Та хувийн араншингаасаа болж ядуурсан байж болно. Араншин гэдэгт хэнэггүй, хариуцлагагүй, сахилга батгүй, олхиогүй арчаагүй, олсноо хуу идчихдэг, үрчихдэг, архинд живсэн, цаг нөхцөөх донтой, уурын тулам, гуйлга гуйхаас ичдэггүй, хөдөлмөрлөхөөс хулчийдаг гээд Таны олон муу чанарууд орно.
-
Та үр хүүхдээ маш муу хүмүүжүүлсэн байна. Таны тэтгэвэрийн хэдийг сахилгагүй, архичин, ажилгүй хүүхдүүд чинь хуу цөлмөөд дуусдаг.
Хэрэв Та болон Таны гэр бүл тамын тогоон дотор байнга байдаг, тэр тамлалт чинь дуусдаггүй бол дээрхи гурван шалтгааны аль нэг нь гарцаагүй байгаа шүү!
Энд дор жагсаах нь харьцуулсан хариулт бол өмнөд хөрш улс ядуурлаас гарсан туршлагыг судлаад чухам яаж гэдэг дээр товч тодорхой, болхидуухан, гэхдээ үнэн байж болох жагсаалт гаргалаа. Жагсаалт бүрт Монголд ямар байсан, байгаа билээ гэдэгт санаа сэдэл өгөх ганц хоёр өгүүлбэр нэмлээ. Анхааралдаа авна уу.
-
Xятaдад өлсгөлөн нүүрлэсэн, хэдэн зуун саяараа ажилгүйдсэн, гуйлгачилсан, хөдөө нь нурсан үр дүнг “Соёлын их хувьсгал” гэх улс төрийн кампани үлдээсэн бол Монголд тийм балмад кампани өрнөж байгаагүй, олон мянгуулаа (тэр үед сая гаранхан хүн амтай байсан) өлссөн, ажилгүйдсэн, хөдөө аж ахуй нь нурсан нөхцөл байдал хэзээ үүсч байгаагүй.
-
Хятадад улс төрийн бодлогыг огцом, 180 градус эргүүлж, хүчлэн албадан байж реформ хийхээс өөр арга байгаагүй. Монголд тийм нөхцөл байдал хэзээ ч тулгарч байгаагүй. Хятад нь коммунист засаглалтай капиталист эдийн засаг руу эргэлтгүй орохоос өөр гарц, хувилбар, зам байгаагүй бол Монгол нь ардчилсан хувьсгалаар коммунист дэглэмээсээ салж, эдийн засгийн эрх чөлөөгөө олж аван, хөгжиж дэвжих зам дээрээ саадгүй гарч ирсэн. Хэн ч саад хийгээгүй, Монголын реформыг хэн ч санаатайгаар хорлоогүй.
-
Ардчилсан нийгэм рүү шилжээд монгол хүний сахилга бат одоо хэр бүрэн төлөвшихгүй байна.Хуулийн хүрээнд төлөвших ёстойг ухаарахгүй явсаар байна. Эрх зүйт нийгэм гэдэг маань хуулийн дарангуйлал доорхи шударга ёс, өргөн сонголт, зөв хөдөлмөр, хангалуун амьдрал шүү дээ. Гэтэл дур зоргоороо, өөрийн хүслээр тонгочихыг ардчилал гээд ойлгочихсон сүрэг хүн гараад ирсэн. Тэр нь ядуурал ба тогтворгүй байдлын нэг эх сурвалж.
-
Хятад нь ядуурлаас гаргах өвч бүрэн, цогцолбор арга хэмжээг хуулийн дарангуйллын дор хүчээр явуулсан. Хүчлэхгүй бол болохгүй болсон учраас л тиймдээ тулсан. Албадлага хаа сайгүй хэрэгжсэн. Монголд албадах шаардлагагүйгээр эхлээд мал, дараа нь орон сууц, дараа нь газрыг нь хувьчилсан ба хувьчлалаар бүх өмчөө гардан авсан монголчууд нь ажиллаж, амьдрах, хөлжих, бэлжих бүх бололцоогоор хангагдсан.
