Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас хөрөнгийн зах зээлд гаргасан "ЭТТ бонд"-ын захиалга энэ сарын 25-нд дууслаа. Тус компани II шатны захиалгаар 3 эх үүсвэрээс нийт 519 тэрбум төгрөг, 53 сая ам.долларыг татан төвлөрүүлжээ.
Ингэснээр бондын захиалга төлөвлөснөөс 117 хувиар давж биелсэн байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК нь Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Энэ үүднээс өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг энэ оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 9-нд амжилттай зохион байгуулж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжиж байна.
Хоёр дахь транчийн хүрээнд 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй төгрөгөөр илэрхийлсэн болон 2 жилийн хугацаатай жилийн 5.8 хувийн хүүтэй ам.доллароор илэрхийлсэн, нийт 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгосон. Уг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 8 дугаар сарын 19-25-нд хүлээн авснаар арилжааг амжилттай зохион байгууллаа. Тус анхдагч зах зээлийн арилжаанд:
-
264 хөрөнгө оруулагчаас 1,644,711 ширхэг төгрөгөөр илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 164,471,100,000 төгрөгийн үнийн дүн бүхий захиалга,
-
255 хөрөнгө оруулагчаас 133,199 ширхэг ам.доллараар илэрхийлэгдсэн өрийн хэрэгсэл буюу 13,319,900 ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл худалдан авах захиалгыг тус тус ирүүллээ.
2 дугаар транчид оролцох хүсэлтээ илэрхийлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын данс нээх, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хийх болон бусад бэлтгэл ажилтай холбоотойгоор тус транчийн үлдэгдэл үнэт цаасны захиалгыг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний дотор багтаан хүлээн авч, анхдагч зах зээлд арилжих тухай хүсэлтийг үнэт цаас гаргагчийн зүгээс ирүүлжээ.