УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Энэ хуульд "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө" гэж заажээ.
Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон, эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд багтсан 57 заалт дахь зөрчлийг өршөөн хэлтрүүлж буй. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Энхболдоос тодрууллаа.
-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн жолоочийн зөрчлийг өршөөн хэлтрүүлсэн вэ?
-Хуулийн хэрэгжилт үргэлжилж байгаа учраас тоон статистик мэдээлэл одоогоор эцэслэн гараагүй байна. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг сольж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2021 оны долдугаар сарын 6-ны өдрөөс хойш 40,300 жолоочийн эрхийг сэргээж, 8800 жолоочийн оноог сэргээгээд байна.
-Өршөөлд хамрагдахын тулд аравдугаар сарын 1-нээс өмнө автомашины торгуулийн 50 хувиа төлөх шаардлагатай. Торгуулийн 50 хувиа төлсөн хүмүүсийн зөрчлийг хэрхэн тэглэх вэ?
-Иргэд torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийхэд торгуулийн мэдээлэл гарч ирнэ. Тухайлбал та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдана. Ил харагдаж байгаа мөнгөн дүн таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэнэ. Хэрэв төлөөгүй тохиолдолд 2021 оны аравдугаар сарын 1-нээс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.
-Иргэн торгуулийн 50 хувиа өнөөдөр төллөө гэхэд үлдэгдэл нь хэзээ өршөөгдөх вэ?
-Бэлэн бус торгууль шалгах цахим системд Зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн 50 хувийн мэдээллийг идэвхгүй болгосон байгаа. Тиймээс иргэн цахим системд ил харагдаж байгаа мөнгөн дүнг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдсэн гэж ойлгох хэрэгтэй.
-Торгууль тэглэх тодорхой хугацаа заасан байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцдог байсан. Өршөөл үзүүлэх тухай хуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль биш Зөрчлийн тухай хууль тусгагдсан учраас 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнөх зөрчлийг өршөөн, хэлтрүүлэх боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2017 оны долдугаар сарын 1-нээс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүмүүст Өршөөл үзүүлэх тухай хууль хамаарна.
-Жилд хэчнээн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж торгуулдаг вэ? Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэдэн хувийг эзэлдэг бол?
-Энэ оны эхний найман сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 18 мянган иргэнд арга хэмжээ тооцоод байна.