-
Хятад, Монголын улс төрийн тогтолцоо эрс ялгаатай. Монголын улс төрийн тогтолцоо нь ядуурлын буруутан гэж би нэрлэх гээгүй, гэхдээ дараагийн УИХ-ын сонгууль хүлээсэн завтай, гиюүрсэн хүмүүс дэндүү олон байна. Монголын улс төрийн тогтолцооны сул тал гэх үү дээ, ажиллаж хөдөлмөрлөхийг нь сатааруулсан, сарниулсан, үймүүлсэн, ямагт мина булж явдаг “эх оронч” нам, хөдөлгөөн, ТББ маш олонтой. Тэд нь “76”-гийн тоонд орж чадахгүй л бол ямагт тэмцлийн гал өрдөж байна, шалтаг мундахгүй олон, бүр барагдахгүй. Хэвлэлийн бага хурлын индэр ямагт нээлттэй. “76”-д орж чадаагүйчүүдийг дагаж явдаг дагагсад, дэмжигсэд, сонирхогч, хэрэгт дурлагч харанхуй сүрэгхангалттай. Хэрэв Хятадад ингэж аяглах аваас тас цохино, тэгж зүрхлэх завтай, зүрхтэй хүн нэг ч байхгүй. “Олон түмний амар түвшин” хэмээн Өвөр Mонголд ярьдгийг би энд хэлж байна. Тийм амар амгаланг эвдэх аливаа үйлдлийг Хятадад тэвчихгүй.
-
Хятад, Монголын нийгмийн амьдралын хэмнэл, дэг жаяг нь огт өөр юм. Хятадад ажлаа хийгээд, цалингаа аваад, амьдралаа өөд татах ганцхан зам л иргэдэд нь заяадаг бол Монголд ажиллаж хөдөлмөрлөхийг нь сатааруулсан, сарниулсан, сэтгэхүйг нь олон тийш нь татаж үймүүлсэн нийгмийн ажил үйл дэндүү олон. Гуравхан сая хүндээ ахдахаар мянга мянгаар тоологдох лам, бөө, үзмэрч, удган, мэрэгч төлөгч, гэгээнтэн, шидтэн, нийтийн дуучид, хошин урлагийнхан, шар хэвлэлийнхэн, солонгос сериал түгээгчид, сүлжээчин, хүнчин, тэднийг дагасан нийгмийн маш том салбарууд байдаг ба тэднийг дагаж намирсан, наргисан, тойрч нягтарсан, омогшсон олон зуун мянган хөгжөөн дэмжигчидтэй. Гэм нь тэр салбарууд нь Монгол Улсын сан хөмрөгт ганц ч төгрөгийн ашиг өгдөггүй, улсын төсөвт нэмэр болдоггүй, хөгжөөн дэмжигчид нь бүтээлч хөдөлмөрийн алтан цагаа дэмий үрдэг бол Хятадад ийм салбар, тийм хөгжөөн дэмжигчид гэж байдаггүй. Ажил хөдөлмөрийг сарниулсан аливаа марзан үзэгдлийг Хятадын төр тас цохидог. Жишээ фалунгун гэх шашны хөдөлгөөн юу болж дууслаа.
-
Хятадад хот хөдөөг зэрэг хөгжүүлсэн. Хөдөөд ажлын байруудыг олноор бий болгож, хот хөдөөд хувийн секторыг урамшуулж, баяжихад элдэв саад тотгор багахан шиг тавьж, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлсэн бол Монголд ийм бодлого цаасан дээр тунхаглаад цааш ахиулаагүй. УИХ-ын сонгуулиар төр, засаг ойр ойрхон солигдож, өмнөхөө үгүйсгэх буюу хэт давуулж ажиллах гэж будилсаар ирсэн. Гэхдээ гол буруутан нь монголчууд өөрсдөө. Учир нь социализмын үед тэднийггайгүй шахаж, бараг л ташуурдаж, дарамталж ажилд сургаж байсныг нь нураагаад шинэ тогтолцоо буй болгохын оронд эрх, эрх чөлөөг нь атгуулчихсан чинь ажил хийх дуртай монгол хүн огцом цөөрсөн.
-
Нүүдэлчний жалга довын сэтгэлгээ нь хөгжлийн чөдөр болох нь бий. Ажил хийхгүйгээр амьдраад сурчихсан, амьдруулаад сургачихсан монгол ахуй, нүүдлийн соёл иргэншил гэж нэг лут юм байнаа. Тэгсэн хэрнээ хамтаараа аж төрөх, хамтаараа хариуцлага хүлээх, хамтаараа ашиг хүртэх сэтгэхүй түүнд нь байдаггүй. Хэн нэгнээ бөөцийлдөг, бөөцийлүүлдэг, өдөр хоногийг аргацааж өнгөрөөдөг “арга туршлага” л байх шиг. Тэгвэл хятадуудад хамтаараа аж төрөх, хамтаараа хариуцлага хүлээх, хамтаараа ашиг хүртэх сэтгэхүй лав сууж өгсөн. Монгол хүн баг болж ажиллах чадвар сул, тэгэх сонирхол бага. Харин хятад хүн нэгдэж нийлэх, гар нийлэх, хорших, хамтрахдаа гаргуун.
