УИХ-ын сонгууль өндөрлөөд жил хагас, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хагас жил өнгөрөв. Иргэдийн нуруу бөхийж, эрх баригчдын нуруу зоолсоор. Сонголтоо хийсэн нь буруудаж, сонгуульдаа бүдэрсэн нь зөвдсөөр жил хагас өнгөрөв. Бурууг ганцхүү эрх барьж байгаа намд тохож, элдвээр зүхсээр ирсэн ч үнэн хэрэгтээ (анх удаагаа биш) сөрөг хүчин болсон АН-д хамгийн их буруу байна. Намын эрх мэдлийг гартаа авсан цөөнх хэсгийн хүсэл шунал ханасан байж болох ч эрх мэдлийн гадна үлдсэн олонхи хэсгийн хүсэл зориг хаашаа хийсч одсон бэ? Намыг шинэчлэх нь нийгмээ шинэчлэхийн үр, үндэс юмаа гэж цээжээ дэлдсэн АН-ын залуу үе хаана явна?
Гаднаас нь харвал АН УИХ-д есөн гишүүнтэй намын бүлэгтэй, намаасаа нэр дэвшүүлсэн Ерөнхийлөгчтэй. Гэтэл уг чанартаа улс төрийн нам байхаа аль хэдийн больсон байна. 2000 онд УИХ-д ганцхан суудалтай (нөгөө талд МАХН-ын 72 гишүүн Ерөнхийлөгчтэйгээ байв) байхдаа ч ийм үхээнц байсангүй. С.Зоригийн аллагад намаараа буруутгагдаж, УИХ-ын гурван гишүүн, Хууль зүйн сайд нь шоронд орчихоод байхад ч АН иргэдийнхээ талд зогсдог байлаа. Тиймээс АН-ыг амьсгал хураасанд хууччуулаасаа илүү шинэчлэгчид нь, хөгшчүүлээсээ илүү залуус нь буруутай. АН-ын залуу үе борвиндоо баастай өтөлж байна.
Худлаа гэвэл эргээд хар. Э.Бат-Үүл 17 жилийн өмнө “Газрыг тариаланчдад” гээд тракторчдын бүхэл бүтэн армийг Эрх чөлөөний талбайд жагсаахдаа АН-ын одоогийн залуусын заримаас нь залуу байлаа. Ц.Нямдоржийн тагнуулын баримтыг дэлгээд цагдаагийн машинд чихүүлж байхдаа Л.Гүндалай тэднээс дүү байв. Харин өнөөгийн залуус камерийн өмнө хөлөрч суугаад улс төр ярьж байна. Попчин, шоучин гэж адлагддаг ч гэлээ С.Ганбаатар шиг Сүхийн талбай дээр долоо хоночих хоншоортой нь алга. Улстөрч гэж улс төр ярьдаг хүнийг хэлдэггүй. Улстөрч гэж нийгмээ дагуулж, давалгаалуулж чаддаг хүнийг хэлдэг. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж улстөрч байсан. С.Баяр ч улстөрч. Эднийг давж гарах улс төрийн лидер АН-ын ч, МАН-ын ч залуучууд дунд одоо хэр нь алга.
Ийм байж АН-ын залуус “ахмадууд арагшаа” гэх нь “Богд уулыг бойтогтой хөлөөр өшиглөх”-өөс ялгаа юун. Лу.Гантөмөр боловсролын тухай мянга яриад, Х.Тэмүүжин хуулийн логикоор мянга лекц уншаад юуг өөрчлөх юм. С.Эрдэнэ Баянголын намыг задгай мөнгөөр худалдаж авснаас юугаараа дээр юм. Адилхан л өөр өөрийнхөө цөөрөмд дуулна. Гэтэл цаана чинь далай гэж юм байдаг. Нийгэм тэр аяраа дуулах дуу, түрэх түрлэггүй хөлсөж байна.
Тийм болохоор АН-ын залуучууд (дийлдгээ л зодож, итгэсэндээ тунидаг нь хүний ёс) нусаа арчаад, гутлаа үдээд гадагшаа харах цаг болж. Тэгэхгүй бол нам чинь чинь сүйрлээ. Нийгэм чинь тэр аяараа нурлаа. Боловсролгүй, харанхуй ч гэгддэг ч бай хар масс руугаа оч, хөрсөн дээрээ буу. Тэд чинь л нийгмийнхээ өнгө төрхийг тодорхойлж байна.
Б.Сэмүүн
2018.01.04
Сэтгэгдэл (2)