ХҮН-аас СХД-ийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Найдалаатай ярилцлаа.
-СХД-т явагдах нөхөн сонгуульд ХҮН-аас та нэр дэвшихээр болсон. Танай нам сонгон шалгаруулалтаа хэрэхн хийв?
-Хүн, Зөв хүн электорат эвслийн зүгээс нөхөн сонгуульд өндөр ач холбогдол өгч оролцоно. Бид ханддаг зарчмынхаа дагуу хэн ХҮН-ын гишүүд болон хамгийн гол нь дэмжигчдийн төлөөлөл хэн байж чадах вэ гэдгийг харж нээлттэй шалгаруулалт хийсэн. Ингээд УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрог буюу СХД-т Зөв хүн электорат эвсэл, ХҮН-аас миний биеийг нэр дэвшүүлсэн. СЕХ-нд нэр дэвшигчийн материалаа хүлээлгэн өгчихөөд байгаа. Удахгүй үнэмлэхээ авах байх.
-СХД-т МАН хоёр удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. СХД-т ялалт авчирна гэдэгтээ хэр итгэлтэй байна?
-СХД-ийн иргэд олон удаа ман-ын гишүүдийг 100 хувь дэмжиж ирсэн. 2020 оны сонгуулиар МАН-ын гурван гишүүнийг гурвууланг нь дэмжсэн. Гурвуулаа гурван хүн шиг, гучин хүн шиг ажиллаж чадсан эсэхийг би шүүхгүй. Иргэд нь шүүх байх л даа. Нэг л онцлог байгаа юм. СХД-ийн 28 дугаар хороонд тус дүүргийн хүн амын тал нь амьдардаг. 28 дугаар хорооны 110 мянган иргэн Монгол Улсад ямар өөрчлөлт авчрах, улс төр ямар өнгө аястай байхыг нийт иргэдийг төлөөлөөд шийдэх эрхтэй болж байна. СХД-ийн иргэдийн сонголтоос УИХ-ын өнгө төрх ямар байх нь шууд хамаарна гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн иргэд Засгийн газрын үйл ажиллагаа хангалтгүй, эрх баригчдын үйлдэл, үйл ажиллагаа нь иргэдийн хүлээлтэд хүрэхгүй, гаргасан шийдвэр нь эргэж буцаж байгаа нь бухимдах шалтгаан болж байна.
-Та өмнө нь УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан. СХД-ийн ялгаа нь юу байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд Чингэлтэй, СХД маш төстэй. Иргэдийн амьжиргааны түвшин, эрхэлж байгаа ажил, тулгарч байгаа асуудлыг бүгдийг нь сайн мэднэ.
-Та эдийн засагч хүн. Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэр дундаа эдийн засгаа сэргээхэд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг хэрхэн харж байна?
-Ковидтой улс үндэстэн бүр өөр өөрийн гэсэн арга хэмжээг авч ажиллаж байна. Манай улсын хувьд ковидтой тэмцэж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөв гэж харж байгаа. Гэхдээ Монгол Улсад сүржигнэл нь арай их байна. Юу ч болоогүй байхад ковид дотоодод тараагүй байхад бүх иргэд, бүх бизнесээ хорьсон. Энэ чинь эргээд иргэдийн амьдралд асар хохирол дагуулж байгаа юм. Дотооддоо халдвар тараагүй байхад л сагсны шийдийг хүртэл авч байсан. Барилдахаасаа таахалзах нь гэгчээр их зүйл явж байна.
Дэлхийд вакцинжуулалтаараа тэргүүлнэ гэх зэрэг уралдаанч сэтгэлгээгээр ажиллаад байгаа болохоос цаана нь иргэдийн амьдрал, бизнесийг ковидтой хэрхэн зэрэгцүүлж амьдрах вэ гэдэг тал дээр арга техник дутаж байна. Хоёрдугаарт, Монгол Улс өрөнд баригдсан эдийн засагтай. Маш их өртэй улс шүү дээ. Ковидтой холбоотой асар их өр тавигдсан.
