Монголын Хөрөнгийн бирж "Эрдэнэс Тавантолгой бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан энэ оны Наймдугаар сарын 19-25-ны 10-17 цаг хүртэл ажлын таван өдөрт хүлээн авч арилжааг зохион байгуулахаар боллоо.
Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрөөр "ЭТТ" өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг 3 транч буюу үе шаттайгаар гаргахаар Хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Үүнээс эхний транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа энэ оны Гуравдугаар сарын 30-наас Дөрөвдүгээр сарын 9-нд болж, хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжиж байгаа юм.
Хоёрдахь транчийн хүрээнд ам.доллар болон төгрөгийн хосолсон 200 сая хүртэлх ам.доллартай тэнцэх үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг нийтэд санал болгон арилжих төлөвлөгөөг үнэт цаасны андеррайтер "Бидисек ҮЦК" ХК-иас ирүүлжээ.
Монголын Хөрөнгийн бирж "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасны дагуу захиалгын бүртгэлийн аргаар үнэт цаасны үнийг тогтоон, хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн захиалга нийлүүлэх үнэт цаасны тоо ширхгээс давсан нөхцөлд ирсэн захиалгыг цаг хугацааны дарааллаас үл хамаарч захиалсан үнэт цаасны тоонд хувь тэнцүүлэн хуваарилах юм. Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.