x

Сохорт өдөргүй согтууд шөнөгүй

“Масс” гэх үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан болон азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Үүнд би гомддоггүй ичдэг. Бидний харанхуйг олон баримт нотолдог. Би харанхуй массын нийтлэг төлөөлөл болохоор харанхуйгаа таниулах үг надад байлгүй яахав. Харанхуй массын хамгийн адаг-хөгшин би агаад өөрийнхөө муу муухайн зах зухаас бичих тул бусад монгол өөрийгөө болон ард түмнээ гутаалаа гэж надад бүү омогдоорой. Дүнхүү толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг өрөвдөм гэнэн талтай. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд мулгуу монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат хөх инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд-бид өөрсдөө гэгээрсэн масс болохыг чармайсан нь арайдөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг. Сохорт өдөргүй согтууд шөнөгүйг санаж нүдээ нээж ухаанаа сэргээ.

Налайж амьдарсан нүүдэлчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны хурдтай алхаа нийлүүлэхгүй аваас Монгол хаягдлаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишиглүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олдог. Хөл дор хэдэн их наядын баялаг дараастай ч олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах мөнгөгүй бол чулуу шороо баялаг биш. Ямар ч тэнэг мөнгө хүрэхгүй бол эхлээд өөрийн чадах хамгийн төсөр төслийг хөдөлгөж гарын бэл залгахыг урьтал болгоно. Коксжих нүүрсний ордоос Бугатын гангийн аварга үйлдвэр өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Эхний дугаартАрцсуурь Овоот Хөөт гэх олон төсөлд самгардалгүй ганц энэ өгөгдөлд өөрт байгаа бэнчин, хүчээ төвлөрүүлэн зүтгэж мөнгө босгоод, босгосноо үржүүлэх байв. Үржүүлсэн мөнгөөрөө хөлжөөд, дараагийн шатанд коксжих нүүрсээ баяжуулж, төмөр замаа тавьж, хямд тээврээр их хэмжээгээр экспортолж орлого эрс өсөх байлаа. Тэгтэл энэ өгөгдлөөр минь гадаад дотоод шуналын хорон санаа хориод жил тоглочихов. Харанхуй масс чадуулчихлаа. Эрх баригчид эх орноо гэхээсээ илүү ОХУ-д далдуур зүтгэв. Аманд орох хоёр дахь бэлэн шар тос бол 60-70 сая малынхаа мах, арьс, яс, үсийг брэнд болговол эрэлт маш их. Бэлжих хоёр дахь боломж энэ. Төр засаг үүнд мөнгө тоож хаясангүй. Мал өвчтэй. Эрүүлжүүлэхийг хичээсэн бол био комбинатдаа вакцин үйлдвэрлэж хүрэх дорвитой хөрөнгө эхний дугаарт зоригтой оруулаад л бүтэх ажил. Малаас олох асар их валютыг ойшаагаагүй. Бас хажуугаар нь хулхи вакцин байнга импортолж хувьдаа мөнгө “унагах” шуналтай гишүүн-сайдууд гадныхантай хуйвалдана. 

Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй массын яс махны тасархай-эд эсүүд л шалгардаг. Гишүүн-сайд Б.Батзориг “Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй, Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан”. Су.Батболд “Даншиг гэж шашны муухай нэрийг фестваль болгоно”. Ийм л түшээд улсаа хөгжүүлэх гавлаар тодордог. Харанхуй эрх баригчдаар гадныхан тоглодог. Хоёр намын олигархиуд мөнгө олох төслөө хөдөлгөх чадваргүй. Чаддаг нь харанхуй массаа холгож даруй баяжихыг шамддаг. Нийтлэг жишээ банкууд. Банкуудын нууц ноёд-хувьцаа эзэмшигчид нь олигархиуд бөгөөд тэд Их хурал, Засгийн газрыг атгадаг. Тэдний лоббигоор банкны хүү дэлхийд байхгүй өндөр. Хаа ч байхгүй өндөр хүүгээр мөнгө хүүлэхээ хичээнэ үү гэхээс дэндүү эрсдэлтэй зээл авч “шатаж” буй аж ахуй эрхлэгчдээ тэд өрөвдөхгүй. Бас банкаа хоосолж идээд татвар төлөгчдийн мөнгөөр сэлбүүлэх шийдвэр УИХ-аар дуртай цагтаа гаргуулна. Төсвөөс гаргуулсан мөнгөө эргэж төлсөн эсэх сураггүй замхарна. Харанхуй масс сураглах ч сэхээгүй. Арилжааны банкны нууц ноёд гадны банк орж ирэхээс үхэтлээ айна. Хүү багатай хугацаа урт нөхцөлтэй банк гаднаас орж ирвэл зээлдэгч нар тийшээ ханараад өрсөлдөөн үүснэ. Иргэдээ өндөр хүүгээр шулахаас бус өрсөлдөх чадваргүй манай банкны эзэд “Хятад банк орж ирвэл тусгаар тогтнолоо алдана” гэж бачимдана. Монгол залуус хүү бага, хугацаа урт зээлээр босоод ирэхийг бодно уу гэхээс аль улсын банк байх нь тэдэнд асуудал биш. 