Бид "Сүх далайтал үхэр амар" гэгчээр тайван сууж байгаа хэдий ч цаана нь өч төчнөөн өр нэмэгдчихээд байгаа юм. Яах аргагүй жижиг дунд гэлтгүй бизнесийг дэмжих шаардлага манайд бий. Манай улсад бизнесийг дэмжсэн ямар ч дэмжлэг байдаггүй. Юм хийе, бүтээе гэсэн хүн торгуулдаг, шийтгүүлдэг. Хурган дарга нарын үүдийг сахидаг. Түмэн гарын үсэг дамжиж зуруулах гэж хамаг цаг заваа алддаг. Авлигад идэгддэг бурангуй тогтолцоо манайд бий. Дорвитой их мөнгөөр эдийн засгийг дэмжиж байгаа нь зөв хэдий ч ганц том асуудал байна. Аливаа хөтөлбөр хэрэгжүүлэнгүүт эзэндээ очдоггүй. Арын хаалгаар, даргын сүлжээгээр, намын сувгаар яваад байдаг. 10 их наяд чинь хэн даргатай танил, хэн авлига өгсөн нь зээл авдаг. Ингээд энэ нь нийт монголчуудын өр болоод яваад байдаг. 10 их наядын зээл яг эзэндээ очиж байна уу гэдгийг хянаж шалгаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Иргэд гудамж талбайдаа хүнсээ зарахад зөвшөөрөл аваад түрээс төлөөд татвар төлөх ёстой юм. Цагдаа ирээд хөөхвий, галын байцаагч ирээд хөөхвий гэж айх ёсгүй юм. Гудамжны худалдаа чөлөөтэй байх ёстой. Хандлага нь хуучин социализмын үе шиг байгаа биз дээ. Аль ч улс гудамжны худалдааг жижиг гэлтгүй дэмжээд, томроод ирэхээр нь татвар авдаг. Бид хандлагаа эрс өөрчлөх ёстой юм. Жижиг дунд бизнес эрхэлье гэхээр төрийн шахалтаар ажил нь явдаггүй. Ажил хийх боломжтой байтал халамжаар угжаад байна. Энэ бүхнийг өөрчлөхөд өөр улс төр хэрэгтэй. 30 жил явж ирсэн улс төр энэ хэвээрээ байх юм бол авлигачид хурган дарга нар нь баяжаад тэндээс шимж байгаа нам нь томроод, нам дагасан хэдхэн хүн баяжаад иргэд ажилгүй ядуу орлогогүй болоод байна. Үүнийг л өөрчилмөөр байгаа юм.
-18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт ХҮН нэр дэвшигч тодруулаагүй. Яагаад вэ?
-Нэг нам өнөөдөр ноёрхож байна. МАН болон бусад гэсэн ийм цаг үе улс төрийн орчинд бодитой бий болсон. Ийм тохиолдолд бид бусад намууд, бие даагчдад боломж өгөх нь зүйтэй гэсэн бодлогын шийдвэр гаргасан.
-ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд сайн оролцсон. Энэ удаагийн нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН хэрхэн танигдсанаа харах боломж болов уу?
-ХҮН улс төрийн хоёр дахь хүчин гэдгээ харуулж чадсан. Яах аргагүй МАН-ын дараа саналыг авсан. Санал өгсөн таван хүний нэг нь ХҮН-ыг дэмжиж байна гэсэн үг. Өмнө нь орон нутгийн сонгуулиар 15 төлөөлөгч суудал авсан. Хоёр том намын араас гарч ирж байгаа намууд хэзээ ч ингэж орон нутгийн сонгуульд орж жигдхэн амжилт үзүүлж байгаагүй. Дандаа УИХ-д ганц хоёр хүн гарч ирээд алга болчихдог. Энэ бол ХҮН цаанаа дэмжигчтэй жинхэнэ нам болж байгаагийн нотолгоо. Мэдээж энэ удаагийн нөхөн сонгуулиар иргэд ямар нам, ямар нэр дэвшигчийг хүсч байна гэдэг нь ил болох байх. Хунтайж нарыг хүсээд байгаа юм уу, бие даагч нарыг хүсээд байгаа юм уу, эсвэл шинэ цагийг тодорхойлсон улс төрийн хүчнийг хүсч байгаа юм уу. Эсвэл авлигачдыг хүсэж байна уу гэдгийг СХД-ийнхэн төлөөлөөд үзүүлэх хэрэгтэй болчихлоо.
-Сонгуулийн системд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Монголд сонгуулийн холимог тогтолцоо хамгийн тохиромжтой. Одоогийн олон мандаттай тогтолцоо цөөхөн дампуурсан улсад хэрэглэгддэг сонгуулийн системээр яваад байна. МАН өөрийн намын эрх ашиг сонгогдох эрхийн төлөө ажиллаад байна. Үүнийгээ яаралтай болих ёстой. Монгол Улсад аль нь хэрэгтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй.
Эх сурвалж: Өдрийн сонин