АТГ-т Хөгжлийн банкнаас зээл авсан асуудлаараа шалгагдаж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Ардчилсан намын даргаар бүртгэ” гэж Улсын Дээд шүүх дээр эсэргүүцлийн суулт зарлаад байна. Жагсаж байгаа хүмүүс нь дандаа 60-аас дээш насны ахмадууд, барьж байгаа уриа лозундаа итгэл үнэмшилгүйгээр “нарлаж” сууна. Удаа дараагийн жагсаал цуглаанд очсоор нийтэд нүдлэгдсэн нэр бүхий эмэгтэйчүүд тэдний зургийг авч цаашаа мэдээлэл дамжуулах байдалтай, ийм л дүр зураг харагдлаа.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр Баянхонгор, Ховд, Булган, Дорнод, Орхон аймгуудаас энэ “тэмцэлд” нь оролцох 100 гаруй иргэнийг автомашинаар тээвэрлэж нийслэлийн нэр бүхий хоёр зочид буудалд байршуулаад байгаа гэнэ.
Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын талаас гурван хүн Улсын Дээд шүүх рүү орж, бүрдүүлж өгсөн материалаа буцааж авахыг хүссэн. Гэвч хуулийн дагуу шүүх хурал нэгэнт зарлагдсан учраас мэдээлэл нь шүүх хуралдаанд заавал танилцуулагдах ёстой тул материалыг буцааж өгөхөөс татгалзжээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид өнөөдөр 14.30 цагт эхлэхээр товлогдсон бөгөөд урьдчилсан байдлаар нийт 24 шүүгч оролцохоос ирцийн байдлаас шалтгаалан 20 орчим шүүгч оролцох бололтой. Дээд шүүхийн шийдвэрт зориудаар нөлөөлөх магадлал өндөр байгаа дүр зураг одоогоор ажиглагдаж байна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга өөрөө хуулийн байгууллагаар шалгагдах үедээ олон нийтийг жагсаал цуглаанд турхирах явдал өмнө нь “Жудагт Монгол” хөдөлгөөний жагсаалаар илэрч байсныг энд сануулах нь зүйтэй болов уу.
2016 оны гуравдугаар сарын 30-ны өдөр тухайн үеийн УИХ-ын гишүүн Х.Баттулга “Жудагт Монгол” гэгч хөдөлгөөнийг толгойлон Төв талбайд гарч ирж байсан. Тэр үеэр Х.Баттулга “Жудагт Монгол” цуглаан дээр УИХ-д дахин сонгож болохгүй хүмүүсийн нэрийг зарлаж сонгогчдын эрхэд нөлөөлөх гэж оролдож байсан. Зарласан 11 хүнээс нэг нь золгүйгээр төрийн ордонд нас барсан, гурав нь улс төрийн хоригдол болчихоод шоронд хоригдсон.
Үүний дараахан, 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд түүнийг төмөр замын төслийн хэрэгжилттэй холбоотой хэргийг шалгах асуудалтай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах хоёр компанийн оффист Прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийх болоход өнөөх хөдөлгөөнийхөн болон том биетэй залуус нь, хамгийн гол нь өнөөдөр “үсдүүлж” хөөгдөөд байгаа Э.Бат-Үүл баатар санаа зовниод оччихсон л байсан. Тэгэхэд бас л “туслах эмэгтэйг аваад явчихлаа” гэж өр өвтгөхөө мартаагүй.
Сүүлд, 2021 оны тавдугаар сарын 8-нд түүний турхирсан эмх замбараагүй байдал улам хүчирхэгжив. Тухайн үед АН-ын гишүүн М.Тулгат “Ардчилсан нам устах гээд байхад юуны чинь өвчин зовлон?” гэж Ковидын эсрэг хуулийг зөрчиж буйг нь сануулсан сэтгүүлчийн асуултад хариулахдаа “загнав”. УИХ-ын гишүүн, яг тэр үеийн байдлаар бол АН-ын дарга гэгдэж байсан О.Цогтгэрэлийн компанийн логотой нэг бус хүн төв талбай дахь жагсагчид дунд байсныг “тус компанийн нэр хүндэд халдаж буй санаатай үйлдэл” гэцгээж байна. Тэр үед бас л орон нутгаас “О.Цогтгэрэл даргатай АН-ыг бүртгэхийг шаардаж Дээд шүүхэд хүсэлт гаргаж байсан. Ийм хэрэг зохион байгуулсан УИХ-ын гишүүнтэй тооцох хариуцлага Монгол төрийн хуульд байдаг боловч хэрэгжээгүй!
Тухайн үед аймгуудаас Улсын Дээд шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 22-нд “Ардчилсан намын даргыг цахим бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтүүд ирүүлцгээж байсан. Гэтэл шүүхээс С.Эрдэнийг тус намын даргад тооцсон шийдвэр гарсан бөгөөд О.Цогтгэрэлийн талаас 21 өмгөөлөгчтэй оролцож шүүх хурлыг хойшлуулж буй талаар удаа дараа мэдээлэл гарсан. Эцэст нь Сонгуулийн ерөнхий хороо хугацаа өгч, тухайн хугацаанд багтаж С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн. Хүчээр бүртгээгүй, Ардчилсан намын удаа дараагийн цахим хурлуудаас гарсан шийдвэр л энэ. Тус намын дотоод асуудал. Гэтэл намын дотоод асуудлаа дэвэргэж төв талбайд цар тахлын хөл хорионы үеэр өлсгөлөн зарлаж, хууль тогтоогчид нь энэ бүхнийг эхэлсэн. Эхнээсээ эмэгтэй гишүүний бие муудаж эмнэлэгт хүргэгдлээ гэхчлэн мэдээлж байсан. Тэр ингэж л үймээн самуунд эмэгтэйчүүдийг “ашигладаг”, тэдний амь нас, эрүүл мэндээр “барьцаалдаг”. Тухайн үед УИХ-ын дарга биеэр очиж уулзаад “өлсгөлөнгөө зогсоохгүй бол хамт өлсгөлөн зарлая” гэсэн, Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн энэ үйл ажиллагаагаа зогсоохыг хүссэн хүсэлт илгээсэн.
Гэтэл өнөөдөр өндөр настнууд голдуу олон хүн Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг Улсын Дээд шүүхээс шаардаж эсэргүүцэж байна. Яаж итгэх болж байна?
Одоо болиоч ээ, Х.Баттулга аа! Монголын улс төрийн хаалгаар бус “тооноор” Таныг оруулахын тулд хэдэн ахмад настан, эмэгтэйчүүд, ээжүүд тарчлах ёстой юм бэ? Монгол Улсын хууль, хяналтын байгууллагууд хурууныхаа үзүүрээр пост бичсэний төлөө шалгаж хянадаг байтал улайм цайм эмзэг бүлгийн иргэдийг турхирч Улсын Дээд шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг завдаж буй, АТГ-т шалгуулж байгаа иргэн Х.Баттулгыг саатуулж шалгана уу!
Нэг жил хүрэхгүй хугацааны өмнө “Эв нэгдлийн илэрхийлэл” байсан Х.Баттулга өнөөдөр яагаад нэг намын дарга хийхийн тулд шүүх засаглалд нөлөөлөх эрхтэй гэж? Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байцгаая! Иргэн Х.Баттулгад хууль үйлчлэх ёстой!
У.Оргилмаа /baabar.mn/ 2022.05.20