Ах нар биднээр хөөрхөн тоглодог арвин туршлагатай. Энэ нь нууц биш ч бид нуудаг. Жилд тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг урд хөрш Орос Монгол хоёроос гадна Австрали Индонез алс холын Америк Канадаас нүүрс авч байхад манай нүүрс зөөх уурхайн төмөр замыг Орос 10 гаруй жил гацааж Монголыг хорлох хэрэг баймгүй. Орос хөршөө хөгжүүлдэггүй гэх Европын ах дүү социалист орнуудын найз нөхдийн үг үнэн байжээ. Хуучраад хаях гэж байсан 1000 ачааны вагоноо шахжээ. Хаяснаас шахсан нь эздэдээ ашигтай. Моралийн элэгдэлд орсон мянган вагоны байнгын урсгал засварт зарцуулах мөнгө шинэ вагоны өртгөөс яваандаа тэгсгээд давна. Энэ бол харанхуй бидний менежмент. Ганц гол ачаа нүүрсээ машинаар маш их зардлаар зөөхийн оронд хямд бөгөөд ихээр тээвэрлэх уурхайн мухар төмөр зам тавих мэдэлгүй атлаа коридор коридор гэж яарна. Коридороор чулуу шорооноосоо ондоо ямар брэндээ европ ази руу гүйлгэж, хичнээн доллар хүүдийлэх гэж яараад байна? Арван жил болоход ганц алд төмөр зам тавьж дөнгөөгүй мөртлөө нефть хийн хоолой ярьж томорно. Манай нутгаар хоолой дайруулбал хамгийн дөт нь мянга гаруй км. Ийм урт хоолой тавих зардлыг манай өмнөөс хэн гаргах вэ? Хөршийнхөө хөрөнгөөрөө тавьж өгсөн хоолойгоос шатахуун хий дураараа зүгээр соруулаад тансаглана гэж төсөөлсөн аятай “Манай нутгаар хоолой тавьсангүй” гэж туних тэнэгүүд олон аж. Үүний оронд нүүрс зөөх төмөр замыг минь бүү гацаагаач гэж сөгдөөч. Эгийн УЦС барих урд хөршийн хөнгөлттэй зээлийг хааснаа нээж өгөөч гэж мөргөөч.

ДЦС V-ыг барих сул газар Монголд 15 жил хайгаад олоогүй нь өндөр үнэтэй О.Дерипаска тэрбумтны эрчим хүчний шахаанаас улбаатай. Таван толгойн ДЦС төслийг З.Энхболд унтраасан. Уг төслийг удирдсан М.Энхсайханыг эх орноо худалдсан хэмээн матсан ч төсөл унтарснаар санаа нь амарч М.Энхсайхан улсаа худалдсан уу үгүй юү гэх матаасаа мартсан. Эх орноо худалдсан дайсныг орхих ёсгүй. Орхисныг бодоход эх орноо худалдаагүй хүнийг гүтгэсэн гэх таамаг үлдсэн юм. “Россети” компани Монголд эрчим хүчний сүлжээ байгуулах судалгаа хийж эхэлсэн бөгөөд уг сүлжээг Монгол нутагтаа барихыг өнгөрсөн оны нэгдүгээр сард зөвшөөрчээ. Урд хөршийн хөрөнгөөр барьж эхэлсэн Багануурын ДЦС-ын тог дэндүү хүчтэй тул Оросоос авдаг цахилгаанд холбовол аваар гарах нууцыг Ц.Даваасүрэн сайд илчилж түр зогсоов. “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн Л.Мөнхбаяр Хятадын арми хянана гээд хөөе гэтэл уг ДЦС-д нэгэнт зарчихсан 512 тэрбумыг төлөх ёстойг мэдээд таг.

