x

Хуульч Н.Ариунболд: Сэтгэл санааны хохирлыг шууд мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг төрөөс тогтоох нь учир дутагдалтай

Хуульч Н.Ариунболдтой ярилцлаа.

-Сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг ХЗДХЯ-наас боловсруулж байгаа талаар мэдээлэл бий. Тэгвэл одоогийн байдлаар манай улсад энэ төрлийн хохирлыг ямар хэлбэрээр шийдвэрлэж байна вэ?

-Хохирлыг арилгах гэдэг нь товчхондоо хохирол учрахаас өмнөх байдал руу буцаан оруулах боломжгүй бол түүний үр дагаврыг мөнгөн хөрөнгөөр нөхөн барагдуулахтай холбоотой харилцаа хэмээн ойлгож болно. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” хэмээн иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан байдаг. Ерөнхийдөө хүний сэтгэл санаа олон хүчин зүйлийн улмаас хохирч, хямарч болно.

Эдгээрийн нэг нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараах, түүнээс үүсэх үр дагаврыг арилгахтай холбоотой харилцаа юм. Иргэний хуулийн 21, 230, 511 дүгээр зүйлд худал мэдээлэл, түүнээс үүсэх үр дагаврыг арилгах харилцааг зохицуулсан байдаг. Харин сэтгэл санаанаас үүссэн хохирлыг хэрхэн үнэлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй бөгөөд үнийн дүнгийн хэмжээг шүүх практикаар шийдвэрлэж байгаа.

Хууль зүйн яамны төсөлд дурдсанаар сэтгэл санааны хохирлын хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн байдал, түүний цар хүрээгээр хэмжинэ гэж үзэж байгаа бололтой юм билээ. Чухамдаа хэлбэрийг бус агуулгыг илүү харж шийдвэрлэх ёстой гэж би хувьдаа үздэг. Жишээлбэл, цөөхөн хүрээлэлд тарсан хэдий ч уг мэдээлэл нь хүний сэтгэл санаанд маш хүчтэй нөлөөлсөн, улмаар сэтгэцийн эмгэгтэй болсон бол яах вэ гэдэг асуулт нээлттэй үлдэнэ.

-Энэхүү хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудлыг тодруулбал?

-Эдийн бус харилцаа ялангуяа хүний сэтгэл санаа түүний хохирлыг үнэлэх нь маш ярвигтай хэцүү асуудал. Хувь хүний сэтгэл санаа, зовлон шаналлыг тухайн хүн өөрөө л мэдрэхээс бусад хүн мэдэх бараг боломжгүй. Телепат харилцаа үүсэх хүртэл шүү дээ. Тиймээс үүнийг шууд мөнгөн дүнгээр тооцох аргачлалыг төрөөс тогтоож өгөх нь учир дутагдалтай.

Хүн өөрийнхөө сэтгэл санааны хохирол, түүнээс үүсэх үр дагаврыг мөнгөн дүнгээр илэрхийлэхэд хэт багасгах, зарим тохиолдолд хэрэгсэхгүй ч болгодог. Манай шүүхүүдэд сэтгэл санааны хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх нэхэмжлэлд маш бүдүүлэг хандаж байгаа.

-Манай улсад өмнө нь энэ төрлийн хохирлыг /сэтгэл санааны хохирол/ хэрхэн тооцох тухай хэлэлцэж, хуулийн төсөл өргөн барьж байсан удаа бий юү?

-Үгүй л болов уу. Иргэний шүүхүүд дотооддоо хэрэглэдэг бололтой нэг зөвлөмж байдаг гэж сонсож байсан. Сүүлийн үед шүүхийн шийдвэрийг шинжээч нар л гаргадаг болсон гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийнхэн хүний сэтгэл санааны байдлыг тодорхойлж болох ч түүнээс үүдэн гарах хохирол, хэм хэмжээг тогтоох учир дутагдалтай гэж үзэж байна.

-Хэрэв хуулийн төслийг баталж, хэрэгжих болбол үүнийг өөрт ашигтайгаар ашиглагч нар гарч ирэхийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь сэтгэл санаагаар хохирсон гэж зарга мэдүүлэх магадлал байна. Үүнийг та хуульчийн зүгээс хэрхэн харж байна вэ?

-Би хувьдаа хуулийн төслийн санааг дэмжиж байна. Чухамдаа бусдын эрх, эрх чөлөөнд халдахгүй байх нь энэ нийгмийн мөн чанар. Тиймээс бусдыг хохироохгүй байхад л болно. Ялангуяа, гүтгэлэг буюу худал мэдээлэл түгээхгүй байх, мэдээллийн эх сурвалжаа нягталдаг байхад л сэтгэл санааны хохирлын өрөнд орохгүй.

-Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж барагдуулах олон улсын жишиг, туршлага ямар байдаг бол. Ер нь эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр нөхөн төлөх эрх зүйн зохицуулалт манай улсын хөрсөнд хэрэгжих боломжтой юу?

-Олон улсад ихэнхдээ гэмт хэрэг түүнээс үүсэх сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал байдаг. Харин манайд байхгүй, бүр хориглох маягтай. Жишээ нь, гэмт хэрэг үйлдэж хүний эд эрхтэнд гэмтэл учруулсан тохиолдолд зөвхөн эмчилгээний зардлаар хязгаарлаж байна. Гэвч үүний цаана насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны шаналалтай үлдэх эрсдэл бий. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх нь чухал.

