x

Хөшөөнд хоргодоогүй сүнснүүд

Хонины тойг шиг өхөөрдөм эгдүүтэй бор эмгэн зүүн гараар таягаа тулж баруунаа элгэндээ наминчилсаар бурхныхаа өмнө очиж сөхрөв. Үрчгэр уруулаа өмөлзүүлэн “Бурхан минь” гэж шивнээд ухаан санаагаа өөрөөсөө хөөхөд нулимс сул урслаа. Нар сар нэвт гэрэлтмээр хэрзгэр туранхай шувуун цээжээ чадлаараа түхийлгэн тэлж мэнгэртэй уушгаа хэржигнүүлэн байж агаар ихээр сороод дахин “Бурхан минь” гэж сэтгэлээ дайчлан сүжиглэхэд их хүч зарцуулсандаа гэзэггүй мулзан толгой салганаж самсаа үл мэдэг сартганав. Тэгээд зөнөсөн хүний зангаар ганцаараа ярив: Зулаа өргөчихье. Хүрдээ эргүүлчихье. Ум ма ни бад ми хум. Гомбо гүр минь одоо миний нас сүүдэр зуу дөхсөн байх. Чухам хэдийг мэдэхгүй. Мэдээд ч яахав. Нүдний минь урдуур усан хөшиг татчаад юу ч үзэгдэхээ болив. Лха таван тэнгэр минь. Хорвоог бодохуй нүднээс аяндаа хар ус асгараад унах юм. Хөөрхий одооны энэ хүн амьтны аашилж аяглаж нүгэл хилэнц үйлдэж бие биеэ алж талж атаархаж жөтөөрхөж баяжих гэж гай түүтгэр дуудаж байгааг бурхан минь та харж байна уу? гээд эмгэн Бурхан багшийнхаа мэлмийг ширтэв.

Бүгд үхэхгүй мөнх юм шиг галзуурах юм даа. Тэгдэг юм даа. Залуу зандан явахад ухаанд юу ч ордоггүй юм. Тэглээ гэхэд даанч дэндүү. Өндөр нас зооглоно гэдэг сайхан ч юм уу даа мэдэхгүй. Одоо надад бол нүд анимаар л байна. Санаагаар даанч болохгүй юм чухдаа. Эх болсон хамаг амьтны тусын тулд би нэг дүнчүүр маани уншжээ. Арай уншсан дүнчүүрээсээ болоод үхэж өгөхгүй байгаа юм биш биз? Гончигсүм минь харъя нүдгүй, харайя хөлгүй, хазъя шүдгүй, ингэж яваад ч яах билээ. Бас тэгээд таг дүлий. Хүний үг сонсох байтугай сүрхий дуутай трактор хүртэл хажуугаар чив чимээгүй тогдогноод өнгөрөх болж. Үе тэнгийн хүмүүсээс нэг ч үлдсэнгүй. Бүгд үхэж үрэгдээд дуусч. Ингээд бүгд өнгөрөх байсан юм бол ер нь төрөхийн хэрэг байв уу? Хорвоог би зүгээр ч нэг барсангүй. Мөн ч их лай үүрлээ дээ. Гучхан насандаа хань ижлээсээ хагацаж, жар гаруй жил яс арьстайгаа хатлаа. Алаг хорвоод хүн алдаж эндэх нь бий. Гэхдээ хүний алтан амиар алдаж боломгүй. Халуун амь хүнд ганцхан удаа заяана. Ганцхан удаа заяадаг аавын хүүгийн алтан амиар тоглоно гэдэг даанч дээ гэж үглэж сууснаа эмгэн гэнэт эхэр татав.

Түүний нүдийг бялхах нулимс гялтганан дусал дуслаар бөмбөрнө. Усан нулимс мэлтэлзсэн эмгэний нүдэнд бурхан тахил үзэгдэхээ болив. Чалхгүй нүдээ чавганц хий л гөлийлгөж, өргөсөн зулынхаа гэрлийг үзэх гэж хичээнэ. Эргүүлсэн хүрднийхээ чимээг сонсох гэж чихээ дөхүүлэн зүтгэнэ. Аль нь ч түүнд үзэгдэж сонсогдсонгүй. Эмгэн өөрийгөө үхсэн юм биш биз гэж гэнэт эргэлзлээ. Үхсэн юм биш үү хэмээн тэр бээр олзуурхаж буй ч юм шиг. Лав л айсан царайгүй. 

Тэгээд чичирсэн дорой авиагаар ахин шивэгнэж гарав: Бурхан минь намайг ивээлдээ аваач. Би одоо үхмээр байна. Өтлөхийн далай гэдэг яасан барагдашгүй бэрх зовлон бэ. Би бас өсөхийн далайг туулахдаа хичнээн ч ланчиг эдлэв дээ. Нөхөр хань минь хүйтэн шоронд нөмөрсөн дээлээ даахгүй болтлоо доройтсон байсан. “Би буруугүй юм чинь нам засаг удахгүй үнэн мөнийг тогтоогоод намайг суллана. Чи минь тэвчээртэй хүлээж бай” гэж надад захисан. Түүнээс хойш бид хоёр уулзаагүй.