-
Хятадад ажил хийхгүй бол ам тосдохгүй гэдэг хатуу хууль үйлчилдэг бол Монголд эсрэгээрээ. Ажил хийх дур хүсэлгүй хүн байнга 220 мянга байж ирсэн гэх судалгаа байна. Хятадад хэрэв ажил хийх дур хүсэлгүй эрүүл саруул хүн байх аваас нийгэмдээ ад болохын сацуу бараг эрүүгийн гэмт хэрэгтэн болж шийтгэгдэх аюултай. Тэгвэл Монгол ажил хийхгүй гэвэл хэн ч хорихгүй, хэн ч албадахгүй.Ядуурах золбирох нь ч нэг ёсны эрх чөлөө.
-
Хятадад ажлын байр гэж маш үнэ цэнэтэй, олдвол алдахгүйн төлөө гүрийтлээ зүтгэхээс өөр арга байхгүй. Монголд ажлын байрны зар төвийн өдөр тутмын сонин, зурагтын заруудад байнга тавигдах ба тэр ажлын байранд очиж тэнцэх нь ховор, эсвэл очихгүй, тоох ч үгүй. Ажлын байргүй байх нь гамшиг гэсэн ойлголт монгол хүнд байхгүй. Монголд ажилгүй байлаа гээд хичнээн ч жил гэдэс цатгалан явж болно. Хятадад хоёр хоногоос цааш тэсгээхгүй.
-
Хятадад ажилгүй ядуу иргэдийг тэтгэх хөтөлбөр, сан, мөнгөн тусламж, зээл өдий төдий байдаг ба тэр бүрийг хятадууд оновчтой ашигладаг. Тэгвэл Монголд ажилгүйдлийг арилгах хөтөлбөр, бодлого, дэмжлэг байвч тэр нь татан дагуулах увидасгүй. Монголчууд ажилгүй байгаадаа гутардаггүй. Харин ч эсрэгээрээ. Ажлын байрны төлөө, ажлаар хангуулахын төлөө, ажилгүйдлийн эсрэг жагсаал тэмцэл, өлсгөлөн суулт Монголын ардчиллын 28 жилд ганц ч тохиож байгаагүй.
-
Сэтгэхүйн хувьд Хятадад ядуу байгаа нь өөрөөс нь болсон, өөрийн хувь тавилан хэмээн үздэг бол Монголд ядуурснаа өөрөөсөө боллоо гэж хэлж байгаа хүн нэг ч байхгүй, ядуу амьдарч байгаа иргэддээ Монголын төр хэзээ ч буруу өгч байгаагүй тул ядуус нь төрийн толгойд гарсан баячуудаас боллоо хэмээн чичлэж хараан зүхэж, баячуудын эсрэг босч тэмцэх сэтгэхүйтэй. Түүн дээр нь улс төрчид нь тоглодог.
-
Хятадад “ядуу гацаа”, “ядуу тосгон” гэсэн нарийвчилсан ангилал хийж, ядуурлаас нь гаргах албадлага-урамшууллын хосолсон ажил одоо ч эрчимтэй хийж байна. Бид нэрэлхэхгүй бол уг нь “ядуу сум”, “ядуу хороо”, “ядуу дүүрэг” гэсэн ангилал хийгээд тийшээ түлхүү ажиллах ёстой юм. Ядуу иргэдтэй тулж ажиллах, ядуу иргэдийг амьдрал сайтай нутаг руу шилжүүлэх, ажлаар хангах нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдог бол Монголд ажилгүйдлийг хэн хэрхэн арилгав, хэдэн хүнд ажлын байр гаргаж, аж амьдрал нь хэрхэн сайжрав гэдэг тусгай шалгуур байхгүй, дарга нарын ажлын үнэлгээнд энэ талаар тусгаж мөрдөж байгаагүй.
-
Ажилгүйдэл ядуурал бол маш том аюул, нийгмийн тогтвортой байдлын дайсан хэмээн Хятадад үздэг, сурталчилдаг бол Монголд энэ талаар тэгж түгшиж, түгшүүр зарлаж байгаагүй, ярьж хэлсэн нь цөөхөн. Монголд тэгж ярьвал бараг ад болно.