Нефть боловсруулах үйлдвэр Энэтхэгийн тэрбум ам. долларын зээлээр барих У.Хүрэлсүхийн зоримог шийдэл гаруут ОХУ-ын “Роснефть” компаний удирдлагууд ирж салбаруудаа манайд нээх ээлжит тулгалтаа хийсэн болтой. Тулгалт хийв гэж яагаад хардав гэвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яам мэдээлэл хийж зориглохгүй бүлх залгисан янзтай “одоогоор мэдээлэл хийх боломжгүй” хэмээн арчаагүйтсэн нь ацан шалаанд орсон байх магадлалтай. Уг нь У.Хүрэлсүх ерөнхий сайд болохдоо бадрангуй л дүрэлзэж байсан сан. Ийм амархан халирах гэж үү. Хэт онгирох шалдаа буух цондон гэх үг зохиолч сэтгэл судлаач нарын дунд явдаг л даа. Ам бардан гуя шалдан гэх ардын үг ч бий. Эсвэл шахаанд орж нефть нэрэх үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам гэх мэт мега төслөө хөдөлгөж чадахгүй болчихоод аргаа барахдаа цаг барж нийгмээ тайвшруулах жүжиг болгов уу? Ерөнхий сайдууд ийм жүжгээр Орос ахдаа цаг хожих боломж олгож ирсэн баргар намтартай. Бас тэгэв үү?.. 2020 он хүртэл том төслүүдээ хөдөлгөхгүй бол тэгжээ гэдэг нь ирэх сонгуулиар батлагдана. 

У.Хүрэлсүх ерөнхий сайд Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замыг эхний дугаарт барих мэдэгдэл хиймэгц ОХУ-ын “Орос төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Белозеров айлчилж Ерөнхийлөгч Х.Буттулгатай уулзав. Наанаа УБТЗ-ын шинэчлэлийг ярьсан гэх боловч цаанаа 267 км төмөр замыг гацаах ээлжит хувилбараа тохирсон байж магадгүй гэх сэжиг дагуулав. Яагаад гэвэл Х.Баттулга, З.Энхболд хоёр 267 км төмөр замд хурц харшилтай. Таван толгой төслийг Хятадтай бүү хамтар гэсэн Дерипаскагийн хатуу даалгавартай хоёр гэдэг. Бас цаана нь Тувагийн нүүрсийг зөөх Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн 780 км төмөр замыг Хөвсгөл Булганы уулс дундуур Сэлэнгэ Орхоны цутгал татуурга дээгүүр сүнгэнүүлэх төсөл энэ зун эхэлнэ. Таван толгойнхоо нүүрсийг 8000 машинаар ахиухан тээж барахгүй заваарахын хажуугаар Хөвсгөлийн хойд хязгаарт орших Овоотын нүүрсийг зөөх 700 гаруй км төмөр зам Эрдэнэт хүртэл тавихаар асар их хөрөнгө хаяж байдаг үгүй мөн янзтай масс шүү. Ийм массыг харанхуй гэхээс яах вэ. УИХ-ын 65, У.Хүрэлсүхийн баг орос ахынхаа зуугаад жил холгосон монжооноос танагтай мултарч дөнгөх үү? Си Жиньпин хамтдаа хожьё гэдэг. Путин юу гэдэг юм бол? Том төслүүдийн гацаа зөөлрөх үү чангарах уу гэх эмзэг хүлээлтэд харанхуй масс зовсон царайгүй. Барилдаад л уралдаад л дуулаад л архидаад л ид шидэд мөргөөд л. Масс харанхуй аваас дуртай нь монждог гэж хэлсэн. Монголчууд монжуулдаггүй гэгээрсэн масс болох тавилангүй гэж үү? Дуучин Жавхлан шиг дүвчигнэвэл ялж, Баабар шиг онолдвол ялагддаг. Баабарын дамжуулдаг барууны шинжлэх ухааны шинэ хандлагыг нулимаад Жавхлангийн тэнгэрлэг онгодонд мөргөдөг масс бол өнөөгийн монгол масс-бид. Амьд бурхан-Богдын шээсэн газрын шороог авч амсахаар булаацалдан өвгөд эмгэдээ гишиглэн гэмтээж асан мухар сүсэгт ХIХ зууны масс гэгээрсэнгүй.

Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүү хамаатан садангаараа гадаадад гарч тансаглах гэнэ. Ингэж ухуулдаг. Ухуулгыг би зөв ойлгосон байгаа биз. Энэ ойлголтоороо би сүүлийн сонгуулиудад саналаа өгсөн. Би пиарчдын бүтээгдэхүүн болжээ. 30 гэр бүлийг би үзэн яддаг. Гэхдээ 30 гэр бүлийн 200-300 хүний толгойг тасалж овоолоод тойрч бүжиглэе гэх улс төрийн тоймч Гантулгын уриалгыг арай дэмжээгүй. Ер нь дөхсөн дөө. Голомт самарч буй новшнуудыг эх орондоо хайртай хэн ч үзэн ядна. Гантулга тоймчтой дуу хоолойгоо нийлүүлэхэд надад юу саад болсон бэ гэвэл ардчилалтай оронд алан хядахыг уриалах үндсэн хуулиараа хориглосон байдаг. Зохиол бичихдээ би үүнийг баримталдаг. Алан хядахыг уриалсан тоймчид хариуцлага тооцох байтугай төөрөгдөлдөө сэтгэц нь гэмтсэн масс түүнийг улам нэрд гаргахыг хараад “дэмждэг байж” хэмээн өнгөрсөн хойно амаа барьж билээ. Өдгөө иргэн би юу эсийг сонсож, юу эсийг үзэж, юунд итгэж, ямар сонголт хийхэд хүрэв? Нэг мэдэхнээ ийм л сэтгэхүйтэй иргэн болчихож. “Би” гэх хар толгойнхоо өмнөөс харанхуй гавлынхаа цараар ярихаас “ард түмэн” гэж гурван сая хүний нэр барьж бурдаг бөх зүрх бүдүүн гэдэс надад заяасангүй.

Оджаргалын босгосон бүтээн байгуулалт бол түүний хөрөнгө бус газрын баялаг гэж З.Энхболд айлдсан. Энэ айлдварын бэх хатаагүй байгаа. Газрын баялаг ард түмнийх учраас Оджаргалын гэх “юм”-ыг ард түмэн булаахад хуульгүй гэсэн үг үү? Булаая гэвэл Ц.Нямдорж, Ж.Батзандан гээд ард түмнийхээ төлөө амиа өгөх лидерүүд бэлэн өндөлзөж байна. Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд тийм биш. Монголчууд дундаас өнгөтэй өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Төрсөн ах дүү хоёр эцэг эхдээ хоёр биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж, өр дундрахгүй. Өөдрөг яваа монголоо монгол нь дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа хүүхэд минь. Төр засаг баяжсан бизнесменээ хардаж хавчих нь гаарав. Үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхөөд Америкт суралцсан бол бүр үзэж чадахгүй болжээ. Энэ юу хэлээд байна Ерөнхийлөгч өө Ерөнхий сайд аа.

Гудманд шүлсээ нулимж буй этгээдэд шаардлага тавиад үз. Шившиг болно. Шаардлага тавьсан чамайг өмөөрөх зоригтон нэг ч гарахгүй. Тэдэнд шаардлага тавих иргэн гарахгүй байгаа нь ялагдахаа мэдээд тэр. Уг нь торгох хуультай шүү дээ. Энэ мэт хориглосон жижиг том заалтыг нийтээрээ тоохгүй зөрчдөг. Бүгд зөрчдөг тул бие биедээ шаардлага тавих эрхгүй болчихсон. Зөрчил нь хэвшил болсон учир биелүүлэхийг шаардсан иргэн ад үзэгддэг.

2000 онд МХЗЭ-ийн ТХ-ны дарга агсан нутгийн дүү Ц.Нарангэрэлд, 

-Дүү минь чи хувийн компани гэж муухай царайлж явснаас танай нам үнэмлэхүй олонх болчихлоо сайд дарга болохгүй яасан юм залуу байж. Эвлэлийн Төв Хорооны дарга, аймгийн намын хорооны дарга явсан чамд удирдах ажлын туршлага байгаа.Чи бол чадна даа гэж үг өдсөн юм. Тэр бээр,

-Ах минь сайд болоход намдаа 40-50 саяыг хандивлах жишиг тогтсон юм байна. Тэгж сайд болсноос тэр мөнгөөрөө бизнес оролдсон нь нэрэнд цэвэр юм гэж билээ. 2000 онд 40-50 сая их мөнгө байв. 

