Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгсөн Лантуун дохио ТББ захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулжээ.
Өнгөрсөн зургаадугаар сард тус байгууллагаас Засгийн газрын наадмын тухай тогтоолын "Хурдан морины уралдаан" хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага хүргүүлсэн. Улмаар шүүхээс өчигдөр нэхэмжлэлийг хянан хэлэлцэн Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэжээ.
Шүүхэд ялалт байгуулж, хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоосноор унаач хүүхдийн сэтгэл санаа болон бие махбод, амь насаараа хохирсон нийт хүүхдүүдийн эрхийг сэргээх бүхий л боломж бүрдэнэ гэж Лантуун дохио ТББ-ын тэргүүн У.Ганбаяр мэдээллээ.
171 дүгээр тогтоолын хоёрдугаар заалтад "Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавируснний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай" гэжээ.
Лантуун дохио ТББ-аас “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байна.
Засгийн газраас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 183 дугаар тогтоолоор 171 дүгээр тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийн зорилго хангагдсан ч наадам зохион байгуулах шийдвэрийн улмаас наадамд бэлтгэх хурдан морины уяа сойлго, үсэргээ, уралдааны үед нийт 31 унаач хүүхэд бэртэж, 3 унаач хүүхэд амь насаараа хохирсон харамсалтай баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан.
Иймд хүүхдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байсаар байх тул нэхэмжлэлийн шаардлагыг “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь хэсгийн “хурдан морины уралдаан” хэсэг болон тус тогтоолын 3 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” болгон өөрчилсөн юм.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг өчигдөр эцэслэн шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Засгийн газраас гаргасан 171 дүгээр тогтоол нь хүүхдийн эрхийн зөрчил болохыг тогтоон шийдвэрлэлээ" гэжээ.