x

Б.Мэргэн: Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй

Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгцээ шаардлага юу байсан гэж та хардаг вэ?

-Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын өөрчлөлт шинэчлэлтүүд хийгдэж, 2017 оны Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр шинэчлэлийн хүрээнд хэрэг үйлдсэн этгээдийг заавал барьж хорьдог байхаас илүү үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тохирсон олон төрлийн хариуцлага хүлээлгэдэг болгохыг зорьсон.

Тухайлбал, 2015-2016 оны үед манай улс цагдаагийн байгууллагын нийт алба хаагчдын тооноос давсан хоригдолтой байлаа. Тухайн үед Азидаа 100 мянган хүнд ногдох хоригдлынхоо тоогоор хоёрт орж байсан. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн иргэдээ багтааж, шингээх газраас авахуулаад тэдэнд зарцуулах зардлын хэмжээ нэмэгдэх гэх мэт хүндрэлтэй асуудлууд бий болсон. Хорих шийтгэл оногдуулна гэдэг бол шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр.

Тэгэхээр тухайн хүний хийсэн үйлдэл хүлээлгэж байгаа хариуцлага нь тохирсон байх ёстой учраас хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг шинэ процесс бий болсон. Өөрөөр хэлбэл, иргэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, учруулсан хохирлоо арилгачихсан тохиолдолд заавал хорих ял оногдуулах албагүй. Хорих ял оногдуулсан ч бага хугацаанд хорих ял оногдуулдаг болсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг болоод дөрвөн жил болж байгаа энэ хугацаанд олон мянган иргэний хэрэг хялбаршуулсан журмаар шийдэгдэж байгаа. Нөгөө талаас шүүх, цагдаа, прокурорын байгууллагын ачаалал их байгаа энэ үед богино хугацаанд талууд ойлголцоод хэргээ шийдвэрлэчих юм бол хууль шүүхийн байгууллагын ачаалал төдий хэмжээгээр буурна.

Өнөөдөр нэг цагдаа, шүүгч, прокурор дээр хэдэн зуун хэргийн материал бий. Долоо хоногт 40 цаг ажиллах ёстой гэж байгаа боловч үүнийгээ нугалсан хэмжээний ачаалалтай ажиллаж байгаа. Ийм их ачаалалтай ажиллаж байгаа хүн хэргийг шударгаар шийдүүлэх хэмжээний материал цуглуулж, цаг зав гаргаж чадахгүй учраас хэргээ шийдүүлж байгаа иргэд хохирч үлдэх магадлалтай.

-Бүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр ямар шалгуур хангасан тохиолдолд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх боломжтой вэ?

-Хэргийг хялбаршуулсан замаар шийдэхдээ найман жил хүртэлх ял шийтгэл оногдуулах гэм буруутай үйлдэл хийсэн иргэн хүсэлт гаргаж, прокурор зөвшөөрвөл хялбаршуулсан журмаар шийддэг. Ингэхдээ ямар нөхцөлүүд хангасан байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх, эсвэл барагдуулахаа илэрхийлсэн байх ёстой. Хоёрдугаарт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Үүн дээр маргах ёсгүй. Гуравдугаарт, тухайн иргэний хувийн байдал сайн байх ёстой. Хувийн байдал сайн гэдэг нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, шагнал урамшуулал хүртэж байсан, найз нөхөд хамт олон, багш нараас нь ирсэн хувийн тодорхойлолт сайн зэрэг асуудлууд орно. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэдэг нь хэрэг шалгах хугацааг багасгаж байгаа юм. Үүгээрээ гол ялгаатай.

Өөрөөр хэлбэл, ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх юм бол хийх гэж буй ажиллагаанаас шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа дуустал мөрдөн байцаалт явуулах боломжтой байдаг. Харин хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд хэрэг мөрдөн байцаалтад ердөө 14 хонож, прокурор 72 цагийн хугацаанд хянаад, ажлын тав хоногт шүүх шийдвэрлэнэ. Гэм буруугийн тохиролцоо буюу хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүхийн ажиллагаа явуулдаг олон шат дамжлага үгүй болно.