Албан тушаалд мөнгөөр очдог жишиг бараг л гудманд шүлсээ хаях мэт ил хавтгайрч, шаардлага тавивал ад үзэгддэг болсон. Бүгд л шүлсээ хаяж явдаг. Бүгд л мөнгөөр албан тушаалд очно. Үүнийг хэн ч тоохоо болиод “Байдаг л үзэгдэл” гээд зөнд нь орхисон. Мөнгөөр албанд хүрдэг тохиролцоо миний мэдэхийн лав л 18 жилийн тэртээгээс эрчимжсэн болтой. Мөнгөгүй хүн ажилд ороход бэрх уур амьсгал үүссэн. МАХН, МАН-ын санхүүжилтээс энэ авилга угшилтай гэх авч АН дутаагүй. Бараг гүйцэж түрүүлсэн. 

Ингээд намууд хэн нь хэнийгээ хэлэхэв гээд найзан дундаа албан тушаал зарж бэлжээд явж байтал гэнэт АН-ынхан итгэл эвдэж, чандалж нуулгүй хэд хэдэн семинараар хэлэлцсэн мөнгө босгох намын санхүүгийн схемийг маск Доржзодов гэгчээр монтажлуулан цацав. Төрийн албыг зардаг луйварт АН-ын эх оронч тархи гэв гэнэт эмзэглэж, гутамшигт бузар бичлэгт цочирдсон ардчилагч нар өөрсдөө тийм байгаагүй юм шиг тэмцэлд уриалав. 2000 онд нийгмээс холдож гэртээ суусан тэтгэврийн өвгөний чихийг уг нь 18 жилийн өмнө дэлссэн авилгын сүлжээ шүү дээ. УИХ-д үсээ цайтал суусан Ж.Энхбаяр мөнгөөр албан тушаалд очдог явдал байдгийг сонсоо ч үгүй өдий хүрсэн гэж цочирдон дэвхцэж буй нь хаана байсан гишүүн бэ гэмээр. Олонх болсон нам албан тушаалыг мөнгөөр зарж санхүүждэг булхай хэвшил болсныг дээр бичсэн. Бүр нууж хаахаа ч болиод ил задгай цагаандаа гарч хавтгайрсан, хоёр намын хамгийн цэвэр хулгай нь юм хөөрхий. 90 жил дийлдэж үзээгүй егзөр нам муухай хийцлүүлэв ээ. Хулгай илрэхэд би баярладаг. Гэвч илрүүлж буй хулгайч нь чихдүүлж буй хулгайчаасаа аюултай хулгайч бол баярлаж болдоггүй юм байна. Хулгайг шударга хүч илрүүлбэл гүйцэд баярладаг аж. “Намын санхүүгийн схем” гэгч тохиролцоо МАНАН-д шүлс хаяхтай дүйхээр хавтгайрсан үед Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөнгө төлдөг жишгээр мацаагүй цэвэр нэгэн байж болох ч албан тушаалд мөлхөж эхлэхдээ энэ тухай мэддэг байсан нь маргашгүй. 

Ленинээс үүсэлтэй дийлдэшгүй МАХН буюу (одоогийн МАН)-ыг Доржзодов гэгч багтай дээрэмчин нясалчихвал би бас л гүйцэд баярлахгүй “мал” аж. Олон чоно уралцахад тэр нь дийлээсэй энэ нь ялагдаасай гэж уухайлах хэрэг “сүрэг”-т байхгүй. Яагаад гэвэл ялагчаар үлдсэн чононууд “мал сүрэг”-т бас л аюултай. Чоно бол чоно. Төмөр замын далан гэх овоолгод 250 сая доллар булсан, ах дүүсээрээ өөрийгөө тагнуулаад ерөнхий сайдын албыг хууль бусаар авсан, 60 тэрбумын схем гэх мэт гурван өндөрлөгийн булайг адилхан яримаар. 60 тэрбумын буруутанг олж хариуцлага хүлээлгэхдээ олон зуун сая ам. долларын хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан томчуудын дохио зангаагаар шалгаж шийдвэл “Дайсныг чинь идсэн чоно нөхөр болохгүй” гэдэг болно. Шалгах шударга хүмүүсээр хоёр нам дүүрэн гэдэг биз дээ.