Тавин жилийн дараа ам цагаан цаас надад гардуулсан. Надад алга дарам цаас авчирч өгсөн дарга “Намын ач ивээлээр нөхрийн чинь хэрэг цагаадлаа. Нам засагтгялайснаа та одоо хэл. Одоо та эсэргүүний авгай биш эх орончийн гэргий гэгдэнэ. Түмэн олныхоо дунд нүүр бардам алхах аз заяаг энхрий хайрт нам тань олголоо” гэж учир утгагүй хуурамч зулгүй үг урсгахад би гомдож бахардаад уначихсан байна лээ. Хүний амийг нөхөж өгч болдог юм уу? Нөхрийнхөө гэрэл зургийг би насан турш хайгаад олоогүй. Аргагүй шүү дээ эсэргүүний зураг гээд бүгдийг шатаачихсан юм чинь. Ядаж ганц зураг үлдсэн бол үр хүүхэд ач гуч нартаа үзүүлж “Өвөө чинь ийм сайхан залуу байсан юм” гээд хөөрлөж суухгүй юу. Хүнийг ингэж удам угсаагаар нь хорлох гэж?! 

Ардчилал эхэлмэгц “Танай нөхрийг Сонгино хайрханд олон нөхдийн нь хамт бууджээ. Булсан газрыг бид сая тогтоолоо” гээд бөөн хөөр болсон залуус манайд уухилж ирсэн. Надад бол нэгэнт алчихсан юм хаана ч булсан ямар ялгаа байхав. Хөөрүү залуус намайг хөнгөн тэргэнд суулгаад нөгөө газар нь аваачсан. Тэд намайг “хэлмэгдсэн эмээ” гэж хүндэтгэн аль галвын алуулсан нөхрийг минь амь оруулаад надтай уулзуулах гэж байгаа юм шиг хөөрцөглөж байсан. Ханийнхаа хороогдсон газрыг үзсэндээ надад тийм аятайхан байгаагүй. Сонгино хайрхныхаа ноёлох оргилыг би ойрхноос сайн харж авсан. Буудуулахдаа тэр минь энэ оргилыг ширтэж зогссон байх гэж надад санагдсан. Энэ сүрлэг хайрханд дандаа дээж өргөж,хайртынхаа төлөө хорвоог ганцаар туулсандаа би өөрийгөө журамтай хүүхэн явжээ гэж тоосон. Хөшөөг нь босгоно ч гэх шиг. Хөшөө босгоод яах юм бэ? Шувуу л баана биз. Цаазлуулсан хүмүүсийн овоолоостой ясыг үзээд би дахин муужирсан байна лээ. Мэдрэлгүй ойчсон өтөл буурай намайг зурагтаар сэгсийтэл их удаан харуулсан гээд манай хүүхдүүд гомддог юм. Хэр шүү дээ. Насанд дарагдсан ухаангүй чавганц яаж олигтой харагдав гэж. Хүний мууд дурлаад байгаа юм уу яаж байгаа юм бэ одооны энэ хүүхдүүдийн яс чанаргүйг яалтай билээ. Сүржин хуурамч. Ад хөдлөм. Хайрхан минь, цаазлагдсан хүмүүсийн ясыг арзайж хэрзийтэл овоолсноо надад үзүүлээд “Хөөрхий танай нөхрийн яс энэ дотор уг нь байж байгаа шүү дээ. Гэхдээ та нөхрийнхөө ясыг яаж танихав дээ” гээд зурагтын сурвалжлагч хэлэмгий доломгой хархүү аманд орчих гээд намайг зовоож байсныг би муухан мэдэрч “болиод өгөөчээ” гэж гуйх гээд чадаагүй. Бод малынхаас арай урт нарийхан чөмөг шаантны яс нүдэнд өртөхөд дотор аягүйрхаж би дахин ойчих шахаж сандарсан. Түүнийхээ ясыг би хараад яах юм бэ. Түүнийхээ ясыг би таниад яах болж байна. “Чамайг тавь жаран жилийн хойно цагаатгаж Монгол улс хүндэлж эхэллээ” гэхэд түүний минь хөсрий яс баясна гэж үү? Үгүй дээ, монгол хүн ингэдэггүй юм. Энэ бол харийн хүйтэн араншин! Маньд бол доромжлол. Үрэгдсэн нөхрөөр минь дахиад тоглож гарав. Одоо цагийн хүмүүний шинжийг харахад та нар ямар ч хэрэг тарихаас гудийхгүй улс шиг ээ. Айдас төрчихлөө байна. Алдаж онодог хуурамч хорвоо шүү дээ энэ чинь. Хүний амиар л тоглохгүйг хичээ! Анд сайн нөхрөө гүжирдэн гүтгэж буудчаад “Уучлаарай би гэмгүй сайн нөхөр-чамайгаа хилсээр зориуд алж байж улаан оросуудаас итгэл олж авсан юм” гэж буруугаа хүлээснээр нам засгийн нүглийг арилгаж болно гэж үү? Болохгүй байх аа. Ийм юманд монгол хүн хууртахгүй. “Цагаатгал” хөөрч хөөрцөглөөд байх баяр биш. Цагаатгал гэгчээр нүглээ цэвэрлээд дарангуйллаа мөнхлөх гэсэн башир заль.