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой, гэхдээ үл маргана гэхээр өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрнө гэсэн үг үү?

-Гэм буруугаа шалгуулж байгаа хүн зөвшөөрнө гэдэг нь тухайн иргэнийг шууд гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болохгүй. Магадгүй хэн нэгний өмнөөс ч хэрэг хүлээхээр мэдүүлсэн байж болно шүү дээ. Тухайлбал, С.Зориг агсны хэрэг дээр олны танил болох зорилготойгоор “Би С.Зоригийг алсан” гээд өчнөөн хүн ирээд шалгуулж байсан шүү дээ. Тиймээс энэ хүн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн үү гэдгийг заавал шалгана. Гэхдээ богино хугацаанд.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийддэг болсноор хорих ял авах иргэдийн тоо буурсан гэж ойлголоо. Тэгэхээр хорихоос өөр ямар ямар шийтгэл хүлээдэг вэ?

-Гэм буруугийн тохиролцоо буюу хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэж байгаа тохиолдолд хорих, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн дөрвөн төрлийн үндсэн ял бий. Эдгээр дөрвөн төрлийн үндсэн ялаас сонголттой оногдуулдаг гэмт хэрэг бий. Өөрөөр хэлбэл, тэдээс тэдэн төгрөгөөр торгоно, тэдэн цаг нийтэд тустай ажил хийлгэнэ, тэдэн жил хорих юмуу зорчих эрхийг хязгаарлана. Үүн дээр тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг нь хориглох, хөрөнгө хураах гэм мэт тохиолдол бий. Тэгэхээр зөвхөн торгоод өнгөрөх үү, нийтэд тустай ажил хийлгэх үү гэдгийг шүүгч шийднэ. Ингэхдээ тухайн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирлыг нь барагдуулсан эсэх гэх мэт олон нөхцөлийг харгалзан үзэж, сонголт хийх эрх нь шүүхэд бий.

-Хэрэв шүүхийн шийдвэр гарахаас өмнө прокурортойгоо ойлголцож чадахгүй бол яах вэ?

-Гэм буруутай иргэн дээр дурдсан шалгуур үзүүлэлтийг хангаад прокурортоо хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх хүсэлтээ гаргахдаа торгуулийн шийтгэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж бодъё л доо. Гэтэл прокурор “Торгууль оногдуулах нь чиний үйлдсэн буруутай үйлдэлд арай хөнгөн шийтгэл болно, нэг жил хорих шийтгэл оногдуулна” гэсэн шийдвэр гаргаад прокурортойгоо ойлголцож чадахгүй бол хэргээ ердийн журмаар шийдүүлнэ. Харин яллагдагч, порокурор хоёр хоёулаа ойлголцоод тохирсон тохиолдолд шүүх тухайн ялыг л оногдуулна. Шүүхэд ялын хэмжээг нэмэгдүүлэх эрх байхгүй. Харин хасч бол болно.

-Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт нь нэгжлэг хийхэд их хэмжээний гадаад валют олдсон. Гэтэл түүний хэргийг хоногийн өмнө хялбаршуулсан журмаар шийдэж нийтийн албанд томилох эрхийг хоёр жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгосон. Тэгэхээр их хэмжээний авлига, хээл хахуультай холбоотой албан тушаалтнуудыг ийм хэмжээний мөнгөөр торгоод өнгөрөх нь шударга бус биш үү?