Коммунист онолтой намыг тарааж, хөрөнгийг хурааж, суурин дээр нь 1920-иод оноос үүсэлтэй Ардын намыг сэргээн байгуулъя гэж би 1990 оноос олонтаа бичсэн. Тэгтэл өнөөдөр энэ намыг 60 тэрбумын санхүүжилтийн схемээр өөрийн болон өрөөлийн бүлэг хамжаад нуман тулгуурт дарчихав. Насан турш шүүмжилсэн намаа хүнд байдалд даруулмагц өмөөрмөөр болсон нь хачин. Учир нь нуман тулгуурт оруулаад цэвэр ялж буй бүлэглэл коммунистуудын удам-М.Энхболд нараас долоон дор, хоёр гол намыг эрхшээлдээ атгаад 1990 оны өмнөх хөл хориотой мухарт буцааж хаших улс шиг санагдав. Гуравдагч түншүүдийг хөөж, өмнөд хөршийн бараа, хөрөнгө оруулалтыг 1929 оных шигээ хаагаад, нэр нь тусгаар тогтносон НҮБ-ын гишүүн, нэдэр нь томсгосон Тува болгох барьцаа лавшруулж байвал яана. Олон улсын хүчний харьцаа сэжиг хүрэм өөрчлөгдөж байдаг. Тусгаар тогтносон нэртэй ч том гүрний халаасанд толгой мэдэлгүй ертөнцөөс таслагдахын зовлон гамшиг мартагдсан гэж үү? Масс харанхуй бол халаасанд бойтоглох тавилантай. Харанхуй массын захаас хутгахад том гүрний тоглоомын этгээд олдоно. МАН надад хайран бус ч гэлээ 60 тэрбум гэгч авсан өгсөн холбогдогчид тогтоогдоогүй схемээр ялж буй “баатар”-уудад 60 тэрбумаас өөр зорилго байх шиг.

АТГ-ын даргыг даруй хусахгүй бол Ерөнхийлөгч болон түүний шадар туслагч нарын нойр хүрэхээ больсон янзтай. Н.Алтанхуяг самбарт хонгил зураад Баасан авгай гар утсаараа зураг аваад довтолж эхлэв. Ийм хүмүүс гурван сая биднийг удирдаж байна. Тархи ялагдвал нударгаар дийлэх мөрийн хөтөлбөр МАН-ын бага хурал, удирдах зөвлөлөөр зуун хувь дэмжигдсэн бол сэжигтэн яллагдагчаар татагдсан олигархиа АН зуун хувийн саналаар Ерөнхийлөгчид дэвшүүлсэн. Үүнийг нийт хүн амын дийлэнх дэмжсэн. Нам засгийн ажил “ухаан” болохоос “ухамсрын шанаа” биш байлтай. Та нарын гэдсэндээ хөлөө хийлцэх бага хэрэг. Хэн нь ч дийлсэн (бүгд өөдгүй ч бай) адилхан монгол хүүхдүүд. Харин та хэдийн сачий хүрэхгүй өндрөөс эх орныг чинь томсгосон Тува болгохоор хүрхрээд байгаа хорхойтсон баавгай дайрвал яана. Үүнээс айсандаа бичив.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Жамбаа (202.9.43.35)
    Яг үнэн
    2018 оны 09 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 21 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 1 цаг 32 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг 2 цаг 24 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв 2 цаг 32 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль 2 цаг 56 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо 3 цаг 41 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 23 цаг 23 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 23 цаг 45 мин 1924 оны Үндсэн хууль Өчигдөр 12 цаг 07 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв Өчигдөр 11 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар Өчигдөр 11 цаг 49 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна Өчигдөр 10 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ Өчигдөр 09 цаг 09 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ Өчигдөр 08 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв Өчигдөр 08 цаг 48 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө Өчигдөр 07 цаг 42 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг Өчигдөр 07 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Уржигдар 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Уржигдар 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Уржигдар 12 цаг 47 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top