-
Хятадад ажилгүйдэл ядуурлыг арилгахад гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг зориуд чиглүүлж байгаагүй. Үндэсний хэмжээний маш том төсөлд гадаадын зээл, хөрөнгө оруулалт зориулагддаг. Тэгвэл Монголд ажилгүйдэл ядуурлыг арилгах гол хөшүүрэг нь гадаадын зээл тусламж байж ирсэн, тэгж ч үздэг. Ядуурал бууруулахын тулд төр нь гадаадаас мөнгө гуйж хэвшсэн. Улс төрчид ба Засгийн газрынх нь ажлын шалгуур ерөөсөө тэр. Тэр гуйлга нь монголчуудын сонгуулийн идэвхийг хөдөлгөдөг, бэлэнчлэх сэтгэлгээг хөгжөөж өгдөг.
-
Хятадад хувь хүмүүсийн хувийн санаачилга, хөдөлмөр зүтгэлийг хөхиүлэх замаар ядууралтай тэмцэж ирсэн бол Монголд хувь хүн, иргэний хувийн санаачилга, хөдөлмөр зүтгэлийг төрөөс дэмжих нь ховор.
-
Монгол, Хятадын боловсролын тогтолцоо эрс ялгаатай. Хятадад онц сургахыг, нийгмээрээ дээд боловсролтой болгохыг хөхиүлдэггүй. Амьдралд арчаатай, ажилч хөдөлмөрч, нийгэмч, зөв хүн байхыг сургадаг бол Монголд зах зээлийн нийгэмд өөрийгөө бэлтгэх талаар хичээл дадлага олгодоггүй. Хувь хувьсгалын их дээд сургуулийнх нь тоо хэтрээд, төгсөгчдийнх нь 70 хувь ажилгүйддэг.
-
Хятадад бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй, халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар (эрүүл мэндийн аргагүй байдал, эсвэл гавьяаны амралт гэх мэт) жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд нь гүн суусан.
-
Шагналын тогтолцоо гэдэг юм Монголын нийгэм, хүн ардыг ямагт үймүүлж, талцуулж, сэтгэхүйг нь эвдэж дуусч байна. Насанд хүрсэн хүн болгон “Алтан гадас”-тай байх ёстой гэсэн мухар сүсэгт автсан. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл, элдэв гуншин Монголын нийгмийг хэрсэн. Хятадад ийм зүйл огтоос байхгүй. Одон медаль, цол хэргэм, өргөмжлөл хүртэхийн тулд хятад хүн ажил хийдэггүй, Монголд эсрэгээрээ.
-
Хятадад төр засаг нь 1 тэрбум 400 сая иргэнээ хянаж чадаж байхад (бараг иргэн бүрт хувийн хэрэг нээсэн) Монголд 3 сая иргэн байтугай орон сууц, хороо, сум багийнхааиргэдийг хянаж чаддаггүй. Монголдалбадаж ажил хийлгэх, албадаж мөнгөжүүлэх нь хүний эрх рүү халдсан хэрэг болох тул ажилгүй, ядуу, золбиниргэдийн талаар багцаа тоо, статистикаас цааш ахидаггүй өнөө хүрчээ.
Гурав. Дүгнэлтийг орлуулж хэлэх хатуу үгс
Дээр мөн лут ялгаа байгаа биз? Дүгнэлт болгоё: АНУ-ын суу билэгт Ерөнхийлөгч нарын нэг Рональд Рейган ийм нэг лут афоризм үлдээжээ. Юу гэвэл “Юу хийхээ мэдэхгүй байгаа засаг төр бүхнийг хийх гэж оролдоод дуусдаг” (When government doesn’t know what is supposed to do, it ends up trying to do everything). Энэчлэн ардчиллын жилүүдэд дөрөв дөрвөн жилээр ээлжлэн эрх барьсан Засгийн газрууд хүн амын 30 хувьд хүрчихээд байдаг ядуу иргэдтэйгээ ажиллах талаар үнэхээр балчирдаж, ганцаардаж, барьцгүйтэж байх шиг.
Үндэсний статистикийн хороо Дэлхийн Банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын хүн амын 30 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарчээ. Бараг байнга тэгж гардаг даа. Энэ нь 2016 оны үеийн тийм судалгааны үзүүлэлтээс 8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд энэ талаар дэлхийн улсуудтай харьцуулсан элдэв судалгаа тун дутмаг. Ямар ч гэсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр ойролцоо, дундаж орлоготой бусад улстай харьцуулбал 30 хувийн ядуурал гэдэг нь тун өндөр тоо.