- Олон нийтийн анхаарлын төвд байсан авлига, албан тушаалын хэргүүд дээр ийм бага мөнгөөр торгуулиад өнгөрөхөөр үлдсэн мөнгө нь тэдний ашиг юм биш үү гэх мэтээр иргэд шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, тэрбум төгрөгийн авлига авчихаад 50 сая төгрөгөөр торгуулаад таван жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хаслаа гэхээр таван жил гэртээ суухдаа үлдсэн 950 сая төгрөгөөрөө амьдарчих юм байна гэж ойлгодог. Хялбаршуулсан журмаар хэрэг нь шийдэгдсэн ч шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах эрхтэй. Шүүх шийдвэрээ гаргахдаа зөв шийдвэр гаргасан уу гэдэгт л асуудлын гол бий. Дээр дурдсан хүнтэй холбоотой хэргийг нэгэнт хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол хуульд заасан шаардлагыг биелүүлсэн болоод л шийдсэн гэж би ойлгож байгаа. Хэрэв хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй байхад хялбаршуулсан журмаар шийдсэн бол прокурор, шүүгчийн алдаа болно. Энэ асуудал Шүүгчийн сахилгын хороо, Прокурорын ёс зүйн хороогоор шалгагдаад явах асуудал. Ийм асуудалд хэр баргийн шүүгч, прокурор оролцохыг хүсэхгүй л болов уу. Тиймээс тухайн авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотойгоор хэнд, ямар хохирол учирсныг шүүх, прокурорын байгууллага тогтоосон байх. Ингээд түүнийгээ барагдуулсан гэж үзсэн болоод, гэм буруутай этгээд өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хувийн байдал нь сайн учраас л хялбаршуулсан журмаар шийдсэн болов уу. Прокурор ял төлөвлөхдөө, шүүгч хариуцлагыг нь хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, хүлээлгэж байгаа хариуцлага тохирсон байх зарчмаа баримтлах хэрэгтэй.

-Тухайлбал, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон иргэдийн улсад учруулсан хохирлыг барагдуулсан гэдгийг хэрхэн яаж тогтоох юм бол?

-Ямар хэмжээний хохирол учруулсан гэдгийг хохирсон байгууллага өөрөө тогтоох ёстой шүү дээ. Тухайлбал, 100 сая төгрөгийн авлига авснаас үүдэн улсад ямар хохирол учирсан юм бэ гэдгийг холбогдох байгууллагууд нь тогтооно. Тэр хохирлыг гэмт хэрэгт холбогдсон этгээд төлсөн байх ёстой. Тэгэхээр дээр дурдсан дөрвөн төрлийн үндсэн ял дээр албадлагын арга хэмжээ гэж бий. Шүүх шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах ёстой. Үнэхээр гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нь хурааж чадаж байна уу, хэдэн төгрөгийн хохирол учруулж, түүнийг нь яаж барагдуулсан болоод хохирол арилсан гэж үзсэнээ шүүх иргэдэд мэдээлж иргэдийн хардлагыг арилгах ёстой. Мөн хэний ямар эд хөрөнгийг хурааснаа ил тод зарлах ёстой. Зүгээр л хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, тэдэн төгрөгөөр торголоо гэж мэдээлэхээр асуудал үүсээд байгаа юм. Тухайн нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, эсвэл огцом орлого нь өссөн тохиолдолд түүнийгээ тайлбарлах үүрэгтэй. Түүнийгээ хууль ёсны орлого гэдгийг тайлбарлаж чадахгүй л бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт тооцно. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн тооцсон хөрөнгийг заавал хураах зохицуулалттай. Үүн дээр ямар ч сонголт байхгүй хөрөнгийг нь хураагаад ял өгдөг.

-Хохирогч нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхгүй гэвэл хэрхэх вэ?

-Хохирогчийн гомдлыг харгалзан үзнэ. Хохирогчийг огт харгалзахгүй, тохиролцоод явна гэсэн ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэхийг нь шүүх харгалзан үзэхээр хуульчилсан. Тэгэхээр хохирлоо төлөх боломжтой эсэхийг ч харгалзан үзэж, нягталж шийдвэрлэнэ гэж ойлгож болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 27 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 56 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 14 цаг 10 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 15 цаг 0 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 18 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 33 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top