Эмгэн бурхныхаа өмнө буудуулсан ханийнхаа сүнсийг дуудаж “Чиний минь буруугүйг ард түмэнд зарлаж ёстой юм ёсоороо боллоо” хэмээн уйлж сууна. Сүнстэй нь ярих цагаатгалын алга дарам цааснаас бодиттой. Хайртынхаа сүнстэй уулзан ярилцаж буйдаа итгэх гэж их хүч гаргасандаа эмгэний тавь жаран жилийн тэртээгээс сахил сахисан гэзэггүй шомбон толгой салганана. Эрсэдсэн нөхөр нь сонсохгүй нь нэн харамсалтай. Эр нөхрийн нь сүнс эмгэнд бурханлаг нандин агаад хоосон тусмаа хэн ч халдаж үл чадах агуу эрхэмсэг. Шувууны сангаст будагдсан хүйтэн чулуун хөшөөнөөс сүнс бол хоосон атлаа хавьгүй бүлээндотно өөриймсөг билээ. Зул мандана. Хүрд эргэнэ. Эмгэний нүдний урдуур татсан нулимсан хөшиг аадрын ус шилэн цонх мөргөн буух адил мэлмэрэн гүйлгэнэнэ. Буурай “Үр хүүхэд минь хүний амиар бүү наадаарай” гэх чин сүжгээ хөвчлөн залбираад бурхнаасаа адис авахаар тонгойн мөргөтөл хамар амаар нь цус бүлээн оргиулан их цаанаас садарч ирлээ. Эмгэн өөрийгөө нөхөр шигээ буудуулчихлаа гэж энэхэн агшинд элийрчээ. Харин дараа нь цагаадаж байна гэсэн бодол хөөрхий буурайд төрж амжсангүй. Зөвхөн би үхэж байна. Бурхан минь намайг ивээлдээ аваарай гэж хэлэх гэжээ. Гэвч хэлж чадсангүй. Дуу нь эмгэний цогцсыг орхиод тэнгэрийн хаяа тийш алсран бүдгэрсээр чимээ тасрав.

Эмгэний нүдэнд улаан, ногоон, цэнхэр, улбар олон гэрэл цоргиллоо. Аль гэрлийг дагах ёстойгоо эмгэн “Сонсгоод” судраас сайн мэддэгтээ баярлан нисэв. Би үхжээ. Намайг бурхан минь тосоод аваарай гэж аминчлан шивэгнэнэ. Энэ шивнээ эмгэний сүнс болой. Элэгдэж үжирсэн зовлогоо орхиод түүний гал амь нүгэлт хорвоогоос зугтааж буй нь энэ юмсанж. Ийм орчлонд юун цагаатгал?! Хилс цаазлагдсан хүнд цагаатгалын хэрэг огт байхгүй гэж эмгэнд тэнгэрлэг энэ агшин хэллээ. Цагаатгал гэдэг алуурчид өөрсдийгөө цагаатгаж буй бузар хэрэг мөн гэж энэ агшин бас сануулав. Цагаатгалд алуурчдын залгамж халаа нүглээ нимгэллээ гэж баясахаас бус, хилсээр хөнөөгдсөн хөөрхийс цагаатгуулснаа мэдэхгүй. Ямар ч буруугүйгээ эх орон ард түмэндээ зарлаж бардам буудуулснаар тэд өөрсдийгөө цагаатсан билээ. Түүнээс илүү цагаатгал байдаггүй. Хувийн цагаатгалаа зарлаад, хувьсгалын хурц суманд тархиа зад буудуулаад үрэгдсэн тэдэнд ямар ч нялуурал хэрэггүй. 

Гайхуулж явсан үзэсгэлэн төгс царай. Гудайлгахгүй гэх хатуу андгайтай омголон тэргүүн. Гоолиг бие бялдар. Энэхүү бүх гоо сайхнаа нийтийн өмнө гадаа гудманд шувуу шавдаг хөшөө-чулуу болгон хувиргалгүй монголоороо зайлсандаа тэд олзуурхан одвой. Тэд шавар барималд дүрээ орхих байтугай алтан шарилаа амьтан хооллоод түргэн арилбал буян болно гэдэг номтой монгол хүмүүс байсан юм. Монгол хүнд хөшөө гэгч шаварт хувцастайгаа ойчсон нэгэн босож ирээд олны хөлийн газар өндөрлөсөн тавцан дээр бүхний хараанд өртөн зогсож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Ямартай ч хүйтэн хөх цементэн баримал сүнстэй яавч үл дүйнэ. Лав л гүнгэрваанд залсан бурхан шиг мөргөх хүсэл төрүүлдэггүй.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 28 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 39 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 31 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 39 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 3 цаг 3 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 48 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 30 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 23 цаг 52 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top