НҮБ-ын “Ядуурлыг устгах НҮБ-ын хоёр дахь 10 жил” гэсэн тогтоолын төсөл, Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр хамгийн удаан өрнөдөг, нэг сар гаруй хамгийн их маргаан дагуулдаг, 77-ийн бүлэг, Европын Холбоо болон бусад орнуудын дунд хэрүүл дэгдээдэг ядуурлын тухай асуудалд ардчилал ялаад 28 дахь жилдээ ядуурлаасаа салахгүй яваа манай улсын нэр огт дуулддаггүй шүү. НҮБ-аас “Ядуурлын бүх хэлбэрийг арилгах” тогтвортой хөгжлийн тэргүүн зэргийг зорилтыг хэрэгжүүлэх тухай ярихдаа Монголыг маань нэр зааж жишээлж байсан түүх байхгүй. НҮБ-аас хоёр жил тутам “Дэлхийн нийгмийн байдал”-ын тухай судалгааны томхон илтгэл боловсруулдаг. Тэр илтгэлд ч Монголыг ингэж харж үзнэ, тэгж дэмжинэ гэсэн үг өгүүлбэр нэг ч байдаггүй ээ.
Яагаад? Яагаад гэвэл дэлхийн хамтын нийгэмлэг, манайд хандивлагч, туслагч орнууд нийтээрээ шахуу ингэж үздэг болсон: Монголчууд ядуу байгаа нь өөрсдөөс нь шалтгаалсан, хөдөлмөр зохион байгуулалттай нь холбоотой асуудал. Гаднын ба байгалийн ямар ч хүчин зүйл (байгалийн гэнэтийн гамшиг гэх мэт) нөлөөлөөгүй!
Голд ортол мөн гашуунаар дүгнэсэн байгаа биз? Нэг мэргэн гарц байна. Насанд хүрсэн, эрүүл саруул бүх иргэндээ татвар шимтгэлийн тусгай (хатуу) хууль үйлчлүүлье. Татвараа төлөхийн тулд ажил хийхгүй бол болохгүй гэсэн гарцаагүй байдал руу иргэдээ шахаж оруулъя. Ажил эрхэлсэн ч, эрхлээгүй ч төрдөө татвар төлж байг. Эсвэл ажил хийхгүй байгаагийн албан татвар гэж ногдуулсан ч яадаг юм.
Нэг үгээр хүний шунал (мөнгө олох), хуулийн дарангуйллыг хослуулах тухай ярьж байна. Мөнгө олог, мөнгөтэй болог, гэхдээ хуулийн дагуу. Ерөөсөө хүн төрөлхтөний түүхийг ажваас хүнийг ажиллуулдаг хоёрхон хүчин зүйл байж иржээ. Нэг нь хүний шунал, нөгөө нь айдас. Тэр хоёрыг холбох тухайд би бичээд байгаа хэрэг л дээ. Ажил хийхгүй, бүр юу ч хийхгүйгээр амьдраад сурчихсан, амьдруулаад сургачихсан энэ монгол ахуй, нүүдлийн гэх иргэншлийн тогтолцоог хуулийн ба шуналын хүчээр нэн даруй халах тухайд л ярьж байна.
Зүүн Азийн хөгжлийн туршлага гэгчийн гол амин сүнс юу юм бэ? Анхлан дайны дараахи Японд туршаад дараа нь “Бар улс”-ууд авч хэрэглээд, Хятад туршчихаад өнөө хүргэсэн туршлага юм. Нэг үгээр ард иргэдээ албадаж ажиллуулах, албадаж мөнгөжүүлэх, залхуу хойрго, салан задгай, хойш суугчдыг нийгмээс хүчээр шахаж зайлуулах, түүндээ хүчирхийллийн машин ашиглах туршлага шүү дээ. Айдсаар хүн ардаа буланд шахна гэсэн үг л дээ. Ажилгүй, залхуу, мөнгөгүй байх нь нийгэмдээ ялгаварлагдаж, гадуурхагдаж, тэр нь өөрт нь айдас аймшиг байх болно гэдгийг Зүүн Азийн туршлага хүн ардынхаа тархинд хэдэн үеэр нь суулгаад өгчихсөн. Энэ талаар монголчууд огт сэтгээгүй яваа, сэтгэх ч үгүй.
Тэгэхлээр Хятадаас суралцая гэвэл дээрхи 20 жагсаалт дахь хоёр улсын байрыг сольж тавиад гүрийтлээ ажиллах, ажиллуулахаас өөр арга зам алга!
О.Баярхүү /baabar.mn/