Ялангуяа, “зөвхөн хуульд заасан бол эдийн бус хохирлыг мөнгөөр арилгана” гэсэн Иргэний хуулийн заалтыг яаралтай хүчингүй болгох хэрэгтэй байгаа юм.

-Чухам ямар арга аргачлалаар хохирлын мөнгөн дүнг тооцох вэ гэдэг нь тодорхойгүй асуудал болоод байх шиг. Мэдээж сэтгэл зүйн хохирлын хэмжээ хүн болгонд харилцан адилгүй байх болов уу?

-Гүтгэлэг буюу бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой гэмт хэргийн бус хохирлын хэмжээг тодорхойлох эрхийг хохирогчид үлдээх нь зөв болов уу. Ер худал мэдээлэлтэй төр /цагдаа/ бус хувь хүн өөрөө л тэмцэж, эрхээ хамгаалж байх нь үр дүнтэй гэж үздэг.

-Сэтгэл санааны гэм хорын хохирол учруулсан буруутай этгээд нь эдийн засгийн чадамжгүй байх тохиолдол гарч магадгүй шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг мөнгөөр барагдуулна гэдэг нэг л хийсвэр ойлголт болоод байх шиг?

-Энэ асуудлыг зөвхөн сэтгэл санааны хохирол дээр ярьдаггүй. Эдийн засгийн чадамжгүй хүн бусдад гэм хор учруулаад нөхөн төлдөггүй тохиолдол цөөнгүй бий. Ялангуяа, залилах гэмт хэргийн хохирогч хохироод л үлддэг. Ингэлээ гээд хууль зүйн зохицуулалтгүй үлдээж болохгүй.

-Манай улсад сэтгэл санааны хохирлыг тодорхойлсон тодорхойлолт байхгүй, зөвхөн нэр төр, алдар хүнд хэмээн ойлгогдохоор хуульчилсан байдаг гэсэн. Үүнийг тодруулж тайлбарлавал?

-Үнэн, дээр дурдсан байгаа. Энэхүү харилцааг бүхэлд нь эдийн бус гэм хорыг арилгах гэж томьёолдог. Иргэний хуулийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн маш бүдүүлэг хэм хэмжээ өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор л байна. Хүний амь нас бол эдийн бус хохирол. Энэхүү хохирлыг нэхэмжлэх эрхийг манай эрүү, иргэний хууль тогтоомж хааж байдаг ба оршуулгын зардлыг л гаргуулдаг жишээний. Гэмт хэргийн улмаас хүний харах эрхтэн гэмтсэн байлаа гэхэд зөвхөн эмчилгээний зардлыг л гаргуулах жишээний.

Гэтэл үүний цаана дахин хэзээ ч сэргэхгүй эд эрхтэн, түүнээс үүсэх сэтгэл санааны хохирол насан туршдаа үлдэнэ. Хохирогчийн тухайд гэмтэн шийтгэл хүлээхээс илүүтэйгээр хохирлыг арилгуулах, арилгах боломжгүй бол мөнгөөр нөхөн төлүүлэх нь илүү чухал байдаг.

-Олон улсад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тодорхойлж томьёолсон байдаг вэ. Үүнийг заавал эдийн засгийн аргаар шийдэх шаардлагатай юу?

-Эрх зүйн тогтолцооноосоо шалтгаалж улс орнууд янз бүрээр шийддэг. Тодруулбал, ОХУ-д “Эрделевскийн” гэх аргачлалыг хэрэглэдэг. Зарим улс энэ төрлийн аргачлалыг ашигладаг байхад зарим нь шүүхийн практикаар үүнийг тодорхойлоод явдаг гэсэн үг. Үүний нэг нь манай улс юм. Сэтгэл санааны хохирлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэдэг байх зайлшгүй шаардлагатай. Учир нь хохирол учруулсан этгээд учруулсан хохирлоо ямар нэг хэмжээгээр хариуцах нь шударга ёсонд нийцэх биз ээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй 10 цаг 16 мин Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 4,960.2 сая ам.долларт хүрч, 0.8 хувиар өсжээ 13 цаг 45 мин Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хөрөнгө оруулагч нарт итгэл төрүүлэхээр зүйл боллоо 13 цаг 59 мин Улс тунхагласан ойн өдөр Төрийн ордонд иргэний андгай өргөв 14 цаг 49 мин "Болор цом 42” наадмын тэргүүн найрагчаар А.Лхагва тодорлоо 15 цаг 7 мин Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна 15 цаг 22 мин Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 11 мин Төвийн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 12 цаг 01 мин Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Уржигдар 11 цаг 09 мин Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв Уржигдар 11 цаг 00 мин Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Уржигдар 10 цаг 37 мин Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн баярын хурал боллоо Уржигдар 09 цаг 52 мин Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 2024-11-25 О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 2024-11-25 1924 оны Үндсэн хууль 2024-11-25 Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 2024-11-25 Энгийнийг ухаалгаар 2024-11-25 “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2024-11-25 Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 2024-11-25 “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 2024-11-25
iИх уншсан
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... 1924 оны Үндсэн хууль Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар З.Батбаяр: Улаанбаатар хот орчмын голын усанд орж болохгүй Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулсан н... Эзэнтэйгээ цуг цаазлуулсан ардчилсан Үндсэн хууль Нэгэн зууны өмнөх түүхт өдрийн учиг Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шү... Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгд... ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов
Top