"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ БОНД"-ын анхдагч зах зээлийн арилжаа Монголын Хөрөнгийн биржид амжилттай болсныг СЗХ-ноос тооцоод байна.
Улмаар бондын хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд бондыг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа энэ оны 4 дүгээр сарын 14-нөөс эхлүүлээд байна. Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүсжээ.
Дашрамд мэдээлэхэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн орлогоор баталгаажсан 100,000 төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, хоёр жилийн хугацаатай “ЭТТ Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 9-нд гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч, арилжсан юм.
Үнэт цаасны арилжаанд нийт 973 иргэн, ААН оролцож, 2.7 сая захиалга ирүүлснээр 347.7 тэрбум төгрөг, банкуудын дахин санхүүжилтийн гэрээний дагуу 330 тэрбум төгрөг буюу нийт 677.7 тэрбум төгрөгийн багцын санхүүжилтийг бүрдүүлжээ.